Төрийн бодлогын залгамж алдагдсаныг төсөл илчлэв

Эхний ээлжит чуулганаа эхлүүлээд хэдхэн хонож байгаа шинэ парламент өмнөх УИХ-ын үед өргөн барьсан 40 орчим хууль, тогтоолын төслийг буцаах гэж байна. Уг нь түрүүчийн парламентаас үлдсэн төсөл 100 орчим бий аж. Үүнээс бараг талыг нь буцаах гэж буй хэрэг. Бүр хэлэлцэх, эсэхийг нь шийдэж, эхний хэлэлцүүлгийг нь хийгээд, ажлын хэсгийг нь байгуулчихсан төслүүд ч байна. Энэ бол монгол төрийн залгамж халаа алдагдсаны нэгээхэн илрэл.

...Бодлогогүй, залгамжгүйгээс гадна сонгууль угтаж “шоуддаг”, “гал унтраах” арга хэмжээ авч ажилладгийг нь ч эл төсөл ил болгочихож байна гэлтэй. Тодруулбал, буцаах жагсаалтад орсон төслүүдээс 15 нь төсөв, хөрөнгөтэй холбоотойгоор үргэлжлүүлэн хэлэлцэх боломж бүрдэхгүй байгаа бололтой юм билээ...

Зарим хууль, тогтоолын төслийг буцаах тухай УИХ-ын тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо боловсруулж, ээлжит чуулганыг нээсэн эхний өдрөөс хэлэлцэж эхэлсэн. Үүнд нийт 33 хууль, таван тогтоолын төсөл тусгаж, буцаахаар буй бөгөөд дийлэнх нь буюу 20 орчмынх нь санаачилсан гишүүн дахин сонгогдоогүй гэдэг шалтгаанаар “ад үзэж” байгаа гэхэд болно. Уг нь төрийн эрх барих дээд байгууллагад түмэн олноос сонгогдож, хууль санаачлах бүрэн эрхээ эдэлж, өргөн барьсан төслийг нь дараагийн парламентад аль нам олонх болсноос эс шалтгаалан хэлэлцэх л учиртай. Буцаах байлаа ч ийм өчүүхэн шалтгаан хэлээд сууж баймааргүй юм сан. Тэгээд ч УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Засгийн газар (эдгээр нь хууль санаачлах эрхтэй субъект) санаачлан боловсруулсан төслөө парламентын тамга атгаж буй эрхмээр дамжуулан УИХ-д уламжилж буй болохоос дарга Г.Занданшатарт өргөн бариагүй юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнийн өргөн барьсан Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл уг жагсаалтад багтсан. Мэдээж санаачилсан гишүүн нь сонгогдоогүй гэдэг шалтгаан хэлж байгаа. Зээлийн хүүг бууруулна гэж улс төрийн голлох хүчнүүдийн аль аль нь сүүлийн хэд хэдэн сонгууль дамнан амлаж буй, амны уншлага болсон гэхэд буруудахгүй. Ямар сайндаа л Монголын улс төрийн хамгийн нөлөө бүхий сөрөг хүчин АН-ын дарга энэ эрхэм зээлийн хүүгийн дээд хязгаар тогтооно гэж хууль санаачлах билээ. Зээлийн хүүг бууруулдаггүй юм гэхэд нэмэгдүүлэхгүй, хязгаар тавьж байгаад ч болов дээд хязгаарыг нь барихын тулд ийм хуулийн төсөл санаачилсан хэрэг. Үнэндээ энэ нь С.Эрдэнэ гэж хувь гишүүний бодлого, санаа төдий бус, АН-ын амлалт, сонгуулийн кампанит ажлын үеэр тус намынхны хувь түлхүү ярьж, сэвэх сэдэв нь байв. Үнэндээ үнэмлэхүй олонх бүхий өнөөгийн эрх баригчдын сонгуулийн гол амлалт, Засгийн газрынх нь ирэх дөрвөн жилд баримтлах үйл ажиллагааны хөтөлбөрийн онцлох зорилт нь ч зээлийн хүүг бууруулах юм. Нэгэнт зээлийн хүүг бууруулах гэсэн зорилгод аль аль нь тулж байгаа хойно С.Эрдэнэ сонгогдоогүй гэдэг шалтгаанаар төслийг нь буцаах бус, бусадтай нь нэгтгэн хэлэлцэж, авах, гээхийн ухаанаар хандаж, магадгүй нэрийг нь өөрчлөөд бодлогын баримт бичиг болгоход юу нь буруу гэж. Харин одоо Ардын намынхан “УИХ Зээлийн хүүг бууруулах стратеги баталсан. Энэ асуудал үндсэндээ шийдэгдсэн” гэх тайлбар хэлээд сууж байна. Тэгвэл зээлийн хүү буурсан уу. Уг стратегийн дагуу жилд нэг, дөрвөн жилийн дараа дөрвөн хувиар хүүг бууруулах зорилт тавьснаас бус, багассан зүйл лав л одоо алга. Үүний хүрээнд жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хүүг зургаа болгох талаар Монголбанк, Засгийн газар зарчмын шийдэлд хүрсэн гэж байгаа ч хэрэгжсэн нь үгүй. Эх үүсвэр, санхүүжилт гэхээр зүйлгүй, харьцангуй цөөн хүнд олдож байгаа “найман хувийн” зээлийн хүүг шинээр авах тохиолдолд л зургаа болгох байх гэж албаныхан хэлж буйгаас бус, бодитой бууруулчихаагүй байна. Орон нутгийн сонгуулийн дараа бүр “болилоо” гэхийг ч үгүйсгэхгүй.

Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг хоёр жилийн өмнө өргөн барихад нэрнээсээ авхуулаад анхаарал татсан. Маш олон шинэлэг зохицуулалт тусгасан, эрүүл мэнд, нийгмийн олон асуудлыг сууриар нь шийдэх гарц хэмээн эл төслийг сурталчилж, нэг бус удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, нэлээд идэвхтэй ажилласан санагдана. УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг нь Ц.Цогзолмаа гишүүн ахалж байсан бөгөөд өргөн барьсан гишүүд нь Ш.Раднаасэд, Б.Саранчимэг, Ц.Даваасүрэн, Н.Оюундарь. Тэднээс Н.Оюундарь л дахин сонгогдоогүй. Харин өргөн барьсан төслийг нь буцааж байхад хэн ч дуугарсангүй.

Мөн Далай ашиглах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч нь татгалзсан ч буцаахаар жагсаалтад оруулчихаж. Эл төслийг Засгийн газраас түрүү жилийн өдийд өргөн барьж байлаа. Тухайн үед өнөөгийн Ерөнхий сайд Засгийн газрыг тэргүүлж байсан. Өнөөгийн Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар доорх төслийг буцаалгахгүй хэмээн бухимдав. Засгийн газраас өргөн барьсан Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийг буцаах нь битгий хэл, даруй хэлэлцэн батлах ёстой хэмээн байр сууриа илэрхийлнэ лээ. Учир нь энэ сарын 20-доор Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ) Парист хуралдаж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас манай улсыг хасах, эсэхээ шийднэ. Манайд тавьж буй шалгуур, даалгавруудын нэг нь дээрх хууль бөгөөд үүнийг бид зайлшгүй батлах ёстой юм байх. Гэвч Засгийн газар нь таг чиг, салбарын сайд нь сандраастай. Мөн Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй зээлийг эргэн төлөх тухай УИХ-ын тогтоолын төслөөр жишээ татъя. Уг төслийг Засгийн газраас өнгөрсөн оны сүүлчээр өргөн барьсан. Үүнийг баталснаар их, дээд сургуульд хөнгөлөлттэй зээлээр суралцаж, гэрээний үүргээ биелүүлсэн хүмүүс дипломоо гар дээрээ авах боломж бүрдэнэ. Тиймээс ч уг төслийг өргөн барих үеэр эрх баригчдын “сонгуулийн шоу” хэмээн шүүмжлэх хүн олон байсан. Бараг 11 мянга орчим хүнтэй холбоотой асуудлыг үүгээр шийдвэрлэхээр байгааг өнгөрсөн Засгийн газар, У.Хүрэлсүхийн танхимд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан Ё.Баатарбилэг гишүүн учирлана лээ. Гэвч У.Хүрэлсүхийн тэргүүлж буй хоёр дахь Засгийн газар өмнөх төслөө татах санал гаргажээ. Нам нь, хүн нь ч өөрчлөгдөөгүй атал бодлого, шийдвэр нь гуйвж, дайвдгийн жишээ энэ. Тэгвэл хүн нь, нам нь солигдохоор өмнөхөө ор мөргүй үгүйсгэж, орвонгоор нь эргүүлж, бүхнийг шинээр эхлэх гэдэг нь аргагүй ч юм шиг.

Бодлогогүй, залгамжгүйгээс гадна сонгууль угтаж “шоуддаг”, “гал унтраах” арга хэмжээ авч ажилладгийг нь ч эл төсөл ил болгочихож байна гэлтэй. Тодруулбал, буцаах жагсаалтад орсон төслүүдээс 15 нь төсөв, хөрөнгөтэй холбоотойгоор үргэлжлүүлэн хэлэлцэх боломж бүрдэхгүй байгаа бололтой юм билээ. Өөрөөр хэлбэл, төсөв, санхүүгийнхээ хэмжээ, хязгаарыг мэдэх атлаа мэдээгүй юм шиг аашилж, боловсноор мөнгө тарааж, зээлийг нь тэглэх агуулга бүхий төслүүд өргөн барьснаа одоо чимээгүйхэн татаж байгаа хэрэг. Жишээ нь, Итгэлийн зээл олгох тухай хуулийн төсөл буцаах жагсаалтад багтсан. Иргэддээ 20 сая төгрөгийг гурван хувийн хүүтэй зээлдүүлнэ гэж өнөөгийн өнөөгийн эрх баригчид ээлжит сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн нь үнэн шүү дээ.

Юутай ч нэлээд шүүмжлэл гарсан тул энэ олон төслийг юу юугүй буцаачихсангүй. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93.3-т “Нэгдсэн хуралдаан шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр холбогдох байнгын хороонд буцааж болно” гэж заасны дагуу уг төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр хойшлуулаад байна. Ирэх баасан гарагт нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Алийг нь буцааж, алийг нь үлдээхийг хэлж, эс мэднэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)