Төр, төрсөн үрдээ хаягдсан ахмадууд

Тэтгэвэрт гараад юу хийх вэ. Өндөр хөгжилтэй орны ахмадууд аялалд явна, эсвэл тэтгэврийн мөнгөөрөө жижиг ч болов хувийн бизнесээ эхлүүлнэ гэх байх. Харин манай ахмадууд тэтгэвэрт гараад “гэрийн буг” болдог гэхэд хилсдэхгүй. Монгол Улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь тэтгэврийн насныхан. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 нь эмэгтэй. Тэтгэврийн хэдэн төгрөг нь хоногийн хоолноос нь хэтрэхгүй. хөдөлмөр эрхлэх боломжийг нийгэм хаачихсан. Ингэж хэлж буй нь учиртай. 10-20 хүртэл жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол эрэгтэй 60, эмэгтэй 55 настайдаа өндөр насны тэтгэврээ хувь тэнцүүлэн тогтоолгодог. 50-60 настнууд эрүү, өвдөг нь нийлэх шахсан хүмүүс биш. Тэд хөдөлмөр эрхлэх, хувийн бизнесээ эхлүүлэх боломжтой. “Ажил хийе гэхээр насаар гологдоод байна. Жижүүр, харуул, манаачийн л ажил олдох юм. Хөгшин хүн байтугай залуу хүнд ч ажилд олдоход хэцүү болсон бололтой. Манай хүү Солонгост долоон жил амьдарсан. Биеийн тамирын багш мэргэжилтэй, гарын эв дүй сайтай, солонгос хэлтэй. Гэвч Монголд ирээд гурван жил болсон ч ажилд ороогүй л байна. Олон цаг ажиллуулчихаад цалин бага өгдөг, шаардлага өндөр гээд байх юм. Нийгэм ийм байхад над шиг ахмадуудад ажил олдоно гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй ижил.

Харуул, манаачийг нь хийе гэхээр өвлийн хүйтэнд олон цаг дэмий гээд хүүхдүүд зөвшөөрөхгүй байна” гэж Чингэлтэй дүүргийн XVII хорооны иргэн Ш.Батболд ярилаа. Ахмадуудын ажил хийх эрх энэ мэтчилэн зөрчигддөг. Нөгөө хувийн бизнесээ эхлүүлэхийг бүр яриад ч хэрэггүй байх. Хүүхдийн сургалтын төлбөр, байрны мөнгө гээд тэтгэврийн зээлд хамрагдчихна. Манай улсын нийт ахмадын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй. Ингээд бодохоор хувийн бизнесээ эхлүүлэх нь мөрөөдөл төдийхөн болж таарах нь. Ажил хийдэггүй тэдэнд мөнгө олох арга бараг байхгүй. Нэг жишээ дурдъя. БНСУ-д ахмадуудын олонх нь цаасан хайрцаг түүж “халаасны мөнгөтэй” болдог. Тэнд дахин боловсруулах хог хаягдлаа өндөр үнээр авдаг тул ахмадууд ийн түүж зардаг юм. Дээрээс нь хог хаягдал дахин боловсруулах компаниуд нь өөрсдөө ирж ачаад явдаг. Харин манай хөгшчүүл ийн цаасан хайрцаг түүвэл орон гэргүй, гудамжныхаараа дуудуулаад барахгүй өндөр үнээр ч зарж чадахгүй. Байрны гадаах саравчинд сууж, шатар, даалуу, хөзөр тоглож л цагийг өнгөрөөх юм даа. Үр хүүхдээ зөв хүмүүжүүлсэн нь улсаас тусламж гуйлгүй өтлөхийн цагт жаргаж гадаад, дотоодоор аялж, хувийн бизнесээ эхлүүлэх л байх. Төр, засаг нь ахмадаа анхаардаггүй юм гэхэд төрсөн хүүхэд нь тойглох ёстой бус уу. Харж хандах нь битгий хэл тэтгэврийн хэдэн төгрөгийг нь зээлж аваад хаяад явдаг хүүхдүүд ч цөөнгүй.

