Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг татан буулгая

Хуучин Төрийн өмчийн хорооны суурин дээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг байгуулсныг бид мэднэ. Энэ агентлаг Ерөнхий сайдын мэдэлд байдаг. Тус агентлагийн цахим хуудсыг нээгээд үзвэл өнгөрсөн оны аравдугаар сарын 2-нд ахмадуудаа хүлээж авсан тухай мэдээлэл хамгийн сүүлд нийтэлжээ. Түүнээс хойш бүхэл бүтэн улирал өнгөрч байхад нэг ч шинэ мэдээлэл нийтлээгүй нь сонирхолтой. Өмнө нь энэ агентлагийн цахим хуудсанд төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, ашигтай ажиллуулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл байсхийгээд гардаг байлаа. Агентлагийг удирдсан хүмүүс баримталж буй бодлого чиглэлийнхээ талаар хэвлэлд мэдээлэл өгөхийг харж байв. Тэгвэл одоо таг чиг болжээ.

...Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг татан буулгаад, төрийн өмчит компаниудыг салбарын яамдад нь хуваарилах хэрэгтэй. Ингэвэл салбараа өөд нь татах гэсэн сайдууд авч үлдэхийг нь үлдээд, хувьчлахыг нь хувьчлаад цэгцэлчихнэ...

Аливаа зүйлийн хандлага жижиг зүйлээс мэдрэгддэг билээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар төрийн өмчит 100 гаруй компанийн эд хөрөнгө, менежментийг хариуцаж ажилладаг. Тиймээс ажил ихтэй агентлаг баймаар. Гэтэл ямар ч мэдээлэлгүй дүлий дүмбэ оргисон байдал нь ажил хийхгүй байгааг нь харуулж буй хэрэг бус уу. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар 2016 онд томилогдон ажиллаж байсан Ц.Ням-Осор төрийн өмчит компаниудыг цэгцлэх бодлого хэрэгжүүлж байлаа. Тэрбээр төрийн өмчлөлд 100 хувь байлгах, хувьчилж болохгүй, стратегийн компаниудыг ялгасан. Мөн хувьцааг нь хөрөнгийн зах зээлд арилжих замаар хэсэгчлэн хувьчилж, үйл ажиллагааг нь сайжруулах компаниудыг ч тодорхой болгосон юм. Ингээд зогсохгүй төрийн өмчит байх шаардлагагүй, 100 хувь хувьчлах компаниудыг ч нэрлэж, Засгийн газраас шийдвэр гаргуулахаар ажиллаж байсан.

Төрийн өмчит компаниудын дийлэнх нь ашиггүй ажилладаг, УИХ-ын сонгууль бүрийн дараа эрх баригч намын гишүүдээр хүний нөөцөө бүрдүүлж, тэд нь олигтой менежмент хэрэгжүүлдэггүйг иргэд мэддэг болсон. Тиймээс учир мэдэх олон хүн төрийн өмчит компаниудын заримыг хувьчлахыг дэмждэг. Энэ бол нийгмийн зөвшилцөлд нийтээрээ хүрсэн ойлголт. Гэтэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын сүүлийн үеийн удирдлага төрийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх талаар ажил хийсэнгүй, ам ч нээсэнгүй. Төр олон чиглэлд бизнес хийж, хувийн хэвшилтэй өрсөлдсөөр байна. Чөлөөт эдийн засгийн нийгэмд энэ нь хоцрогдсон арга барил, хандлага.

Энэ агентлаг төрийн өмчийн менежментийг сайжруулах бодлого хэрэгжүүлэхгүй бол байлгаад байх нь зөв үү. Санаачилга гарган ажиллах учиртай төрийн институц нь гар хумхин суухаар хөгжил урагшлах уу. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар төрийн өмчийг бүртгэхээс өөр ажил хийхгүй бол агентлагийн статустай байлгах хэрэг байна уу. Татан буулгавал яасан юм бэ. Төрийн өмчийн бүртгэлийн газар гэсэн нэр өгөөд Сангийн яамны харьяанд оруулчих хэрэгтэй. Засгийн газрын шийдвэрээр энэ жил Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Худалдан авах ажиллагааны хэлтсийг нь салгаж, шинэ агентлаг байгуулсан. Одоо тэдний хийх ажлын хүрээ хумигдаж, зөвхөн бүртгэл нь л үлдсэн. Бодлого, төлөвлөлт гаргахгүй байгаа учраас ингэж дүгнэх нь зүйтэй болов уу. Төрийн өмчийн хороо төрийн өмчийг хувьчлах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх газартай байв. Өдгөө энэ нь түүх болон баларчээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг дуудаж хуралддаг гэсэн. Төрийн албаны зэрэг дэвийн эрэмбэ хааччихсан юм бэ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 31 ажилтантай. Тэд нь төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд суудаг. Зарим компанийн ТУЗ-д 2-3 хүнээ “шургуулсан” тохиолдол ч бий. Энэ агентлаг төрийн өмчит 100 гаруй компанийг хариуцдаг гэж дээр дурдсан. Ингэхээр нэг хүн дунджаар гурван компанийн ТУЗ-ийн гишүүн болох боломж харагдаж байгаа биз. Энэ ч жишгээр тус агентлагийн ажилтнууд 2-3 төрийн өмчит компанийн ТУЗ-д багтдагийг эх сурвалж дуулгав. Ажил, амьдралын дөр ч сууж амжаагүй залуусыг хүртэл төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилуулдаг гэсэн.

