Төсвийн орлогыг нэмэх “төрийн дарангуйлал”

Амьдралд хэрэгжихгүй, хэрэглэх ч боломжгүй, хэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй хууль олон байдгийн тод жишээ нь Зөрчлийн тухай Монгол Улсын хууль. Уг нь өмнө хэрэглэж байсан хуулийг сайжруулах гэж шинэчилдэг бол манайд тоог нь олон болгох л гэж баталдаг гэлтэй. Олон тэрбум, сая, живаа хүнтэй улс орнуудад өнөөдөр хэдэн хууль хэрэгжиж байгааг гурван сая иргэнтэй Монголын 685 хуультай харьцуулаад нэг үзээрэй.

Хуулийн олноор дэг журам тогтдог, хөгждөг бол манайх Азийн “бар”, “арслан” улс аль хэдийн болчихсон баймаар. Харамсалтай нь, хэрэгждэггүй, хэрэгжүүлэх боломжгүй, хэрэгжүүлэгч нь тодорхойгүй, нэг хууль нь нөгөөдөө тээг саад болох нь олонтоо. Түүний тод жишээ нь дээр дурдсан Зөрчлийн тухай хууль. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр сайн тал байгааг хэлэх хууль хэрэгжүүлэгчид бий. Хүчин төгөлдөр мөрдөж байгаа 240 гаруй хуулийн “хариуцлага” хэсгийг нэгтгэж Зөрчлийн тухай хуульд багтаасан гэдэг. Түүнчлэн 1600 зөрчлийг хуульд тусгасан гэдгийг ажлын хэсгийнхэн хууль батлах үеэр онцолж байсан билээ.

Сайны хажуугаар саар гэгчээр хэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй зөрчлүүд ч бий. Үүнийгээ хууль тогтоогчид засаж залруулахын оронд “сайн хууль” болсон хэмээн магтаад сууж байна. Олон нийтийн эрх ашгийг зөрчөөд байгаа хэрнээ хэн ч хайхардаггүй, хэн ч авч хэлэлцдэггүй олон дадал, зуршил монголчуудад байдаг. Тухайлбал, хашаан дах хогоо шатаах, гудамжинд шүлс, цэрээ хаях, явган хүний гарцгүй газраар зам гарах, хаа таарсан газраа хог хаях гээд зөрчил гэхээсээ илүүтэй амьдралын “дадал зуршил” болсон үйлдэлд хариуцлага тооцохоор өгүүлэн буй хуульд тусгасан ч өнөөдөр хариуцан хэрэгжүүлж буй хүн алга. Явган зорчигч замын цагдаагийн алба хаагчийн нүдэн дээр л гарцгүй газраар зам хөндлөн гарч байхад арга хэмжээ авсан нь бараг үгүй. Гарцтай газраар зам хөндлөн гарч байхад тээврийн хэрэгслийн жолооч дуут дохио өгөн дайрчих шахаж байхад арга хэмжээ тооцохгүй л байна. Гудамжинд гишгэх газар олдохгүй болтол шүлс, нус цэрээ хаяж байхад хариуцлага тооцож буй эрх бүхий албан тушаалтан алга. Орцонд тамхи баагиулж, шүлсээ хаяж байгаа хүнийг хаана ховлож хариуцлага тооцуулахыг иргэд төдийлөн мэдэхгүй. Уг нь хуульд “Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун мянган төгрөгөөр торгоно” гээд заачихсан. Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлалыг тайлбарлахдаа хуулийн төсөл боловсруулагчид “Шийтгэлийн хэмжээг практикт хэрэгжихүйц байлгах зорилгоор зарим зөрчлийн шийтгэлийн хэмжээг одоо хүчин төгөлдөр үйлчилж буй салбарын хуульд заасан шийтгэл, албадлагын арга хэмжээтэй уялдуулан өөрчилсөн. Түүнчлэн, зөрчлийн шинж чанар, давтамж, одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуу

