Төрийн тусгай хамгаалалтын газрыг Тагнуулын байгууллагаас салгах уу

Чингис хааны шадар хишигтэн цэргээс улбаатай Төрийн тусгай хамгаалалтын газар (ТТХГ) гэх олон жилийн түүхэн уламжлалтай алба бий бөгөөд Монгол төрийн тусгай хамгаалалтад байхаар хуульчилсан байгууллага юм. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу Тагнуулын байгууллагын даргын дэргэд үйл ажиллагаа явуулах ёстой ТТХГ-ын дарга нь тусдаа гарах саналаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх болсон тухай яриа чих дэлсэв.

Уг нь дээрх хуулийн 10.1 дэх хэсэгт “Төрийн тусгай хамгаалалтын чиг үүргийг Тагнуулын төв байгууллагын даргын дэргэдэх төрийн тусгай хамгаалалтын газар хэрэгжүүлнэ”, 10.5-д “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргыг Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж, Тагнуулын төв байгууллагын дарга томилно”, 12.4-т “Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга нь Тагнуулын төв байгууллагын даргатай зөвшилцөн боловсон хүчнийг томилох, чөлөөлөх” хэмээн заасан.

Гэтэл ТТХГ-ын дарга, хурандаа П.Батаа уг байгууллагыг Засгийн газрын дэргэдэх шинэ агентлаг болгохоор яваа аж. Дэлхий нийтийг түгшээж буй коронавирусийн уршгаар олон улсын эдийн засаг, санхүүгийн байдал хямарч, сүүдэр нь манай оронд ч хүндээр тусаж буй энэ үед хэн нэг хүн хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавин ийн зүтгэх болсон нь хачирхалтай.

Тагнуулын байгууллага уг нь төр, нийгмийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй. Тиймдээ ч төр, нийгмийн зүтгэлтэн, ҮАБЗ-ийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэгтэй. ТЕГ-ын даргын шууд удирдлагад байдаг ТТХГ-ын алба хаагчид 24 цагийн турш тэднийг биечлэн хамгаалдаг. Тагнуулын байгууллагынхан дээрх хамгаалуулагчдын аюулгүй байдлыг гүйцэтгэх ажиллагааны шугамаар хангадаг. Өөрөөр хэлбэл, тагнуулын байгууллагын алба хаагчид гүйцэтгэх ажлын шугамаар авсан мэдээ, мэдээллээ боловсруулан Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын очих гэж буй газарт хэрхэн хамгаалалт зохион байгуулах, эрсдэл ямар байгаа тухай мэдээллийг ТТХГ-ынханд өгдөг. Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн тавдугаар бүлгийн 18 дугаар зүйлд Тагнуулын байгууллагын үүргийг тодорхой заасан. Тодруулбал, “Тагнуулын төв байгууллагын дарга нь төрийн тусгай хамгаалалтын байгууллагын ажлыг чиглүүлэн удирдаж боловсон хүчин бэлтгэх, зэвсэг, техник, материал хэрэгслээр хангах, санхүү, аж ахуйн талаар бэхжүүлэх бодлого боловсруулан Засгийн газарт уламжилж, энэ талаар гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавина. Тагнуулын байгууллага нь хамгаалуулагч болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагыг холбогдох мэдээллээр ханган шаардлагатай бусад туслалцаа үзүүлнэ. Орон нутаг дахь нэгжүүд нь цагдаагийн болон холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах төрийн тусгай хамгаалалтыг тус тусын нутаг дэвсгэрт нэгтгэн удирдана” гэж заажээ.

Хэрэв хурандаа П.Батаагийн хүслийг гүйцээж, тагнуулын байгууллагын харьяанаас ТТХГ-ыг салган тусдаа агентлаг байгуулбал ямар ч мэдээ, мэдээлэл авч чадахгүй болж, хамгаалуулагч дээрх гурван албан тушаалтан, объектоо эрсдэлд оруулах аюултайг олон хүн хэлж байна. Хамгийн наад зах нь улс орны санхүүгийн байдалд сөрөг нөлөөтэй. Учир нь орон нутаг болгонд ТТХГ-ын салбар нэгж байгуулах шаардлагатай болно. Тэгэхгүй бол хөдөө орон нутагт ажиллахаар явсан хамгаалуулагчийнхаа аюулгүй байдлыг хангахад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадахгүй. Хурандаа П.Батаа тэргүүтэй цөөн хэдэн хүний эрх ашигт нийцүүлэн тагнуулын байгууллагаас ТТХГ-ыг тусгаарласны дараа хамгаалуулагч хүн, байгууллагад аюул учрахад хэн хариуцлага хүлээх вэ гэдгийг бас бодолцох л ёстой санагдана.

Ер нь ингэхэд ТТХГ-ын алба хаагчдын хамгаалж буй объектод эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж, хүний амь үрэгдэж, эрүүл мэндээрээ хохирсон нэг бус тохиолдолд тус газрын удирдлага, эрх бүхий албан тушаалтан хариуцлага хүлээж байсан уу гэвэл үгүй. ЗТХЯ-нд хээл хахуулийн, хүний амь үрэгдсэн гээд ноцтой хэрэг ар араасаа гарсан. Тэнд ТТХГ-ын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж сууж л байсан. Магадгүй эгэл жирийн ахлагчдаа хариуцлага тооцоод, мэргэжлийн удирдлагаар хангах ёстой дарга нар нь уснаас хуурай гарчихсан гэхэд хилсдэхгүй.

Мөн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу нэгдүгээр зэргийн хамгаалалттай байх ёстой Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан эрхэм цаг бусаар хорвоог орхисон хэрэг гарсан. Түүгээр зогсохгүй УИХ-ын даргаар ажиллаж байсан, тухайн үедээ нэгдүгээр зэргийн хамгаалалттай байсан эрхмийн аминд халдана хэмээн хутгатай хүн Төрийн ордонд нэвтэрчихээд байхад бас л хэн нэгэн хариуцлага хүлээгээгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн зун АНУ-д албан ёсны айлчлал хийхэд ТТХГ-ын эрх бүхий албан тушаалтан нь Цагаан ордны гадаа хамгаалуулагчаа оруулан өөрөг татаж, олон нийтийн сүлжээнд тавьж байхад бас л хэн ч хариуцлага хүлээгээгүйгээр үл барам, цол хэргэмийг нь олгож, гадаад оронд суулгахаар дэвшүүлсэн. Энэ мэтээр ТТХГ-ын өнөөгийн удирдлага, тэр дундаа тагнуулын харьяанаас гарахаар хөөцөлдөж буй хурандаа П.Батаагийн талаар саараар ярих хүн удирдлага дор нь олон байна. Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн шинэ жилээр удирдлага дороо байгаа, Ерөнхийлөгчийн хамгаалалтын тасгийн даргад гар хүрсэн гэх мэдээлэл хэвлэл, олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Мөн цагдаагийн байгууллагын ажилтанд гар хүрсэн, садан төрлийн хүмүүсээ ТТХГ-т ажилд авсан, хамаарал бүхий хүнийхээ компаниар тус газрын гадна орчны засварыг хийлгэсэн гэх мэтээр хурандаа П.Батаагийн талаарх сөрөг мэдээлэл цахим хуудсанд олон байна.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)