Тэд төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүн болж буй нь менежментийг нь сайжруулах зорилготой юу гэвэл өрөөсгөл. Тус агентлагийн ажилтнууд төрийн өмчит компанийн ТУЗ-д багтахаар менежмент нь сайжраад, үр ашигтай ажилладаг болчихдоггүй нь гачлантай. Тэд цалин авахын тулд л ТУЗ-д суудаг. Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүн болбол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нугалж цалинжуулна гэсэн журмыг өөрсдөдөө зориулан баталсан гэх. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоогоод байгаа билээ. Тэгэхээр нэг компанийн ТУЗ-д багтсан “нөхөр” сард 840 мянган төгрөгийн цалин авдаг байх нь. Гурван компанийн ТУЗ-ийн гишүүн болсон, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ажилтан сард 2.52 сая төгрөгийн цалин авдаг юм байна.

Түүгээр зогсохгүй тэд ТУЗ-ийн гишүүн болчихоод тухайн компаниас зарласан тендерийг албан тушаалаа ашиглан авдаг гэх барим, тавим мэдээлэл бий. Өндөр цалин авна, дээрээс нь хувийн бизнесээ өргөжүүлнэ. Энэ нь шударга ёсонд нийцэх үү. Төрийн өмчит компанийн ТУЗ-д төрийн өмч хариуцсан ажилтан багтах нь нээлттэй юм байж гэж бодъё. Тэгвэл хуралд суусан цагаар нь тооцож хөлс төлөх журам хэрэгжүүлж яагаад болдоггүй юм бэ. Аливаа компанийн ТУЗ-д хөрөнгө оруулагчдаас гадна тухайн салбарынхаа талаар өндөр мэдлэг, туршлагатай хүмүүсийг ажиллуулдаг. Ингэж байж оновчтой, зөв шийдвэр гарган, компанийг үр ашигтай ажиллуулдаг. Төрийн өмчит компаниудад бизнесийн ийм энгийн зарчим хэрэгждэг болов уу. Үнэлэлт, дүгнэлт хийж үзэх хэрэгтэй биз ээ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрынхан төрийн өмчит компаниудаас цалин авч, тендер нэхээд зогсдоггүй гэнэ. Тэд гадаадад аялах зардлаа хүртэл гаргуулдаг юм байна. “Бид гадаад явмаар байна. Танайх төдөн хүний зардал даагаатах” гэж үүрэгддэг гэж байна шүү. Төрийн өмчийг ийн шамшигдуулж, хувийнхаа хүсэл сонирхолд нийцүүлдэг бололтой. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын олон ажилтан Унгар улсыг саяхан зорьжээ. Тэд төрийн өмчит компаниудаар замын зардлаа даалгасныг эх сурвалж нотолж буй. Үүнийг шалгаад, төрийн өмчит компаниас гаргасан санхүүжилтийг тэднээр төлүүлбэл шударга ёсонд нийцнэ. Албан тушаалаа ашиглан төсвийн мөнгийг хулгайлж буй ёс суртахуунгүй албан хаагчдад зориулан олон нийт “Төсвийн мөнгө уйлдаггүй” гэсэн хэллэг гаргаад буй билээ. Төрийн өмчит компанийн мөнгө ч уйлдаггүй байх нь. Бас болоогүй, гадаад явахдаа МИАТ компаниас тийзээ хэд дахин хөнгөлөлттэй үнээр авдаг гэх.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг татан буулгаад, төрийн өмчит компаниудыг салбарын яамдад нь хуваарилах хэрэгтэй. Ингэвэл салбараа өөд нь татах гэсэн сайдууд авч үлдэхийг нь үлдээд, хувьчлахыг нь хувьчлаад цэгцэлчихнэ. Уул уурхайн компаниудыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, зам, тээврийнхийг Зам, тээврийн хөгжлийн яам нь хариуцвал илүү үр дүнтэй. Ядаж л салбараа мэддэг хүмүүс ТУЗ-д нь томилогдож, компанийнх нь үр ашиг дээшилнэ. Төрийн бодлого ч уялдаа холбоотой хэрэгжинэ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар гэсэн гавьяагүй хэрнээ гай болж буй байгууллагын үйл ажиллагааг дэнслэх цаг нь болжээ.

Бэлтгэсэн: И.Дугар


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)