Төсвийн “авлига”

Төсөв тойрсон бантан дуусахгүй нь. Манай сонин өмнө нь төсвийн хөрөнгө оруулалтын зардал өмнөх жилүүдийнхээс гурав дахин нэмэгдэж, 1.2 их наяд төгрөгт хүрснийг шүүмжилсэн. Олон улсын зах зээлд ашигт малтмалын үнэ өсөхийн хэрээр эдийн засагт үзүүлэх гадаадын нөлөөлөл сайжирч байгаа ч төсвийн хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр нэмэх нөхцөл хараахан үүсээгүй гэдэгтэй хэн ч санал нийлнэ.

Засгийн газрын өр “тааз”-аа цөмлөөд, дээшээ талийж өгсөн байхад УИХ хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэх алдагдалтай төсөв баталсаар байгаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын амнаас хамгийн их унасан “Бүсээ чангалах” гэсэн үг мартагдаж, харин төсвийг 30 хувиар тэлэв.

Төсвийн төслийг нягталбал нэмэгдэгдээгүй зардал тун ховор. Монгол Улс үнэхээр 9.6 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх чадалтай юу гэдэг асуултад Сангийн яамныхнаас бусад нь эргэлзэж байгаа.

Бас уул уурхайн салбарын орлого 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, гурван их наядад хүрнэ гэж Монгол Улсын санг барьж, сааль сүүг нь бэлтгэж буй хүмүүс төсөөлжээ. Тэд 44 сая тонн нүүрс экспортолно гэж тооцож байгаа. Ингэхдээ нүүрсний үнийг 75.9 ам.доллар байна гэж чамгүй өндрөөр тооцсон. Тэгвэл энэ салбарын мэргэжилтнүүд мачийгаад мачийгаад 38 сая тонн нүүрс экспортлох хил гааль, тээврийн боломж бий гэж ярьж байна. Цаана нь үлдсэн зургаан сая тонн нүүрсийг яаж хил давуулах вэ.

Гаалийн хяналтыг сайжруулахаар нүүрсний экспорт нэмэгдэнэ гэж Сангийн яамныхан таамаглажээ. Бид зургаан сая тонн нүүрс ямар ч бүртгэлгүй, татвар хураамжгүйгээр хил давуулаад байсан хэрэг үү. Уул уурхайн салбараас гурван их наяд төгрөгийн орлого олох нь үнэхээр эргэлзээтэй.


...Энэ нь цаашлаад 2019 оны төсвийн төсөлд ихээхэн анхаарал хандуулж буй Ерөнхийлөгчийн түвшинд “өндрөө авч” яригдах нь тодорхой болсон учраас Сангийн яамныхан өөр зам сонгохоор шийджээ. Ингээд хуваарилсан мөнгөнд нь таарсан ямар төсөл, арга хэмжээ авах вэ гэсэн саналыг аймгуудаас асуусан гэнэ. Нөгөөдүүл мэдээж тооцоо судалгаагүй, санаандаа орсноо л Сангийн яамныханд бичиж өгсөн нь гарцаагүй. Ингээд төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалт тооцоо судалгаагүй, зураг төсөл арга хэмжээний жагсаалтаар “сунахад” бэлэн болох нь тэр...


Төсвийг томоор харсан ерөнхий дүр зураг ийм. Тэгвэл доторхыг нь онгичвол бас бус завхрал ил болох шинжтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “Төсвийн хөрөнгө оруулалтыг 400 орчим төсөл, арга хэмжээгээр нэмэгдүүллээ.

Тэдгээр нь ямар ч зураг төсөлгүй барилга байгууламж байна” гэж ярьсан. Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт 400 орчмоор “сунах” нь нэгэнт тодорхой болжээ. Үнэн хэрэгтээ төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмээгүй гэнэ. Гэхдээ л зураг төсөлгүй барилга байгууламжууд гэдэг бол анхаарлын гадна орхиж болохгүй асуудал.

Төсвийн хөрөнгө оруулалтыг зураг төсөлгүй барилга байгууламжаар нэмж буй түүх ийн эхэлсэн. “Улсын төсвөөс орон нутгийн хөрөнгө оруулалтад 2019 онд 189 тэрбум төгрөг тусгав.

Төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 2018 оноос эхлэн анх удаа аймгуудад улсын төсвөөс хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хуваарилсан. 2018 онд нийт 59 тэрбум төгрөгийг аймгуудад хуваарилсан бол 2019 онд 189 тэрбум төгрөгийг хуваарилахаар төсвийн төсөлд тусгалаа” гэж “Монгол Улсын нэгдсэн төсөв-2019” номд бичсэн байгаа.

Энэ мөнгийг аймаг бүрт эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр 8-10 тэрбумаар хуваарилах шийдлийг Сангийн яамныхан гаргасан. Өөрөөр хэлбэл, 21 аймгийн удирдлага тус бүр үндсэн төсөв дээрээ нэмээд 8-10 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын шинжтэй арга хэмжээнд зарцуулах эрхтэй болно гэсэн үг.

