Төрийн төөрсөн шагнал

Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн МЗЭ-ийн 90 жилийн ойгоор олон хүнийг байж болох бүх л хэлбэрээр шагнаж урамшууллаа. Тэдний дотор хэдэн дууны шүлэг бичсэн нэг хүн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасныг хараад ёстой л мэл гайхаж, цэл хөхрөв. Нийтийн дууны шүлэг бичих нь тийм их гавьяатай үйл хэрэг юм бол “Сүүдэр цармын цэцэг” хэмээх гайхамшигт бүтээлийн эзэн зохиолч, яруу найрагч Дашзэвэгийн Банзрагч агсан яагаад МЗЭ-ийн шагналаас өөр “юм”-гүй хорвоогоос буцсан байх вэ. Эсвэл өнөөх хүн МЗЭ-д сүүлийн хэдэн жил ажилласныг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах хэмжээний том гавьяа гэж үзсэн байж болох юм. 

Хэрэв тийм бол тус байгууллагад 30, 40 жил ажилласан хүмүүс гарцаагүй Хөдөлмөрийн баатар болох нь ээ.

Ард түмний оюун санааг түүчээлэн газарчлах алтан гадас нь байх учиртай зохиолч, яруу найрагчид хүртэл шагналын төлөө дээр, дооргүй үхэн хатан тэмцсэн энэ их хийрхэлд “хувь нэмрээ” оруулаад эхлэхээр юу болох бол. Төрийн түмэн нүд яаж “сохорч”, одон медаль нь хэрхэн үнэгүйдсэнийг гэрчлэх хамгийн ойрын жишээ гэж бодоод үүнийг эш татав. Түүнээс биш шагнуулсан хүмүүнтэй барьцах, хонзогнох шалтгаан жирийн сэтгүүлчид нэгээхэн ч үгүй билээ. Гавьяат цолны өмнөх шатны шагнал учраас энэхүү одонг үнэ цэнтэй байлгаж, жаахан учир зүйтэй хандаасай л гэж боддог юм. Өөрөөр бол Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гэдэг нэрнээсээ авхуулаад социализмын үнэр нэвт шувт ханхлуулсан шагналын утга учир, үнэлэмж шалдаа буусныг хэн хүнгүй мэдэх хойно. Тэгсэн хэрнээ л шагналд дургүй, төрийн одон медальд санаархдаггүй монгол хүн ховор. Өлсөх үед хоол, өвдөх цагт эм, үхэхийн алдад үйлийн үр нимгэлэхгүйг нь мэдсээр байж шагналын төлөө үхэн хатан гүйдэг. Магадгүй өнөөгийн монголчуудын хамгийн сайн эвлэлдэн нэгдэж, санаа нийлдэг зүйл нь шагнал болов уу. Өнөөгийн Монгол Улсад БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1990 онд баталсан “БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм” гэх мэт 20 гаруй дүрэм, журам хүчин төгөлдөр хэвээр үйлчилж, төрийн дээд шагналын эрх зүйн зарчим, үндсийг тодорхойлсоор байхад ардчилсан хувьсгалын алтан хараацайнууд ч юм хэлдэггүй.

Жилд зөвхөн Гавьяат цол тэмдгээр гэхэд л 100 гаруй хүн шагнуулдгийг үе үеийн Төрийн тэргүүний гаргасан зарлиг, шагнал гардуулсан мэдээнүүдээс харж болно. Ерөнхийлөгчийн зарлигаар оны өмнөхөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль хүртсэн 80 гаруй хүний шагналыг гардуулах гэж нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нар хагас өдрийн ажлаа алдсан юм даг. Ер нь манай төрийн байгууллагынхан шагналын тодорхойлолттой танилцаж, шүүхээс эхлээд дарга нар нь төрөл бүрийн үнэмлэх дээр гарын үсэг зурах, шагналаа гардуулах гээд сар, жилийн багагүй хугацааг зарцуулдаг байх шүү. Үүний дараа төрдөө үнэлүүлсэн хүмүүсийн одон медалийн угаалга шил шилээ даран үргэлжилж, монголчууд шагналаас шагналын хооронд хутга тавилгүй найрлаж, хундага тавилгүй сөгнөдөг уламжлалтай. Гэтэл бас цаана нь “Намайг яагаад Гавьяат болгосонгүй вэ” гэдэг өргөдөл, гомдол, шагналын тодорхойлолт Ерөнхийлөгчийн Тамгын газрын бичиг хэргийн албанд хавтас хавтсаараа үлдсээр байдаг гэнэ. “Энэ наадмаар шагнуулж чадсангүй. Үндэсний эрх чөлөөний өдрөөр болчих байгаа. Үгүй бол Цагаан сараар дахиад зүтгэнэ дээ” хэмээн шагнуулахаас өөр амьдралын зорилгогүй мэт зүтгэдэг хүмүүстэй бишгүй таарч байв. Хуучин нийгмээс үлдсэн энэ сэтгэхүй цаашид ч он удаан жил оршин тогтнох нигууртай тул шагналыг хориглох бус, харин “нүд”-ийг нь олуулах тухай яривал амьдралд арай ойр биз.

