Төрөөс кино урлагийн салбарыг дэмжиж ажиллана

Киноны тухай хуулийн төслийг хэлэлцээд, хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Кино үйлдвэрлэлийг дэмжих, кино үзвэрийн сүлжээг үндэсний хэмжээнд сэргээх, кино урлагт эдийн засаг санхүүжилтийн орчин бий болгох, гадаадын кино уран бүтээлчид Монгол Улсын нутаг дэвсгэрт кино үйлдвэрлэл явуулахад гааль, татвар болон эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Түүх, соёл, байгаль, ахуй амьдрал, үндэсний зан заншил, өв уламжлалыг дэлхий дахинд сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх шинэ гарц бий болгох боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсад кино үйлдвэрлэж байгаа гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад оруулсан хөрөнгийнх нь 40 хүртэлх хувийн урамшууллыг  Киног дэмжих санд хуримтлагдсан хөрөнгөөс буцаан олгох, кино урлагт хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн дотоод, гадаадын байгууллага, хувь хүмүүс, хөрөнгө оруулагчдад эдийн засаг, татварын урамшууллын оновчтой механизмыг нэвтрүүлэх зэрэг зохицуулалтыг хуульд тусгажээ.

Киноны тухай хууль батлагдан гарснаар Төрөөс кино урлагийн талаар баримтлах бодлого чиглэл тодорхой болж, кино урлагийн салбарт эрэлттэй байгаа нарийн мэргэжлийн боловсон хүчнийг гадаадын хөгжингүй орнуудад сургах, мэргэшүүлэх, үндэсний кино дэлхийд өрсөлдөх боломж нээгдэнэ. Мөн Монгол Улсаа дэлхийд таниулснаар аялал жуулчлал болон бусад салбарт хөрөнгө оруулалт татахаас гадна киноны салбарт тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)