Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар Нью-Йоркт

Нью-Йорк хотноо ажлын айлчлал хийж буй ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар өнөөдөр НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүн, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй буюу далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн газрын /UN-OHRLLS/ Дээд төлөөлөгч Ч.Диарра болон далайд гарцгүй хөгжиж буй зарим улсын Байнгын төлөөлөгч нартай уулзав.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хамтын ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, тухайлбал, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг санаачлан ажиллуулж байгааг тэмдэглэн, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлт болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлэв.

ТНБД уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгалийн гамшигт үзэгдлийн нөлөөлөл эмзэг эдийн засагтай орнуудад хүчтэй нөлөөлж буй, үүний тод жишээ нь Монгол Улсад тохиолдоод буй зудын гамшиг бөгөөд НҮБ-ын зүгээс холбогдох тусламж үзүүлж буйд талархал илэрхийлж, ЕНБД-аас дэвшүүлсэн гамшгаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын салбарыг Монгол Улсад байгуулах санал тавив. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын идэвхтэй оролцоог хангах чиглэлээр Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад танилцуулав.

ТНБД Д.Цогтбаатар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төвийн ажиллагааг урагшлуулах, засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл боловсруулахаар ажиллаж байгааг дурдаж, уг төслийн угтвар нөхцөл болсон Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг Ч.Диарра-д гардуулав.

Ч.Диарра ДГХБО-ын судалгааны төвийг олон улсын хэмжээнд өргөнөөр хүлээн зөвшөөрснийг онцолж, энэхүү судалгааны төвийн талаарх засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл боловсруулахад тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.

ТНБД Далайд гарцгүй хөгжиж буй Балба, Казахстан, Лаос, Мали, Молдав, Тажикистан улсын Байнгын төлөөлөгч нартай хийсэн уулзалтын үеэр Далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төвийн тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хэсгийг байгуулах, Судалгааны төвөөс 2010 онд хийх судалгааны ажлын сэдэв зэрэг асуудлаар санал солилцов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)