"Төсвийн алдагдлыг та нар төл"

...150 ам метр талбайтай орон сууц тансаг хэрэглээ биш л дээ. Нэг хүн олон үл хөдлөх хөрөнгөтэй байхыг л тансаг хэрэглээ гэх байх. Би 150 ам метр ганц байртай, түүндээ амьдардаг. Гэтэл үүнээс бага талбайтай олон байртай, түүнийгээ түрээслэдэг хүн олон. Хэн нь тансаг хэрэглээтэй болж таарах вэ. Амьдарч байгаа ганц байранд нь биш, илүүд нь татвар ногдуулбал шударга болно...

Төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Эдийн засаг хүндэрсэн нөхцөлд зарлагаа танаж, орлого олж болох эх үүсвэрээ нэмэхийн тулд тодотгол хийх нь зүйн хэрэг. Гэвч шийдэл нь зөв байх ёстой. Хэдхэн сарын өмнө дөө. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд эдийн засаг хүндэрсэн учраас хүүхдийн мөнгийг боломжтой айлын үрсэд өгөхөө түр азнаж, зорилтот хэсэгт олгох санал гаргаад МАН-ынханд “хяргуулах” шахсан.

Татвар нэмэх тухай ам ангайх төдийд л тэд энэ санааг няцааж байлаа. Харин өнөөдөр тэд эрх баригч болчихоод хэдэн сарын өмнө эсэргүүцэж байсан “хориг арга хэмжээ”-гээ торох юмгүй авахаар зүтгэж байна.

Төрийн өндөр болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтнуудын цалинг хасахад тэднээс өөр хүн дургүйцэхгүй. Жирийн иргэн би 20 жилийн хугацаатай 35 сая төгрөгийн орон сууцны зээлтэй. Гэтэл 20 жилийн турш төлөх энэ их мөнгө нэг даргын сарын цалин байгаа нь шударга биш. Тиймээс иргэд Ерөнхий сайдын дээрх саналыг дэмжинэ.

Сурлагаа сайжруулж, боловсрохдоо гэхээс илүү шоудаж наргихдаа голдуу зардаг оюутнуудын 70 мянган төгрөгийн тэтгэмжийг хасахад ч асуудалгүй. Энэ мэтээр дэмжих арга хэмжээ байгаа ч зөвшөөрч боломжгүй санал төсвийн тодотголд олон оржээ. Ялангуяа татвар нэмэх замаар алдагдлыг ард түмний халааснаас нөхөхөөр зориглож зүрхэлсэн нь харамсалтай.

Ажил хийдэг хүн бүр нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар төлдөг. Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч болон даатгуулагч тус бүртээ 10 хувиар төлж буй. Тэгвэл эрх баригчид уг татварыг тус бүрийг нь 12.5 хувь болгож, нийлбэр дүнгээр нь таван хувь нэмье гэжээ. Эдийн засаг хүнд байхад иргэдэд юу хэрэгтэй вэ. Ажлын байр, тогтвортой цалин л чухал шүү дээ. Үе үеийн Засгийн газрын гол бодлого нь ажлын байр нэмэх тухай байсан. Гэвч энэ заалтын “тусламж”-тайгаар ажил олгогчдод маш том дарамт учруулахад хүрэв.

Хаа очиж шинээр сонгогдсон МАН-ын гишүүд дотор бизнес эрхлэгч олон учраас зовлонг нь ойлгоод энэ заалтыг эсэргүүцэнэ лээ. Тухайлбал, Ц.Гарамжав гишүүн “300-аас дээш ажилтантай аж ахуйн нэгжид энэ татвар том дарамт болно. Ажилчдынхаа цалинг ч нэмэх боломжгүй” гээд үүний оронд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх арга санал болгосон юм. Түүнтэй ижил байр суурьтай цөөнгүй гишүүн байсан тулдаа баасан гаригийн үдээс хойших чуулганы төгсгөлд Засгийн газар энэ саналаа татаж авахаар болсон.