лийн зөрчлийг судлан үзсэний үндсэн дээр зөрчил үйлдэгч этгээдийн санхүү, хөрөнгийн чадавх, зөрчлийн хор уршиг, зөрчлийг шалган шийдвэрлэх субъект зэрэгтэй уялдуулан зөрчилд ногдуулах торгох шийтгэлийн хэмжээг илүү уян хатан, практикт хэрэгжихүйц болгон өөрчилсөн” хэмээж байсан. Тэгвэл өнөөдөр зөрчил гаргагчид ногдуулах торгуулийн хэмжээ амьдралд хэр нийцэж байгааг хууль хэрэгжүүлж буй хүмүүс сайнаар хэлэхгүй л байна. Эрүүгийн хариуцлага хүлээж торгуулах нь зөрчил үйлдэгч болж шийтгүүлэх төлбөрийн хэмжээнээс бараг л бага тусаж байгааг хуульч, судлаач нар хэлж байна. Тэдний өгүүлсэнчлэн зөрчил үйлдсэн иргэдийг торгож буй мөнгөөр улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлдэг нь байж боломгүй үйлдэл аж. Тэгэхээр энэ хууль Төсвийн орлогыг нэмэх “төрийн дарангуйлал”-ын илэрхийлэл гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу.

Зөрчлийн тухай хууль “Эцэг” хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн, шийдвэрлэж, зарим заалтыг нь түдгэлзүүлсэн байдаг. Өдгөө ч хуульчид энэ хуулийн орхигдуулсан, хэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй заалтын талаар Цэцэд гомдол гаргасаар байна. Тухайлбал, мэргэжлийн хяналтын байгууллагад байсан санхүүгийн хянан шалгах албан тушаалтнуудын эрхийг тусгаагүй. Өөрөөр хэлбэл, дарга нар төсвийн хөрөнгийг ямар ч хяналтгүй идэж болно гэсэн үг. Энэ асуудлаар хуульчид Цэцэд гомдол гаргахад хүлээн аваад УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХЗДХЯ-нд хүргүүлсэн байдаг юм билээ. Үндсэн хууль зөрчсөн гэдэг нь тодорхой байгааг нэр дурдсан эрх бүхий байгууллагынхан нь хүлээн зөвшөөрчихөөд, хуульд өөрчлөлт оруулж тусгана хэмээж буй юм гэсэн. Тэгэхээр Зөрчлийн тухай хуулийг эргэн харж, өөрчлөлт оруулах, торгуулийн хэмжээг амьдралд нийцүүлэхийн тулд хууль хэрэгжүүлэгч, шүүгч, прокурор, өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөгч, тусгай эрх бүхий байцаагчдын санаа бодлыг тусгах шаардлагатайг тэд хэлж байна.

Бэлтгэсэн: Г.Цолмон

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Х.НЯМБААТАР: Юу нь болохгүй байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоотой ярих ёстой

Зөрчлийн тухай хуулийг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатараас зарим зүйлийг тодрууллаа.




-Зөрчлийн тухай хуулийг мөрдсөнөөс хойш янз бүрийн санал, шүүмжлэл гарч байна. Уг хуулийг батлахад хамгийн оролцоотой байсан хүний хувьд та юу хэлэх вэ?

-Гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс хүн, хуулийн этгээдийг хамгаалах, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, иргэний өмч, эрүүл мэнд, эрх, эрх чөлөөг хамгаалах хамгийн том хэрэгсэл нь Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль. Эдгээр нь нийгмийн амьдралд хүн бүр тэгш, чөлөөтэй оролцох боломж бий болгодог. 

Энэ хуулийг шүүмжлээд байгаа хүмүүс эхлээд бүрэн уншиж, танилцах хэрэгтэй. Дараа нь чухам юу болохгүй байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй, баримт нотолгоотой ярих ёстой.

Түүнээс амныхаа зоргоор, хуулийн энд тэндээс тасалж аваад шүүмжилж болохгүй. Хоёрдугаарт, криминологийн шинжлэх ухаан гэж бий. Үүгээр гэмт явдал, түүний шалтгаан, зүй тогтол, урьдчилан сэргийлэх арга зүйг судалдаг. Орчин цагийн криминологийн шинжлэх ухаан гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийг бүхэлд нь багтаан, түүнээс урьдчилан сэргийлэх арга зүйг эрэлхийлэх хандлагатай болж байгаа. 1997 онд баталсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль зөвхөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүйг чухалчилдаг байсан. Харин орчин цагт гэмт хэргээс гадна эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлсний үндсэн дээр гэмт явдлыг багасгах, хор хохирлыг нь бууруулахыг зорих болсон.

