Төрийн өмчийн компанийн удирдлагуудын цалинг 30-60 хувь бууруулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Төрийн өмчийн компанийн удирдлагуудын цалинг 30-60 хувь бууруулна

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоож, нэг сарын цалин хөлс нь  5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая  төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулахаар болов. Мөн эдгээр албан тушаалтны урамшууллыг олгохдоо  үр дүнгийн гэрээний биелэлттэй сайтар уях, байр орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг бусад их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгохыг зогсоолоо. Мөн энэ шийдвэртэй холбогдуулан  цалин, урамшуулал, гадаад дотоод томилолт, тавилга эд хогшил худалдан авах  зэрэг одоо зарцуулагдаагүй байгаа зардлуудыг улсын төсөвт татаж авахаар болов. Мөн цаашид төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн удирдлагын цалин, урамшууллыг ТУЗ-ийн төвшинд шинэчлэхийг үүрэг болголоо.   

Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулав

Монгол Улсын Хөгжлийн банк байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт, төслийн сонгон шалгаруулалт, төслийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Шалгалтын дүн болон цаашид авах арга хэмжээний талаарх саналаа 2016 оны 9 дүгээр сарын 10-ны дотор Засгийн газарт танилцуулахыг ажлын хэсэгт даалгалаа. 

Зарим аж ахуйн нэгжид нэг хувийн орлогын албан татвар ногдуулах хуулийн төсөл боловсруулна

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг баталлаа. Баталсан үзэл баримтлалын дагуу хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Сангийн сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгалаа. Засгийн газрын хуралдаанаас баталсан үзэл баримтлалаар бол жилийн 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй  борлуулалтын орлоготой  нэр бүхий салбарын аж ахуйн нэгжид 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар хуулийн төсөлд тусгаад байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)