Төр үүргээ биелүүллээ, иргэд амиа бодохоо аядна уу

Шинэ төрлийн коронавирусний тархалт улам хүрээгээ тэлж, 170 гаруй улсад 220 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Монгол Улсын Засгийн газраас эх орондоо ирэх хүсэлтэй гадаадад хүнд нөхцөлд байсан иргэдээ авч ирэх ажлыг зохион байгууллаа. Энэ бол Монгол төрийн хийх ёстой ажил, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг.

Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу БНСУ-аас 244, Германаас 137, ОХУ-аас 94, Япон улсаас 253, Туркаас 253 иргэнээ хүлээн авсан. Тухайн иргэдийг ажиглах, тусгаарлах байруудад хуваарилах ажлыг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулсныг Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлсэн юм.

Харамсалтай нь энэ долоо хоногт КОВИД-19 халдвараар зургаан шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүгд тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд байсан юм. Үүнтэй холбоотойгоор халдвар авсан иргэдээ авч ирж, эх орондоо амьдарч байгаа иргэдээ эрсдэлд орууллаа гэх шүүмжлэл нийгмийн сүлжээгээр хэсэг шуураад өнгөрлөө. Зарим улс төрийн өндөр албан тушаалтнуудын амнаас ч ийм үг унаж байхыг сонслоо.

Энэ үйл явцад төр болон халдвар авсан иргэдийг буруутгах ямар ч үндэслэл шаардлага байхгүй. Төр үүргээ биелүүллээ, үүнд ундууцаж алтан цагаа хомслож төр болон халдвар авсан иргэдээ элдвээр гоочилж суугаа иргэдэд амиа бодохоо аяд гэж зөвлөмөөр байна. 

Өдрийн хоол, хоногийн буудлын мөнгөө яах вэ гэсэн иргэд эх орон элэг нэгтнүүдийгээ зорих нь зүйн хэрэг. Иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгаагийн нэг илрэл.

Иранчууд халдвар авсан иргэдээ эмнэлэгтэй нь түймэрдэж, Италичууд хөгшчүүлээ эмчлэхээс татгалзаж, Европын зарим улс орнууд гадаад иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдэж байна. Харин Монгол улс хилийн чандад хөл хоригдож, тэнгэрийн хол газрын хатууг мэдэрч яваа иргэдээ авч ирье гэж шийдээд ажил хэрэг болгож байгаад талархах ёстой. 

Харин одоо төрийн байгууллагууд нь хууль дүрмээ зөрчихгүй, иргэд нь төрөөс тавьж байгаа шаардлага зөвлөмжийг ягштал биелүүлснээр дэлхий дахинд цар тахлын хэмжээнд хүрээд байгаа энэ аюулт өвчнийг хохирол багатай даван туулах боломжтойг мэргэжлийн байгууллагуудаас сануулж байгааг энд уламжилъя.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)