Харин бусад татварыг нэмэхийг МАН-ын үнэмлэхүй олонхоос бүрдсэн парламент дэмжив. Хэрэв та сард 2.5 сая төгрөгөөс дээш цалин авдаг бол 10 хувь байсан хүн амын орлогын албан татварыг 25 хувиар төлөх болж байна. Мөн 150 ам метрээс дээш талбайд амьдрах хэцүү болох нь. Учир нь талбай харж татвар авахаар төсөлд тусгасан. Үүнийг үл хөдлөх хөрөнгийн татвар гэж нэрлээд буй юм. Ингэхээр ам метрээс нь хамаараад жилд нэг айл 450.000-18 сая төгрөгийн татвар төлөх “өрөнд” унана.

80 ам.метрээс доош талбайтай орон сууц авах иргэдэд л ипотекийн зээл үйлчилсэн. Тэгэхээр орон сууцны зээлтэй олон мянган хүнд энэ үл хөдлөх хөрөнгийн татвар хамаагүй өнгөрнө гэж эрх баригчид тайлбарлах байх. Гэвч бусдыг ажлын байртай болгон, улс орондоо татвар төлж яваа дундаж бизнес эрхлэгчид ч бас амьдралын төлөө зүтгэж яваа. Төсвийн тодотголын төслийг өргөн барьсны дараа бизнес эрхэлдэг нэгэн бүсгүй фэйсбүүк хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэр “150 ам метр талбайтай орон сууц тансаг хэрэглээ биш л дээ.

Нэг хүн олон үл хөдлөх хөрөнгөтэй байхыг л тансаг хэрэглээ гэх байх. Би 150 ам метр ганц байртай, түүндээ амьдардаг. Гэтэл үүнээс бага талбайтай олон байртай, түүнийгээ түрээслэдэг хүн олон. Хэн нь тансаг хэрэглээтэй болж таарах вэ. Амьдарч байгаа ганц байранд нь биш, илүүд нь татвар ногдуулбал шударга болно. Бас 150 ам метрээс дээш орон сууцтай хүмүүст найман хувийн зээл олгодоггүй. Үүнийгээ зээлээр авсан хүн банкуудад жилд 16-18 хувийн хүү төлдөг юм шүү” гэжээ. Улсаас ямар ч дэмжлэг авалгүйгээр зүтгэж ирсэн энэ хүмүүс ийнхүү бухимдахаас ч яах юм.

Үүнээс гадна тодотголын хүрээнд хадгаламжийн хүүгээс татвар авна, ОАТ-ыг нэмнэ гэж буй. ОАТ-ыг архи, тамхи, шатахуун, автомашинаас авдаг. Том мотортой машины татвар нэмэгдэх сургаар зах дээр машины үнэ өсөж эхэлжээ. Наймаачид “Есдүгээр сарын нэгнээс татвар нэмэгдээд машин улам үнэд орно шүү. Тэрнээс өмнө амжиж аваарай” хэмээн сануулж байх юм. Архи, тамхины үнэ ч бас өснө. Энэ бол монголчуудын түгээмэл хэрэглэдэг бараа. Тэгэхээр иргэдний халааснаас гарах зардал нэмэгдэнэ гэсэн үг. Ийнхүү татвар нэмэх сургаар олон хүн хямарч, бас бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Засгийн газраас оруулж ирсэн уг төслийг “харгис, хариуцлагагүй” хэмээн тодотгосон байна лээ. Тэрбээр “Орж ирсэн төсөв үнэхээр хариуцлагагүй байна. Эдийн засаг хүнд үед төсвийн алдагдлыг ард түмний халааснаас нөхнө гэдэг нь буруу. Төсөвт зөвхөн иргэдийн цалин, тэтгэмж, шимтгэл, эзэмшиж байгаа хөрөнгийн татварыг нэмэх тухай л тусгажээ. Эдийн засаг хүнд байна гээд алдагдлыг ард түмний халааснаас нөхнө гэдэг буруу” хэмээн ярьсан.

Муу л бол захын хар овоохой гэдэг шиг асуудал үүсвэл л энгийн иргэдийнхээ халаас руу гараа хийж, “Алдагдлыг та нар төл” гэж буй нь шударга бус. Үүний оронд дэд сайд гэх мэт илүү орон тоогоо цомхтгож, өөр боломжит ямар гарц байгааг хайж олбол яасан юм бэ. Сонгуулийн үеэр өгсөн олон сайхан амлалтынхаа эсрэг үйлдэл хийж амьдралыг минь хүндрүүлээд өг гэж та нарт итгэл үзүүлээгүй байлтай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)