Төрийн бодлогоос гээгдэгсэд

Өвөл, зунгүй нүүрс шигшдэг ковш цооногийн манаачийн “гэр”-ийн хаяанаас харагдаж байна


Хот руу зорчих хүмүүс автобус хүлээн зогсоно. 2000 төгрөгөөр зорчигч тээвэрлэхээр жижиг тэрэгний жолооч нар хашхирах авч тэднийг тоож байгаа юм алга. Гол зам дагуу нь байрлах хүнсний цөөн хэдэн дэлгүүрээр ганц, нэг хүн орж гарах. Төв талбайд нь хүүхдэд зориулсан тоглоом байрлуулсан ч эл хуль.

Хүнсний зах нь эзгүй шахам, бараа, бүтээгдэхүүн зарж буй хүмүүс худалдан авагч хүлээн нааш, цааш холхихоос өөр хөдөлгөөнгүй аж. Захтай хаяа залгаа хоолны газрууд харин хүн олонтой юм. Гэвч үйлчлүүлж буй хүмүүс нь ганц нэг хуушуур, мантуун буузнаас илүүг авдаггүй бололтой, нэгэн хоолны газарт 30 орчим минут суухад 10 шахам хүн тус бүр 1-2 хуушуур л авч харагдсан. Энэ бол Налайх дүүрэг буюу нийслэлийн дагуул хотын төрх.

Аймгийн төвтэй дүйх хүн амтай ч ажлын байр хомс. Урин цагт залуус нь ажил хийж, мөнгө олохоор хаа сайгүй хэрэн хэсдэг болоод байгаа нь энэ. Тиймээс л тус дүүрэг хөл хөдөлгөөнгүй байж. Залуус нь яг л нүүдлийн шувууд шиг, удахгүй буцаад ирнэ гэсэн. “Олонх нь Улаанбаатарыг бараадаж барилга дээр ажилладаг бололтой юм билээ. Зарим нь хөдөө явчихдаг. Амьдрахын төлөө эрвийх дэрвийхээрээ л зүтгэж байгаа, арга ч үгүй биз дээ.

Зун манай энд ажил байхгүй шүү дээ. Намар, өвөл нүүрс ухаж амьжиргаагаа залгуулдаг юм. Олон сайхан залуу нүүрсний төлөө амиа зольсон доо. Одоо тоосгоны үйлдвэр л ажиллаж байна. Ийм байхад өөр газар руу явахгүй гээд яах вэ дээ. Их хотын хөл хөдөлгөөнд дарагдаад манай дүүрэг ийм болчихсон. Уг нь нэг дүүрэг нь шүү дээ. Даанч хотын удирдлага тоодоггүй юм. Нүүрсний уурхайг хаах юм гэсэн. Яаж амьдар гэж байгаа юм, бүү мэд. Их л хэцүү юм болох байх даа” хэмээн тус дүүргийн иргэн н.Эрдэнэсан ярив.

Саяхнаас Налайхын уурхайг хаана гэх улиг болсон яриа дахиад өрнөв. Өнгөрсөн хугацаанд ийм шийдвэр олныг гаргасан ч хэрэгжүүлж байсан удаагүй гэдгийг дүүргийн иргэд хэлж байна. Хүмүүс хоосон хонож, өлбөрч үхэхдээ тулдаг тул зогсоож чаддаггүй гэнэ лээ. Монголдоо анхдагч гэгддэг “өвгөн” уурхайг хааж, үйл ажиллагааг нь зогсоосноос хойш өнөөдрийн эмх замбараагүй олборлолт газар авсан тухай албаныхан хэлдэг. Дур зоргоороо цооног ухаж, чадлынхаа хэрээр нүүрс олборлох хүмүүсийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэдэг “уламжлалтай”.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдүүлээгүй, эрсдэлтэй орчин, нөхцөлтэй цооногоос үүдэлтэй балаг дэндүү арвин. Уурхай хаагдсанаас хойших 23 жилийн хугацаанд 240 гаруй хүн эндэж, 750-иад хүн бэртсэн гэх. Үүнээс гадна Налайхын байгаль, экологи сүүлийн жилүүдэд ноцтой доройтоод буйг дүүргийн удирдлага ярьсан юм. Техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх шаардлагатай 360 гаруй га газар бий, үүнд есөн тэрбум орчим төгрөг зарцуулах тооцоо гаргажээ.