-Энэ хуулийг хэрэгжүүлснээс хойш ямар эерэг өөрчлөлт гарсан бэ?

-Маш том эерэг үр дүн гарч эхэлсний нэг нь 2018 онд хүн амины гэмт хэрэг 40 хувиар буурсан явдал. Өөрөөр хэлбэл, ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэй зодоон, хүчирхийлэл нь даамжирч ноцтой гэмт хэрэг үйлдэх нөхцөл бүрддэг байсныг Зөрчлийн тухай хуулиар хазаарлаж чадсан. Энэ нь хууль сахиулагчид Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг сайн зохион байгуулж байгаатай холбоотой.

-Уг хуулийн зарим зүйлд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа хэсэг нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Зарим сэтгүүлч гүтгэхтэй холбоотой зохицуулалтыг Зөрчлийн тухай хуулиас хасаж, асуудал үүсвэл иргэний журмаар шийдүүлэх саналаа илэрхийлж байгаа. Үүний цаана нэг талдаа хүний нэр төр, алдар хүнд бий. Үүнийг хамгаалахын тулд Зөрчлийн тухай хуулиар хэм хэмжээ тогтоосон. Сэтгүүлчид хэнийг ч дураараа гүтгэн доромжилж болно гэвэл маш том эндүүрэл. Иргэний эрх зүйн хүрээнд зөвхөн зөрчигдсөн эрхтэй холбоотойгоор эдийн болон эдийн бус хохирлыг барагдуулах шүүхийн үйл явц өрнөдөг. Гэм бурууг Зөрчил шалган шийдвэрлэх болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоодог. Хэн нэгнийг гүтгэсэн, эсэх талаар тайлбар, нэмэлт баримт сэлт цуглуулах, шинжээчийн дүгнэлт гаргуулах, өмгөөлүүлэх эрхээр хангуулах, нэр төр, алдар хүндийнхээ хор хохирлыг барагдуулах гэх мэт цогц ойлголт бий. Европын орнуудад гүтгэх, доромжлохтой холбоотой харилцааг ямар хуулиар зохицуулж байгаа талаар судалгаа хийсэн. Бид дэлхий нийтэд тогтоогүй жишиг, зохицуулалт шаардах ёсгүй. Тиймээс болгоомжтой, хууль зүйн болон шинжлэх ухааны үндэслэлтэй хандах ёстой гэж хэлээд байгаа юм. Мэдээж Зөрчлийн тухай хуулийг боловсронгуй болгох, хийдэл, давхардлыг арилгах нь зүй ёсны хэрэг.

Бэлтгэсэн: Б.Номин

БАЙР СУУРЬ

Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай зүйл, заалт байгаа, эсэхийг холбогдох хүмүүсээс тодрууллаа.

Авлига даамжрах нөхцөлийг бүрдүүлсэн

Ё.БЯМБАТОГТОХ (Хуульч, судлаач)

-Зөрчлийн болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийг үндсэн үзэл баримтлалынх нь хувьд зөвшөөрөх боломжгүй санагддаг. Уг хуульд иргэдийн гаргасан зөрчил бүрт шийтгэл ногдуулахаар заасан. Ингэснээр жижиг зөрчлийг ч гэмт хэрэгт тооцох боломжийг бүрдүүлсэн. Зарчмын шинжтэй уг өөрчлөлт нь маш олон үр дагаврыг араасаа дагуулна. Тухайлбал, зөрчлийг эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэхээр болж, хянан шийдвэрлэх ажиллагаа нь өөрчлөгдөн, иргэд нэхэмжлэгч байснаа хариуцагч болно. Ийм учраас л Зөрчлийн тухай хуулийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зөрчил болгонд ял, шийтгэл ногдуулдаг хуультай улс Монголоос өөр байхгүй л болов уу. Хуулийн өөрчлөлтийг одоо мөрдөж буй зохицуулалтаа сайжруулах гэж хийдэг.

