“Төрийн гэгээрлийн бодлогод соёл гэсэн үг алга”

ДБЭТ үзэгчид, урлагийн их, дээд сургуулийн багш, оюутнуудыг сонгодог урлагийн үе үеийн нөлөө бү­хий төлөөлөл болсон уран бүтээлчидтэй уулзуулж сонирхсон асуултад нь хариу өгүүлэхийн зэрэгцээ урлагийн эдгээр тө­рөл манай улсад хэрхэн хөгжиж ирсэн, өнөөгийн байдал, ирээдүйн төлөвийн тухай мэдээлэл хүргэж буй билээ. Энэ удаа ба­летын урлагийн мастеруудтай уулзалт зохион байгууллаа. 

Хөтлөгч Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг ерөнхий мэдээлэл өгсөн юм. Түүний хэлснээр Монголын театрын урла­гийн хөгжлийн түүхэнд онцлох нэгэн жил байсан нь 1963 он. Тэр жил төрийн соёл урлагийн бодлогын хүрээнд Хөгжимт дра­матик театрыг УДБТ, Драмын театр гэж хоёр салгажээ. Энэ үеэс тоолж эхлэхэд Улсын дуурь бүжгийн театр 55 жил бие даан хөгжиж буй бөгөөд эрдмийн театр болтлоо өсөж дэвжсэн байна. 

1956 онд Зөвлөлтийн мэргэжилтэн А.В.Хабаева бүрэн хэмжээний “Бахчиса­райн оргилолт булаг” балет дэглэж үзэгч­дэд хүргэсэн нь манай улсын балетын урлагийн хөгжлийн гараа байв. Харин мэргэжлийн театрын хувьд балетын анхны бүтээл нь нэрт балетмейстер Б.Жамъяндагвын тайзнаа тавьсан тус бүр нэг үзэгдэлт Н.А.Римский-Корсако­ вын “Шехеразада”, П.И.Чайковскийн “Франческа ди Римини” ажээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл ДБЭТ дэлхийн сонгодог болон үндэсний 58 балетыг сон­годог урлаг сонирхогч үзэгчдэд хүргэсэн байна. 

Балетын мастеруудын уулзалтад Хөдөл­мөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин балетмейстер Б.Жамъяндагва, ДБЭТ-ын уран сайхны удирдагчийн ажил хүлээж аваад удаагүй байгаа балетчин, менежер Б.Түвшинбат, тус театрын одоо­гийн ерөнхий балетмейстер Б.Жаргал, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш, театрт балетын гоцлоочоор олон жил ажилласан Г.Онон, 1990-2000 оны хоорондох амаргүй жилүүдэд энэ ур­лагийн ачааны хүндийг үүрэлцэж ирсэн балетмейстер Р.Туяацэцэг, театрын болон Консерваторийн балетын багш, Гавьяат жүжигчин Х.Мөнгөнхөлөг, театрын тус­лах балетмейстер Ц.Чинзориг нар орол­цож уулзалтад оролцогсдын асуултад ха­риулсан юм.

Балетмейстер Б.Жамъяндагва “Балет гэдэг бол маш нарийн, анхаарал, халамж их шаарддаг үнэтэй урлаг. Анхаараад, халамжлах тусам гялалзан хөгжих, үгүй бол унаж мэдэх эмзэг. Өнөөдрийн байд­лаар энэ урлагт анхаарал шаардлагатай байна. Урлагаар дамжуулж ард түмнээ соёлжуулж, боловсруулж ирсэн зөв бод­логын үр дүнд өнөөгийн зэрэгт хүртэл хөгжсөн юм. Одоо бол төрийн соёл гэ­гээрлийн бодлогод урлаг гэж бүү хэл, соёл гэсэн үг ч бараг алга” хэмээн хэлсэн нь анхаарал татаж байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)