Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байв. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн /2014.12.19/ чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн
төслийн анхны хэлэлцүүлгийг хийн, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн бөгөөд энэ өдрийн хуралдаанаар санал хураалтыг үргэлжүүллээ.

Санал хураалт явуулах үеэр гишүүд томьёолол тус бүрээр нухацтай ярилцсан. Бага боловсролыг эх хэлний суурь чадамжийг эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвших үе хэмээн хөгжүүлнэ хэмээн төсөлд тусгасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Сурагчдад монгол хэлний суурь чадамжийг эзэмшүүлэх талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, монголд сурч буй хүүхдүүд эх хэлээ сайн сурахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, эх хэлээ төгс мэдэж байх нь тусгаар тогтнолтой ч холбоотой хэмээн хэлсэн юм.  Боловсролын Кембрижийн стандартыг нэвтрүүлсэн нь сурагчдын монгол хэлний чадамжид нөлөөлж байна гэсэн ташаа ойлголт яваад байна хэмээн Ажлын хэсгийн гишүүд тайлбарлаж байлаа. Кембрижийн стандартын дагуу боловсрол олгоно гэдэг нь бүх хичээл англи хэлээр явагдана гэсэн үг биш гэж тэд хэлсэн. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ олон улсад хүлээн зөвшөөрөгддөггүй байдлыг халж, сурагчид бүх хичээлийг олон улсад ямар түвшинд судалдаг вэ, тэр жишгээр судлан, төгсөөд аль ч оронд очсон боловсролын гэрчилгээ нь хүлээн зөвшөөрөгддөг түвшинд хүргэх нь Кембрижийн стандартыг нэвтрүүлэхийн ач холбогдол нь юм хэмээн Ажлын хэсгээс тодотгосон.

Тогтоолын төсөлд, Ерөнхий боловсрол нь 12 жилийн тогтолцоотой байна. Бага боловсролыг тав, суурь боловсролыг дөрөв, бүрэн дунд боловсролыг гурван жилд эзэмшүүлнэ гэж томьёолсон нь логикийн хувьд алдаатай байна гэж Ө.Энхтүвшин гишүүн хэллээ. Ингэж томьёолбол суурь боловсролыг шууд дөрвөн жилд эзэмшчих юм шиг харагдаад байна. Суурь боловсролыг дөрвөн жил гэж тасалж болохгүй, суурь боловсролыг есөн жилд эзэмшинэ гэж томьёолох нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Ажлын хэсгийн гишүүд ч түүний саналыг хүлээн авч томьёоллыг өөрчлөхөөр тогтсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр багш нарын хүйсийн харьцааны талаар мөн хөндөж ярилцсан. 2014-2015 оны хичээлийн жилд хийсэн судалгаагаар цэцэрлэгийн багш нарын 98 хувь, ерөнхий боловсролын сургуулийн 81.2 хувь, их, дээд сургуулийн 61.5 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж. Тиймээс багш нарын хүйсийн тооны харьцаанд анхаарч, багш бэлтгэх тогтолцоог бодлогоор зохицуулах нь зүйтэй гэсэн саналыг Ажлын хэсэг оруулж иржээ. Байнга эмэгтэй багштай харьцсаар байгаад эрэгтэй хүүхдүүд эмэгтэйлэг болж байна гэсэн яриа гадуур байна гэж Д.Сарангэрэл гишүүн хэлсэн бол Ц.Нямдорж гишүүн эрэгтэй хүмүүс цэцэрлэгийн багшаар ажиллаж чадна гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн. Харин санал хураалтаар эрэгтэй багш нарыг бэлтгэх асуудлыг бодлогоор дэмжих асуудал гишүүдийн дэмжлэгийг авсан. Гишүүд ийнхүү хэлэлцээд зарчмын зөрүүтэй 20, найруулгын чанартай 10 саналын томьёоллоор санал хураалт явуулан тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ.



 



 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)