Өмнөх хуулиар мэргэжлийн хяналтын байцаагч албан шаардлага тавьсан, эсвэл торгосон тохиолдолд иргэд гомдолтой бол захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Хэрэв тэдгээр этгээдийн үйлдэл хууль зөрчсөн нь тогтоогдвол уг актуудыг хүчингүйд тооцуулж эрхээ хамгаалдаг. Харин Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр эрүүгийн шүүхээр иргэдийн зөрчил бүхий үйлдлийн бодит байдлыг тогтоох ажиллагаа явуулах учир иргэд гэмт этгээд буюу хариуцагч болно. Харин мэргэжлийн хяналтын байцаагч, прокурор, шүүгч нар иргэдийг яллах талд ажилладаг болсон. Түүнчлэн мэргэжлийн хяналтын байцаагчийн ажиллагаанд эрүүгийн шүүх хяналт тавих боломжгүй. Тиймээс шүүх хяналтын гадна хоцорно. 

Дээрх хуулийн төслөөр прокурор иргэдийн гомдол, мэдээллээр зөрчлийн хэрэг үүсгэх, хянан шалгах, шүүх хуралд яллагчаар оролцох зэргээр хуульчилсан. Мэргэжлийн хяналтын байцаагч прокурорт дарамт, шахалт үзүүлэх эрсдэлтэй гэсэн үг. Энэ нь шууд утгаараа авлига даамжрах нөхцөлийг бүрдүүлж буй хэрэг. Хууль салбарынхаа онцлогийг иж бүрэн агуулж, цогцоор нь системчилж байж зохицуулах чадавхыг нь нэмдэг. Сүүлийн 20 гаруй жилд бүтээсэн хуулийн тогтолцоогоо бид ингэж самарч болохгүй. Захиргааны хариуцлагын тухай хуульдаа зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны зохицуулалтыг л нарийвчилбал хангалттай. Захиргааны эрх зүйн 240 гаруй хуулийг эвдчихлээ. Байгаль орчны салбар 40, татвар гэхэд л 20 гаруй хууль, хэм хэмжээний олон актаас бүрддэг. Уг нь салбарын хуулиудыг зөв голдирлоор хөгжүүлж байсан. Торгууль, шийтгэл, хариуцлагыг тухайн салбарын хуулиудад тусгаж зүйл, заалттай нь уялдуулснаар “амьд” хуулийн тогтолцоо бий болох учиртай.

Хуулийн зохицуулалтыг эргэж харах хэрэгтэй

А.КАДИРБЕК (Өмгөөллийн “Шударга ёсны дэнс” ХХН-ийн өмгөөлөгч)

-Зөрчлийн шинжийг хэт ерөнхий байдлаар буюу аливаа хууль тогтоомжийг “зөрчих” гэж тодорхойлсныг өөрчилж, зөрчил, түүний шинжийг илүү дэлгэрэнгүй тодорхойлсон нь хүн, хуулийн этгээд өөрийн ямар үйлдлийг зөрчилд тооцсоныг мэдэх боломжийг бүрдүүлж, хууль ёсны зарчимд нийцүүлсэн зэрэг дэвшилттэй алхмыг хуульчилсан нь нэг талаар сайшаалтай. Гэхдээ Зөрчлийн тухай хуулийн 3.4-т торгох шийтгэлийн тухай хуульчилсан ба уг хуулийн 3.4.1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр ногдуулахыг торгох шийтгэл гэнэ” хэмээн заасан байдаг. Угтаа бол зөрчил үйлдсэн хүнийг 10 000-20 сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийг 100 000-200 сая хүртэлх төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар хуульчилсан юм.

Гэтэл Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлал нь өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хууль болон нийгмийн тодорхой төрлийн харилцааг зохицуулж буй 220 гаруй хуулиар тогтоосон зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэж, хууль зөрчсөн үйлдэлд харилцан адилгүй хариуцлага хүлээлгэдэг зохицуулалтыг халах зорилготой байсан. Гэвч шинээр мөрдөж буй Зөрчлийн тухай хуулийн торгох шийтгэлийн дээрх зохицуулалт нь хуулийн үзэл баримтлалд огт нийцэхгүй. Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг 40 сая хүртэл төгрөгөөр торгох Эрүүгийн хуулийн заалт бий. Гэтэл зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд 200 сая хүртэл төгрөгийн торгууль ногдуулахаар хуульчилсан нь Эрүүгийн хуулиас давсан Зөрчлийн хуультай гэдгээ илтгэж байгаа юм. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн торгох хуулийн зохицуулалтыг хуулийн үзэл баримтлалтай уялдуулж дахин батлах шаардлагатай.