“Бид агуулгыг юман чинээ тоодоггүй, гоёмсог сав баглаа боодлын соёлд амьдарч байна” хэмээн зохиолч, сэтгүүлч Эдуардо Галено хэлжээ. Өнөөгийн хүмүүс оршуулга нь талийгаачаасаа чухал, хурим нь хайраасаа, царай нь ухаанаасаа чухалд тооцогддог хэлбэрдсэн хуурмаг ертөнцөд амьдарч буйг шүүмжилсэн түүний санаа манайхны шагналд хандах хандлагатай олон талаар нийцэж байх шиг. Юу хийсэн, ямар гавьяа байгуулсан бэ гэдэг агуулга нь чухал бус, хаана ажилладаг, ямар танил талтай хэнийг шагнах гэж буй хэлбэр нь нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар 30 орчим хүн Гавьяат болсны дунд “Энэ нөхөр яаж яваад Гавьяат болчихдог байна аа. Аан, Ерөнхийлөгчтэй нэг нутаг юм чинь аргагүй. Тэр хүн харин сонгуулийн сурталчилгааных нь үеэр их дэм болсон юм билээ” гэх мэт хардлага дагуулсан хүн цөөнгүй байсан нь үүний илрэл. Өнгөрсөн жилийн Цагаан сараар 30, Улсын баяр наадмаар 50 хүн Гавьяатын тэмдгээр энгэрээ цоолоход мөн л иймэрхүү яриа гарсан боловч дараагийн удаад өөрсдийнх нь “хонины ээлж” таарчих ч юм бил үү гэсэн горьдлогоо бодоод амаа хавчдаг гэхэд хилсдэхгүй.

Ц.Элбэгдоржийн үед, Н.Энхбаяр, Н.Багабандийг Ерөнхийлөгч байхад ч төрийн одон медаль тэр бүр нүдээ олохгүй байгаа тухай маргаан тасардаггүй байсан. Нүдээ олсон шагнал тухайн хүнд илүү ихийг бүтээн туурвих урам зориг өгдөг бол “төөрсөн шагнал” нэг бус нэлээд олон хүний итгэл, зүтгэл, урам зоригийг мохоодог гэмтэй. 

“Шагнал бол шударга ёсны хэмжүүр” 

гэж Францын нэрт гүн ухаантан Ш.Монтескьегийн хэлснээс манай нөхцөл байдал эсрэгээрээ яваад байна. Үнэн шударгаар хөдөлмөрлөж, энгийн даруу, мөрөөрөө амьдарч байгаа хүмүүсийн хувьд шагнал урамшил гэдэг улам л хүршгүй холын од, баригдашгүй зэрэглээ, солонго мэт санагдах болсон нийгэмд бид аж төрж буй. Гэтэл одон медаль зүүж өгсөн Ерөнхийлөгч нь байтугай, олны дунд хээв нэг энгэртээ гялалзуулж яваа эзнийхээ өмнөөс шагнал нь өөрөө нүүр улаймаар тохиолдол бишгүй.

...Өнгөрсөн жилийн Цагаан сараар 30, Улсын баяр наадмаар 50 хүн Гавьяатын тэмдгээр энгэрээ цоолоход мөн л иймэрхүү яриа гарсан боловч дараагийн удаад өөрсдийнх нь “хонины ээлж” таарчих ч юм бил үү гэсэн горьдлогоо бодоод амаа хавчдаг гэхэд хилсдэхгүй...