Тиймээс уурхайн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох нь зүйтэй гэж эрх баригчид үздэг. Эсрэгээрээ дүүргийн иргэдийн амьжиргааг ярьж, таслаж болохгүй гэх хүн ч олон. Эл асуудлыг хэрхэн шийдэх гэж байгааг бид газар дээрээс нь сурвалжиллаа.

Өнгөрсөн намар тус дүүргийн II хорооны нутаг, “Нарлаг” багийн нэг айлын гэр цооног руу цөмөрч унах шахсан. Аз болж хүний амь эндээгүй. Нийслэл, дүүргийн удирдлага болон холбогдох албаныхан хэмжилт хийж, айлуудын доор хэдэн арван км цооног байгааг тогтоож байлаа. Тэгвэл тухайн хэсгийн уурхайн амуудыг бүгдийг нь даржээ. Эрсдэлтэй хэсэгт амьдарч байсан 10 гаруй айлыг нүүлгэсэн байна. Жилийн өмнөхтэй харьцуулахад байдал арай дээрдсэн бололтой. Ингэснээр Налайх дүүргийн баруун урд хэсэг уурхайгаас үүдэлтэй бэрхшээлгүй болжээ. Харин зүүн урд хэсэгт нь асуудал хэвээр байгаа дүр зураг ажиглагдав.

Дүүргийн төв хэсгээс тоосгоны үйлдвэр хүртэлх зам нэлээд эвдэрчээ. Суурьшлын бүсээс дөнгөж гарахад л том далан ухсан байхтай таарав. Яг л Хоргын тогоо аятай тэр нүхний ёроолд цооног байв. Амыг нь банзаар дарж, хаджээ. Тэр нүхийг удахгүй битүүлж, хог хаядаг цэг болгохоор төлөвлөсөн талаар манаач хөгшин хэлэв. Үүний улмаас нэлээд зөрчилдөөн ч үүсээд буй гэнэ лээ. Цооногийг нь булах шийдвэр гаргасан учраас ажилчид нь эсэргүүцсэн хэрэг.

Нүхний цаахна Улаанбаатарын Улаанчулуутын дайтай хогийн цэг бий болжээ. Орон гэргүй, амьжиргааны түвшин доогуур хүмүүс тэндээс өл залгуулдаг болоод удсан аж. Манаачийнх нь ярьснаар сүүлийн жилүүдэд хог түүдэг хүний тоо олширчээ. Тэрбээр “Бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, Налайх дахь ажлын байр улам цөөрч байгаа учраас нэн ядуу өрх олширсон. Харин ч та нар хүн цөөнтэй байхад ирлээ.

Дарга, удирдлагын гаргасан тоон мэдээ байдаг бол түүнийг нь хараарай. Өнгөрсөн намар нэлээд цооног хаасан. Үүний улмаас амьжиргаа доошилсон. Одоо үлдсэн цооногийг хаана, хаахгүй гэж талцаж байна. Юу болох юм бүү мэд. Уг нь бидэн шиг хүний саналыг асуух л хэрэгтэй байгаа юм. Манайх ч уурхайгаас амьжиргаагаа залгуулдаг” хэмээн тайлбарласан. Уг хогийн цэгтэй залгаа хэд хэдэн цооног байв. Бүгд манаачтай.

Албан бус тоогоор 30 гаруй өрх ийм үүрэг хүлээсэн гэнэ. Эзэд нь тэдэнд сарын 200 мянган төгрөг өгч, цооногоо сахиулжээ. Тэд цооногийн эздээс цалингаа бэлэн мөнгө, эсвэл өвөл нүүрс авна гэж тохирсон аж. Тэр орчмоос цаана ч олон цооног байв. Хүмүүс ганц нэгээрээ холхиж, юу ч юм түүж, газар ухаж харагдав. Тоосгоны үйлдвэр орчмоор ч адил байв. Учрыг нь асуувал хүмүүс нүүрс болон уурхайчдын “Хэрэггүй” гээд хаясан эд, хэрэглэлийг түүж буй гэнэ.

Тэндхийн манаач н.Дэлгэр “Уурхай ажиллах нь бидэнд ашигтай. Нас явсан бидэн шиг хүмүүст байтугай залууст ажил олдохгүй байна. Манаач хийгээд бид амьжиргаагаа залгуулна гэдэг том боломж. 200 000 төгрөгөөр сахиул хийгээд амьжиргаагаа дөмөгхөн залгуулчихаж байна. Цооногуудыг хаана л гэх юм. Эд цөм зөвшөөрөлтэй шүү дээ. Төр, нийслэл, дүүргийн удирдлага нэгнийхээ шийдвэрийг байнга л үгүйсгээд сүүлдээ учир зүйг нь олохоо байлаа.