Иргэдийн халаасыг тэмтрэх зорилготой хууль баталсан

Н.ЧАДРААБАЛ (Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн салбарын ахмад ажилтан, шинжээч)

-Зөрчлийн хуулийн үзэл баримтлал өмнө нь үйлчилж байсан Захиргааны хариуцлагын тухай хууль болон одоо хүчин төгөлдөр мөрдөж буй 200 гаруй хуулиар тогтоосон зөрчлүүд, тэдгээрт хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн, нэгтгэж, цэгцэлснээрээ ач холбогдолтой хэмээн хууль тогтоогчид сурталчилж буй. Энэ хуулийг баталснаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх журмын тухай зэрэг багц хуулийг мөрдөж, төрийн албан хаагчдын хүнд суртал улам нэмэгдэж, хууль хэрэгжүүлэх байгууллагуудын ачаалал өссөнөөс гадна нийгэмд айдас хүйдэс, дарамт үүсгэсэн. Төрийн хуулийн үндсэн зорилго нь нийгэмд шударга ёсны баталгаа болж, дээд албан тушаалтнуудыг “хазаарлаж”, энгийн ардаа халамжлан, эрх ашгийг нь дээдлэх учиртай. Харин Зөрчлийн тухай хууль тийм биш. Зөрчил үйлдэж торгуулсан иргэдийн мөнгөөр улсын төсвийн аравны нэг хувь буюу нэг их наяд төгрөгийг бүрдүүлнэ гэж төсвийн тодотголд суулгасан.

Торгуулиар улсын төсвийг орлуулна гэдэг нь хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлоох зорилготой уялдах, эсэх нь эргэлзээтэй. Нийгэм хоёр туйлд хуваагдсан өнөөгийн нөхцөлд торгууль шийтгэл ядарсан нэгэнд л үйлчилдэг. Төрийн өндөрлөгүүд зөрчил үйлдсэн ч эрх мэдлээ ашиглан торгуулиас мултардаг нь нууц биш. Танхайн гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хасчихаад, бүх зөрчлийг танхай хэмээн үзэж Зөрчлийн хуулиар шийтгэж байхаар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргаж, их хэмжээний торгууль төлөхийн оронд гэмт хэрэг үйлдэж шийтгүүлэх нь хөнгөн болжээ. Энэ хууль бусад хэд хэдэн хуультай зөрчилдөхөөс гадна хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй. Зөрчил шалган шийдвэрлэх хууль хэрэгжихдээ их маргаан дагуулдаг. Иймд хууль тогтоогчид Иргэний, Эрүүгийн, Татварын, Зөвшөөрлийн тухай зэрэг хуулийг хооронд нь уялдуулах шаардлагатай. Нийгмийн дэг журмыг сахиулан хамгаалах талаас нь харвал Зөрчлийн тухай хуулийг хүлээн зөвшөөрч болох ч “юм” болгоныг торгуулиар зохицуулах нь буруу.

БАРИМТ, ТАЙЛБАР

Зөрчлийн тухай хуулийн “зөрчилтэй” баримтуудаас хүргэж байна.

