Төрийн өмчийг Төрийн банкинд барьцаалуулсны шанд 25 сая төгрөг авчээ

Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд өнгөрсөн есдүгээр сард хээл хахуулийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн билээ. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр түүний хэргийг хэрхэн шийдвэрлэхтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн ИТХ-д МАН, АН-ын аль нь олонх болох вэ гэдэг нь тодорхой болох юм.

Учир нь Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмд 25 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт шалгуулж буй хүн нь тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Дөрвөлж” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Л.Алтансүх аж. Орон нутгийн мэдлийн өмчийг төрийн өмчит Төрийн банкинд 800 сая төгрөгийн барьцаанд тавихдаа Т.Дорждэрэмд дээрх хэмжээний хахууль өгсөн гэж түүнийг буруутгаж буй юм билээ.

“Дөрвөлж”-ийг барьцаанд тавих зөвшөөрлийг аймгийн ИТХ-ын эрх бүхий албан тушаалтан нь өгсөн хэмээн шалгуулж буй бөгөөд өдгөө уг хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж буй гэнэ. Харин хэрэгт сэжиглэгдсэн Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмийг батлан даалтад гаргажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)