Төсвийн талаарх УИХ-ын бүрэн эрхийг хязгаарлах зэрэг зарчмын зөрүүтэй 26 саналыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын долоон Байнгын хороо энэ сарын 02, 03-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, төслийг дэмжсэн.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 18-ны  өдрийн 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Ажлын дэд хэсгүүд хуралдлаа.

Энэ хүрээнд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатараар ахлуулсан Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэг тав дахь удаагаа хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэн, хэлэлцэв.

Улсын Их Хурлын Байнгын хороодын хуралдаанаар төслийн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой сэдвийн хүрээнд гишүүдээс агуулга нь давхацсан нийт 26 зарчмын зөрүүтэй санал гаргасан байлаа.

Байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах, улс төрийн намын чиг үүрэг, үйл ажиллагааны зарчим, төсвийн талаарх Улсын Их Хурлын бүрэн эрхийг хязгаарлах, төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтыг төлөвшүүлэх, Улсын Их Хурлын сонгууль, Улсын Их Хурлын хяналт, шалгалт, хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой Байнгын хороодоос дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй санал бүрийг Ажлын дэд хэсгийн гишүүд  олон талаас нь ярилцаад, дэмжиж буй болон дэмжихгүй байгаа үндэслэл, тайлбараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт, саналын томьёололтой холбоотой санал, дүгнэлтээ Томьёоллын ажлын дэд хэсэгт хүргүүлэхээр тогтлоо.

Энэхүү Ажлын  дэд хэсэгт УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор Д.Гангабаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Амаржаргал,  Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн Д.Ламжав, Монголын Үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ш.Хишигсүрэн, референт Ж.Ганчимэг нар ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)