  • Гадаадад ээжтэйгээ олон жил амьдраад ирсэн хөвгүүн үйлдвэр урлалын нэгэн сургуулийн оюутан болжээ. Намар хичээл эхлээд удаагүй байхад ангийнхаа хөвгүүдтэй юунаас ч юм маргалдан, улмаар зодоон цохиондоо тулж. Өнөөх хөвгүүн ганцаараа, ангийн хэдэн нөхөд нь нэг тал болж зодолдож байхад гадаадаас ирсэн хүүгийн хамар хугарчээ. Ээж нь хүүг эмнэлэгт хүргэж, хамар тэгшлэх мэс ажиллавар хийлгүүлсэн байна. Ээж болсон хэрэг явдлын талаар цагдаад өргөдөл гаргаж, гомдол барагдуулна гэж явахад танил хуульч нь “Нэмэргүй байх аа даа. Нөгөө хүүхдүүд танай хүүг хэрүүл өдөөсөн гэсэн юм байна шүү дээ. Тийм бол хүүгийн чинь хамар хугарсан, эсэхээс үл хамаараад буруутаж, хуулийн заалтаар 450 мянган төгрөгийн торгуульд унана” гэж хэлж. Харийн гүрэнд хэдэн жил болсныг хэлэх үү, ийм хууль байдаг, үгүй ч мэдэхгүй ээж танилынхаа хэлсэнд итгэж ядаад, хуулийн зөвлөгөө өгдөг байгууллагад хандахад мөн л энэ маягийн зөвлөгөө өгч гэнэ. Эцэст нь ээж, хүү хоёр ярилцаад гомдол гаргаж, зодсон нөхдөөс мөнгө гаргуулах гэсэн биш өөрсдөө торгуулж давхар хохирох нь гээд чимээгүй байхаар шийдсэн гэнэ.
  • Багануур дүүргийн Татварын хэлтсийн улсын ахлах байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны нэгдүгээр сарын 2-нд “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчил шийтгэл ногдуулах тухай” ¹ 271720016 тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны акт хэмээн үзэх ёстой байжээ. Дээрх байцаагч нар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу “Наранжин” (нэрийг өөрчилсөн) ОНӨААТҮГ-ын 2012-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгасан аж. Шалгалтаар зөрчил илэрсэн гэж үзэн Т.Б, Э.Б байцаагч нар Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн өнгөрсөн оны нэгдүгээр сарын 2-нд нийт 248 947 020 төгрөгийн төлбөрийг ОНӨААТҮГ-т ногдуулжээ. Гэвч тэдний гаргасан акт хуульд нийцэхгүй байсан аж. Учир нь Зөрчлийн тухай хуулийг УИХ 2017 оны тавдугаар сарын 11-нд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг 2017 оны тавдугаар сарын 18-нд баталж, 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөхөөр болсон. Өөрөөр хэлбэл, хууль мөрдөгдөж эхэлснээс хойших харилцаанд үйлчилдэг. Гэвч Багануур дүүргийн татварын улсын ахлах байцаагч нар 2018 оны нэгдүгээр сарын 2-нд татвар төлөлтийн шалгалт хийж 2012-2016 оны зөрчилд хариуцлага тооцохдоо Зөрчлийн тухай хуулийн дагалдах журмыг хэрэгжиж эхлээгүй байхад ашиглажээ. Уг нь дээрх байцаагч нарын, 2012-2016 оны энэ үйлдлийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу шийдвэрлэх ёстой байсан аж.
  • Засгийн газрыг Захиргааны шүүхийн хяналтаас гаргах гэснийх нь төлөө УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг шүүмжилж өөрийнх нь үйлдэлд үндэслэн “утсан хүүхэлдэй”, “хуулийн чeнж” гэж бичсэн сэтгүүлчид хоёр сая төгрөгийн шийтгэл ногдуулсан. Хуульчдын тайлбарласнаар “гутаан доромжилсон”, “худал”, “нийтэд дэлгэсэн” гэх гурван нөхцөлийг зэрэг хангасан тохиолдолд уг заалтын дагуу хариуцлага тооцох ёстой байсан аж. Шинжээч дүгнэлтээ гаргасан ч цагдаагийн ажилтан уг хэргийг өнгөрсөн онд Зөрчлийн тухай хуулийн 6.21-д заасан гүтгэх зөрчил гэж үзжээ. Х.Нямбаатарыг гүтгээгүйг батлах хоёр үндэслэл бий гэж үзсэн шинжээч дараах тайлбарыг өгсөн аж. “Нэгдүгээрт, улстөрч эрх мэдлээ нийтийн ашиг сонирхлын төлөө хэрэгжүүлж буй, эсэхийг нягталсан шүүмжид жирийн иргэнээс илүү хүлцэн тэвчих үүрэгтэй. Шүүгч Х.Нямбаатарт энэ үүргийг нь сануулж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байсан. Хоёрдугаарт, аялдан дагалдаад буй улстөрчтэй нь холбон Х.Нямбаатарыг “утсан хүүхэлдэй” болсноос нь хойш хөрөнгө, орлого нь хэт өссөнтэй холбогдуулан “хуулийн ченж” (өөр гишүүний өгсөн хоч гэдгээр нь эшилсэн) гэж хэлсэн нь гүтгэлэг, эсвэл худал үг биш. Энэ бол баримтад үндэслэсэн үзэл бодол , үнэт зүйлийн шийдвэр” гэжээ.
  • Иргэн Т дэлгүүрээс хөлдөөсөн бууз авчээ. Гэртээ ирж, буузаа жигнэхээр уутыг нь задалтал гэсэж наалдсан байж. Иймээс дэлгүүр рүү буцаж очин бараагаа солиулъя гэтэл худалдагч хүлээж аваагүйгээс түүнтэй маргажээ. Улмаар худалдагч үйлчлүүлэгчийг цохисон байна. Үйлчлүүлэгч ч зөрүүлээд худалдагчийг нудраад авсан гэх. Дараа нь иргэн Т цагдаагийн байгуулагад хандаж гомдол гаргасан боловч Зөрчлийн тухай хуулиар харилцан зодоон хийсэн хэрэгт унажээ. Улмаар хоёул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд заавал үзүүлэх “даалгавар” авсан аж. Үзүүлтэл хэн хэн нь зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн дүгнэлт гарч, тус бүр 450 000 төгрөгөөр торгуулжээ. Түүнчлэн иргэн Т орон нутгийн харьяалалтай гэдгээр 30 000 төгрөг нэмж төлөн хохирчээ.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Цаг хэмнэж, хохирол нөхөгдөх давуу талтай