Чингэлтэй дүүргийн иргэн Н гэртээ шатаж нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 10-нд гарсан. Хөлөө тайруулж тэргэнцэрт суудаг тэрбээр гэртээ ганцаараа амьдардаг байж. Өндөр настан, дээр нь тулгуур эрхтний бэрхшээлтэй тул шөнө босож гал түлж чадахгүй. Тиймээс халаагуур залгадаг байснаас болж цахилгааны богино холболт үүсэж, гэр нь шатсан бололтой. Энэ мэтчилэн үр хүүхдэдээ хаягдаж, үлдсэн амьдралаа хоног тоолон өнгөрөөх ахмад цөөнгүй. Уг нь бол Ахмад настны тухай хуулийн 6.4-т “Ахмад настан үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, гэр бүлийн гишүүдээс туслалцаа, дэмжлэг авах эрхтэй”, Гэр бүлийн тухай хуулийн 10.3-т “Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ” гэж заасан байдаг. Харин эрх ярьж цээжээ дэлддэг залуу үеийнхэн эцэг, эхээ асрах хуулиар хүлээсэн үүрэгтэй гэдгээ мэддэггүй нь харамсалтай. Өндөр настныг үр хүүхдээс нь гадна өөр хүмүүс асарвал “шагналтай”. Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.3.-т заасны дагуу “Тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэнд асаргааны тэтгэмж олгоно” гэж заажээ. Тиймээс үр хүүхдэдээ хаягдсан хөгшчүүдийг зөвхөн асрах төвд хүргэх албагүй. Хэрэв хамаатан садан, дотно нэгэн байвал багахан ч гэсэн асаргааны тэтгэмж авах юм.

Тэтгэвэрт гарсан ахмадуудад зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлдэг, эсэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны албаны хүнээс тодрууллаа. Тус яамны Ахмад настны хөгжлийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Бат-Эрдэнэ “Манай яамнаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Ахмад настны тухай хуулийн хүрээнд “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа. Ахмад мэргэжилтнүүдийн ажил, хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлж, тэдний мэдлэг, ажлын туршлагыг өвлүүлэх, зөвлөн туслах, залуу үеийнхэнд хөдөлмөрийн дадал олгох чиглэлээр ажиллуулж, орлогын дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн өнгөрсөн оны хоёрдугаар сард ахмад мэргэжилтнийг түр ажлын байраар хангах, хувиараа өрхийн үйлдвэрлэл, аж ахуй эрхлэх сонирхол бүхий ахмадуудад санхүүгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн. Хөтөлбөрт 1072 ахмад настныг хамруулж, нэг тэрбум 488 сая төгрөг зарцуулсан. 800 ахмад настан мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд ажиллах бөгөөд 672.2 сая төгрөгийн цалин авна. 272 ахмад настанд эргэн төлөгдөх 816 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Уг хөтөлбөрт 2018 онд 1527 хүн хамрагдаж, нэг тэрбум 163 сая төгрөгийн цалин авсан. 1561 ажлын байр бий болсон” гэлээ. Ямартай ч эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүгийн дэмжлэг олгодог болжээ.

Нэгэнт төр, төрсөн хүүхдүүд нь тоодоггүй хөгшчүүд асрамжийн газрыг зорих нь тодорхой боллоо. Харин манай улсын асрамжийн газар өнөөдөр ямар түвшинд байна вэ. Нийгмийн халамжийн тухай хуулийн 19.1-т заасны дагуу асрамжийн газар төрөлжсөн, ахмад настны, хөгжлийн бэрхшээлтэй иргэний, хүнд нөхцөлд байгаа 18 хүртэлх насны хүүхдийн, гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийн гэсэн үндсэн дөрвөн төрөлтэй. Одоогийн мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу тэжээн тэтгэх хүүхэдгүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие, эсхүл тэжээн тэтгэх хүүхэд нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэйн улмаас дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй болох нь тогтоогдсон, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй ахмад настан, мэргэжлийн үйлчилгээ, тусгай нөхцөл шаардагдсан, ганц бие хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулах ажлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хуулийн хүрээнд хариуцан зохион байгуулдаг аж. Манай улсад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг найм, зардлыг хэсэгчлэн санхүүжүүлдэг нэг, хувийн хэвшлийн хоёр асрамжийн газар ажилладаг. Асрамжийн газрын ажилтнуудын бүрэлдэхүүнд эмч, сувилагч, асрагч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, үйлчилгээний ажилчид багтдаг. 2013-2016 онд ахмад настны эмч 10, сувилагч 21-ийг мэргэшүүлэн төгсгөсөн нь аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажилладаг аж. Гэвч ачлалгүй үр хүүхэддээ хаягдсан ахмад настанд асрамжийн газрынхан сэтгэл гаргахгүй л байх. Тиймээс үр хүүхэд нь эцэг, эхээ хайрлах ухамсартай баймаар.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)