Шагнал гэдэг олон, санаархах хүмүүс мундахгүй ч Монгол төрийн тэргүүний мутарласан зарлигаар олгодог одон медалиудыг цэгцэлж байж үнэ цэнийг нь илүү өргөнө. Гэвч монголчуудыг шагнал гэхээр нүдээ ухаад өгөхөөс буцахгүй гэдгийг нь мэдэх учраас төрөөс олгодог одон медалийг цэгцлэх тухай санаачилга гаргаж зүрхэлдэггүй билээ, манай түшээд. Тэр байтугай, саяхныг хүртэл төрийн одон медаль дээр БНМАУ-ын төрийн сүлд дүрслэгдсэн хэвээр байсан нь ардчилсан Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хугацаанд Төрийн шагналын тухай хуулийн төсөл санаачилж, өнөөгийн эмх замбараагүй, хавтгайрсан шагналын тогтолцоог цэгцлэхээр зүтгүүлсэн ч 2016 оны сонгуулийн дараагаар эзэнтэйгээ хамт тэр чигтээ мартагдсан. 

АИХ-ын Тэргүүлэгчдийн баталсан төрийн одон, медаль олгох шалгуур үзүүлэлт өнөөгийн нийгмийн шаардлагад нийцэхгүй болсны нэг жишээ нь “Ардын” гэсэн цолыг таван төрөл мэргэжлээр, “Гавьяат”-ыг 30 төрлөөр олгож ирсэн явдал гэнэ. Өдгөө манайд 7000 орчим төрлийн ажил, мэргэжил байгаа бөгөөд төрийн дээд шагнал нь нийгмийн бүх салбарыг хамарч чадахгүйд хүрсэн тул Монгол Улсын Гавьяат зүтгэлтэн хэмээх нэг нэршилд оруулаад, жилд 50-иас илүүгүй хүнд олгохоор дээрх хуулийн төсөлд тусгасан байв. Өнгөрсөн жилийнх шиг нэг наадмаар л 50 хүнд Гавьяат цол олгоод байхаар төрийн дээд шагналын үнэ цэн уналгүй яах вэ. Түүнчлэн хэн дуртай нь хаа сайгүй “цацдаг” Алтангадас одонг жилд 2000 хүртэлх хүнд олгохын зэрэгцээ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг нэн тэргүүнд байхгүй болгох гээд авууштай өөрчлөлтүүд бишгүй байсан юм. Хамгийн гол нь эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие хайргүй зүтгэж, баатарлаг гавьяа байгуулан амиа алдсан хүнд Монгол Улсын баатар цолыг нэхэн хүртээж болно гэдэг маш чухал заалт эл хуулийн төсөлд байсныг онцлох учиртай. Монголын төр, засаг болсон, болоогүй өчнөөн шагнал баруун, солгойгүй тараадаг хэрнээ хамгийн эгзэгтэй мөчид эх орныхоо төлөө амиа хайрлалгүй өргөсөн цагдаа, онцгой байдлын ажилтнуудаа нэхэн шагнаад, Улсын баатар цол олгох эрх зүйн орчингүй явж ирсэн билээ.

Харамсалтай нь, өдгөө төрийн дээд шагналыг цөөлж, цэгцлэх тухай асуудлаар УИХ дээр ч, Ерөнхийлөгчийн Тамгын газарт ч ямар нэгэн хууль, журмын төсөл, санаачилга огт яригдаагүйг холбогдох албан тушаалтнууд хэлнэ билээ. Тэгэхээр 2020 он хүртэл төрийн дээд шагналын үнэ цэнийг өргөх, цэгцлэх тухай асуудлыг хөндөж тавих “бүдүүн зүрхтэй” хүн гарахгүй нь бараг ойлгомжтой биз. Монгол бахархлын өдрөөр буюу жилдээ нэг л хүнд олгодог Чингисийн одонгоо “Өнөө жил өгөх хүн байхгүй ээ” гээд “гар татсан” Ерөнхийлөгч Х.Баттулгыг төрийн шагналд овоо хатуу зарчим баримтлах нь дээ гэтэл тийм биш болохоо сая Үндэсний эрх чөлөөний өдрөөр харуулав. Удахгүй айлчлан ирэх гахай жилийн босгон дээр дахиад хэчнээн Гавьяат, Ардын цолтон, Хөдөлмөрийн баатар Монголд төрөхийг олон жилийн дунджаар багцаалдаж болно. Гагцхүү бүгд биш юм гэхэд ядаж талаас илүү хувийнх нь шагнал нүдээ олсон байгаасай билээ.

Эцсийн эцэст эрдэнэт хүний амьдралын замналаас илүү шагнал, ажил хөдөлмөрийн халуун залуу он жилүүдээс үнэтэй одон медаль гэж хаана байх вэ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)