Төрсөн хүүгээ амиа хорлоход хүргэсэн эцэгт ял оноов

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх иргэн З-д холбогдох, бусдыг амиа хорлоход хүргэсэн хэмээн тус дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүгдэгч З 2018 оны арваннэгдүгээр сарын 7-нд төрсөн хүүгээ “Хичээлдээ явсангүй, чамайг ална” гэж утсаар ярьж сүрдүүлсэн бөгөөд 10 настай хүү гэрийнхээ цонхоор үсэрч амиа алджээ. Хэргийг шалгах явцад иргэн З өмнө нь нэг бус удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хэрэг гарахаас жилийн өмнө Зөрчлийн хуулийн дагуу шийтгүүлж байсан аж. Тухайн үед талийгаач хүүд аюулын зэргийн үнэлгээ хийхэд “Ааваасаа айдаг, зоддог, хамт байх дургүй” гэж хариулсан гэнэ. Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас иргэн З-ыг Эрүүгийн хуулийн 10.4-1 дэх хэсэгт заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэнийг тус дүүргийн шүүхэд хэлэлцээд гэм буруутайд тооцож, хоёр жилийн хугацаагаар хорих ял ногдуулсан байна. Сэтгэл судлаач нар гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртсөн хүүхдэд амиа хорлох бодол төрж, оролдлого хийдэг гэдгийг онцлон анхааруулсаар байгаа билээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)