Энэ жилд 21 аймагт 59 тэрбум төгрөг хуваарилж байж. Тэгвэл энэ тоо ирэх жил гурав дахин нэмэгдсэн нь тэлсэн төсвийн төрхийг илтгэх нэг жишээ юм. Энэ бол яг юуг санхүүжүүлэх нь тодорхойгүй мөнгө. Аймгийн удирдлагууд хайнга хандвал гарын салаагаар савируулаад л дуусна.

Орон нутгийнхны хариуцаж бариулсан зам гүүр, гудамж талбай төсвийн хөрөнгийг хий дэмий үрсэн, хэдэн жилийн настай ажил болох үзэгдэл түгээмэл. Тиймээс орон нутагт салаагаар савируулах мөнгө өгөх нь учир дутагдалтай юм.

Машин гарч болохгүй шахам нарийхан гүүр, ганц жил болохгүй хонхойж, хотойн ус тогтдог шороон зам орон нутагт өчнөөн тааралддаг. Төсөвт өртгөөс нь хулгайлчихаар “тахир татуу” бүтээн байгуулалт болох нь дамжиггүй. Өр ширэндээ баригдсан Монгол Улсад ийм цамаан зан гаргах эрх бий сэн бил үү.

Нөгөөтээгүүр орон нутагт олгох мөнгийг гурав дахин нэмсэн нь сонгуулийн оноо цуглуулах “авилга” юм. Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар ийм бүтээн байгуулалт хийлээ гэж ярихгүй бол орон нутгийн засаг ноёд иргэдээсээ үнэлгээ авахгүй байж мэднэ.

Жижиг гол дээр гүүр барих, худаг гаргах, зарим нэг зам, давааг завсарлах нь тэдний хувьд ажил хийсэн болж харагдаж, нэр хүндээ өсгөх сайхан боломж. Бас тэдэнд дундаас хулгай хийх боломж олгодгийг дурдахгүй өнгөрч боломгүй.

“Монгол Улсын нэгдсэн төсөв-2019” номд бичсэн “Төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх” гэсэн үг бол сайхан халхавч. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийнэ гээд мөнгө цувчуулсан тохиолдол өчнөөн бий. Тэрхийн цагаан нуурын экологийн тэнцвэрийн судалгаа хийнэ гэж тендерт ялсан компани 50 сая төгрөг халааслаад сураг алдарсан бодит жишээ байна.

Олж илрүүлээд, онгичиж үзээд байвал ийм тохиолдол бишгүй бий гэдэгт эргэлзэх хэрэггүй. Сангийн яам орон нутгийн удирдлага эрхээ хэрэгжүүлээд, төсөл санхүүжүүлэг гээд мөнгийг нь шилжүүлчихнэ. Ямар төсөл, хэдэн төгрөгөөр хэрэгжүүлж, хэр үр дүн гаргасан гэдгийг асууж шалгаадаггүй. Ийм учраас нутгийн “ноёд” найрлачихдаг.

Олонхын бүлгийн зарим гишүүн ямар төсөл хэрэгжүүлэх нь мэдэгдэхгүй их хэмжээний мөнгийг орон нутагт хуваарилах нь буруу гэсэн байр суурь илэрхийлсэн. Энэ нь цаашлаад 2019 оны төсвийн төсөлд ихээхэн анхаарал хандуулж буй Ерөнхийлөгчийн түвшинд “өндрөө авч” яригдах нь тодорхой болсон учраас Сангийн яамныхан өөр зам сонгохоор шийджээ.

Ингээд хуваарилсан мөнгөнд нь таарсан ямар төсөл, арга хэмжээ авах вэ гэсэн саналыг аймгуудаас асуусан гэнэ. Нөгөөдүүл мэдээж тооцоо судалгаагүй, санаандаа орсноо л Сангийн яамныханд бичиж өгсөн нь гарцаагүй. Ингээд төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалт тооцоо судалгаагүй, зураг төсөл арга хэмжээний жагсаалтаар “сунахад” бэлэн болох нь тэр.

Төсвийн хөрөнгө оруулалт тооцоо судалгаанд үндэслэсэн, иргэдийн хүсэлтийг харгалзсан, нийгэм, эдийн засгийн үр ашигтай байх ёстой. Энэ бол зарчим. Ямар ч тооцоо судалгаагүй, зураг төсөлгүй, нийгэм, эдийн засгийн үр ашиг нь тодорхойгүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээс яагаад татгалзаж болохгүй гэж.

Аймаг бүрт 8-10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх гэж улайраад байгааг сонгуулийн өмнөх “авлига” гэж хардахаас өөр арга алга. Хэрэв 192 тэрбум төгрөгөөр санхүүжилт хийхээс татгалзвал төсвийн алдагдал нэг их наяд төгрөг болж буурна.

Монгол Улсын шинээр тавих өр 192 тэрбум төгрөгөөр багасна гэсэн үг. Гэсэн ч эрх баригчдад төсвийн зарлагыг бууруулах сонирхол огт алга. Тэд төсвөөр “авлигадаж”, айсуй сонгуульд ялах оноо цуглуулахаар нэгэнт шийджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)