Хэрэв цооногуудыг хаачихвал бид яах вэ. Дарга нар нэг юм бодох байлгүй дээ. Ямар хулгай хийлтэй нь биш. Уурхайн ажил зун ч үргэлжилдэг. Тэр хар л даа. Цооногоос гарсан хаягдал нүүрсийг шигшээд томыг нь түүж байгаа биз дээ” гээд хүнд даацын машин ажиллуулж, тухайн орчныг нүүрсний үртсээр “дарж” буй хүмүүс рүү заав. Түүний хэлсэнчлэн тэдгээр хүн хаягдал нүүрс шигшиж байв. Тэдэнтэй ижил ийм хөдөлмөр эрхэлдэг хүн олон аж.

Налайх дүүргийн Засаг дарга Р.Раднаабазар уурхайн үйл ажиллагаа, үүсээд буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх талаар “Налайх дүүргийг хөгжүүлэх хэрэгтэй. Иргэд байнга ийм маягаар амьдарч таарахгүй биз дээ. Бид уурхайн үйл ажиллагааг хүчээр зогсоох гээгүй. Өнөөдөр хүмүүс гар аргаар нүүрс олборлож, үүний уршгаар амиа алдаж байна. Байгаль, экологи ч сүйдлээ. Энэ бүхнийг шийдвэрлэхийн тулд иргэд болон холбогдох хүмүүсээс санал авч байгаа. Цаашид хэрхэх нь тодорхойгүй” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, уурхайг хааж ч мэдэх нь, үгүй ч байж магадгүй.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Дүүрэгт үзүүлсэн уурхайн үр өгөөж арвин. Гэтэл уурхайг гэнэт хааснаар иргэд багагүй хохирол амсаж, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс одоо хэр нь нөхөн олговроо гүйцэд аваагүй. Саяхан зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтаар хоёр л асуудлыг хөндсөн. Эхнийх нь уурхайн одоогийн үйл ажиллагааг хэрхэх вэ гэдэг асуудал. Аюулгүй болгох, хөдөлмөр хамгааллыг сахиулах гээд нэлээд асуудал яригдана.

Үүний дараа уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй хөрсний эвдрэлийг хэрхэн шийдэхийг ярилцлаа. Эдгээр асуудлыг нийслэл, дүүргийн бус, Засгийн газрын хэмжээнд ярих нь зүйтэй. Тэгж байж дорвитой шийдвэр гаргаж, тэр нь үр дүнд хүрнэ. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ёстой шүү дээ” гэлээ. Албаны хүмүүсийн ярьж буйгаас үзвэл уурхайг хаах, эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Тэр байтугай, төлөвлөгөө ч гаргаагүй бололтой.

Тус дүүргийн иргэн, ахмад уурхайчид “Уурхайн үйл ажиллагааг зогсоох ямар ч боломжгүй, зогсоож чадахгүй. Ийм үр дүнгүй ажилд цаг, мөнгө зарах шаардлага байхгүй л санагдана. Энд ажлын байр бий болсон цагт л хүмүүс нүүрс олборлохоо болино шүү дээ. Ажлын байргүй болохоор л залуус уурхай руу зүтгээд байгаа юм. Уурхайг хаах талаар уулзалт зохион байгуулахын оронд ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр зөвлөлдмөөр байгаа юм, уг нь. Нарлаг баг дахь уурхайг хаагаад юу өөрчлөгдөв. Тэнд ажиллаж байсан хүмүүс өөр цооногт л ажиллаж байна” хэмээн санал, бодлоо илэрхийлэв. Залуус нь үүнийг дэмжиж буй гэсэн.

Налайхын иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудаж буйг амтай болгон хэлж байна. Хөрсөн дор нь 10 гаруй сая тонн нүүрс бий гэх ч хулгана хөеөгөө хурааж буй шиг ухсаны улмаас авахад улам л хүндэрч буй аж. Ажиллах орчин, нүүрсэнд хүрэх зай нь улам холдож буйгаас хүний амь эрсдэж байгаа тухай иргэд ярьж байна. Тиймээс тэд шинээр ажлын байр бий болгох шаардлагатай гэдэг саналтайгаа хэлсэн. Харин дүүрэг, нийслэлийн удирдлага, Засгийн газрын түвшинд асуудал дэвшүүлж, шийдвэр гаргуулах гэнэ. Нөхцөл, байдал хэрхэн, хаашаа эргэхийг ирэх намар л мэдэх нь.


Бэлтгэсэн: Г.Цэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)