Төрөлт бага зэрэг өссөн ч эндэгдэл нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр улсын хэмжээнд 2018 оны 11 сарын байдлаар 70.5 мянган эх амаржиж, 71.0 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3130-аар, амьд төрсөн хүүхэд 3164-өөр нэмэгдсэн байна. Төрөлтийн хувьд 2015 оноос огцом буурч эхэлсэн ч энэ оноос тогтворжиж байгаа нь сайшаалтай. Гэвч энэ сард 34 хүүхэд эндсэн гэх харамсалтай судалгаа гарсан байна.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2018 оны эхний 11 сард 941 болж, өмнөх оны энэ мөн үеэс 18 тохиолдол буюу 2 хувиар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1188 болж, өмнөх оны мөн үеэс 64-өөр нэмэгдсэн байна. Нялхсын эндэгдэл энэ оны арваннэгдүгээр сард 76 болж, өмнөх сараас таваар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 100 болж, өмнөх сараас гурваар тус тус нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Эхийн эндэгдэл 2018 оны эхний 11 сард 18 болж, өмнөх оны мөн үеийн түвшинд байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар эх болон хүүхдийн эндэгдэл Монголд буурахгүй байгаа шалтгааныг агаарын бохирдолтой холбон тайлбарласан. Мөн Эрүүл мэндийн яамны удирдлагуудын зүгээс амаржих газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар сайжруулах шаардлагатай байгаа нь дээрх судалгаа харуулж байна.

Г.Тэмүүлэн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)