Төр нийгмийн зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбалын тухай түүхэн кино бүтээнэ

УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, “Хүмүүн” фильм хамтран Монгол Улсын түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, сэргэн мандалтыг гардан гүйцэтгэсэн Маршал Ю.Цэдэнбалын амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” гэх уран сайхны киног бүтээхээр болсноо өнөөдөр мэдээллээ. Яруу найрагч Ж.Мөнхбат нь уг УСК-ны зохиолыг бичиж, ерөнхий продюссерээр ажиллах юм байна.

Ж.Мөнхбат: "Энэхүү уран бүтээлд Монголын түүхийн хагас зуун жилийг үзүүлэх бөгөөд хорьдугаар зууны Монголын түүхэн дэх хамгийн хүнд сорилтуудтай тулгарч байсан чухал үйл явдлууд тусгагдах аж. Тухайбал "1939 оны Халх голын дайн, 1940 оны Дэлхийн хоёрдугаар дайн, түүнд монголчуудын оруулсан хувь нэмэр, 1945 оны чөлөөлөх дайн, 1945 оны тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулга, Арьс өнгөний өвчинтэй хийсэн тэмцэл, Соёлын довтолгоо, НҮБ-д элссэн, Атар газар эзэмшсэн, үйлдвэржилт, бүтээн байгуулалт, соёл урлаг, шинжлэх ухаан хөгжүүлсэн, хилийн хэлэлцээр хийсэн, Сансарт ниссэн гэх мэт түүхэн чухал ач холбогдох бүхий олон үйл явдлыг тусгана. Түүнчлэн манай киноны 35-40 хувь ОХУ-д явагдана. Тухайн үеийн түүхэн удирдагчид болох хүмүүсийн дүрд гадны чадварлаг жүжигчдийг урьж тоглуулах юм. Жишээ нь Сталин, Хрущев, Брежнев, Горбачев, Мао Зедун, Ж.Неру, Жуков, Фидель Кастро, Ким Ир Сен, Филатова, Молотов, Важнов гэх мэт 50 гаруй гадаад хүмүүсийн түүхэн дүр бүтээгдэнэ" гэлээ.

УИХ-ын гишүүн, яруу найрагч Ж.Мөнхбат, “Хүмүүн” фильм хамтран өмнө нь "Долоон бурхан харвадаггүй", "Бүү март" зэрэг түүхэн хоёр кино бүтээсэн билээ. Киноны зураг авалт энэ гуравдугаар сараас үндсэн ажил эхэлж энэ оны сүүлч гэхэд дэлгэцнээ амилуулна гэж төлөвлөж байгаа юм байна.




Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (27)