”Төсвийн орлого бүрдүүлэхийн төлөө бус хуулиа мөрдөж ажиллах ёстой”

МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уулын мэргэжлийн хяналтын хэлтсийн ажил байдалтай танилцах үеэр "Төсвийн орлого бүрдүүлэхийн төлөө бус хуулиа мөрдөж ажиллах ёстой" хэмээн онцоллоо. Учир нь МХЕГ төсөв бүрдүүлэгч байгууллага биш учраас нийт ажлын 30 хувь нь шалгалт, 70 хувь нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслахад түлхүү анхаарч ажиллах болно” гэдгийг нь дахин дахин сануулсан нь энэ. Түүний хувьд нийслэл дэх харьяа хэлтсийнхнийхээ ажилтай танилцахын зэрэгцээ улсын, ахлах байцаагчидтай халуун яриа өрнүүлж санал гомдлыг нь сонсохыг илүүтэй чухалчлав.

Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийнхний хувьд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр өөрийн гэсэн зөөврийн байртай болох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. 24 цагаар ээлжлэн ажилладаг улсын ахлах байцаагчид нь бусад төрийн хяналтын байгууллагынхаа байранд гуйж, зохицож ажилласаар иржээ. Ц.Шаравдорж даргын хувьд “Алийн болгон айлын “амбаарт” гуйж амьдрах билээ. Байцаагчдынхаа ажиллах нөхцөлд анхааралгүй яахав. Энэ асуудлыг бид судалж үзье. Шийдвэрлэх арга замыг нь хайя” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)