Баруун Европ, Хойд Америкийн орнуудад Зөрчлийн хууль гэж байдаггүй, харин хуучин социалист орон, тухайлбал, Болгар, Латви, Литва, Польш, Серби, Словени, Хорватад Зөрчлийн хуулиа шинэчлэн мөрдөх болжээ. Бельги, Нидерланд, Герман, Францад салбарын хуулийн хүрээнд, онцолбол, бүс нутгийн хэдэн зуун хуулиар зөрчилд хариуцлага тооцдог аж.

Олонх улсад Эрүүгийн хуулийн хүрээнд аливаа зөрчлийг зохицуулдаг байна. Австри, Италиас бусад Европын оронд зөрчлийн хариуцлагыг хувь хүн, хуулийн этгээдэд тооцдог. Гол шийтгэл нь торгууль. Герман, Португалд зөрчил гаргасан этгээдийн хөрөнгийг хураах нэмэлт шийтгэл ногдуулдаг байна. Харин цагдан хорихыг аль ч улсад хориглодог аж.

Зөрчлийн хуулийн дагуу анхааруулга, сануулга өгч, торгууль ногдуулах нь хуулийг илүү үр дүнтэй сахиулах, хохирлыг нөхөн төлүүлэх, асуудлыг уян хатан шийдэх боломж олгодог гэж олон улс үздэг байна. Мөн хөнгөн гэмт хэргийг мөрдөн шалгах, эрүүгийн шийтгэл оноохоос илүүтэй Зөрчлийн хуулиар шийдэх нь цаг хэмнэж, мөрдөн шалгах ажиллагаа сунжрахгүй, буруутай этгээд гэмээ үгүйсгэхгүй, учирсан хохирлыг нөхөх торгууль төлөхийг зөвшөөрдөг давуу талтай гэнэ. Эрдэмтэн, судлаачид Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн давуу хийгээд дутагдалтай талыг хүлээн зөвшөөрдөг. Энэ хоёр хуулийг сөргүүлэхгүй, гэм буруутай этгээдийг хариуцлагад татахдаа аль ашигтайг сонгож, хууль зөрчихөөс сэргийлэхийг урьтал болгох хэрэгтэй хэмээн үзэж байна.

Төвлөрлийг сааруулах өмнөд хөршийн өөрчлөлтийн хүрээнд Зөрчлийн хууль эхлэл шатандаа хэрэгжиж буй бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлагагүй хөнгөн хэрэг үйлдсэн тохиолдолд бичгээр уучлалт хүсэж, хохирлыг нөхөн төлж, эсвэл захиргааны шийтгэл ногдуулах нь зүйтэй хэмээж буй. Ийм шаардлагын үүднээс Хятадын хууль тогтоогчид Зөрчлийн хуультай болох боломжийг судалжээ. Гэхдээ уг хуулийг гэмт этгээдүүд урвуулан ашиглах боломжтойг анхааруулж байна. Тус улсын Зөрчлийн хуульд гэм буруутай этгээд шүүхээр асуудлаа шийдүүлэхгүй уг хуулийн дагуу зохицуулж болохыг заажээ.

Бэлтгэсэн: З.Амгалан


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)