“Төрийн банк”-ны захирлуудын төрд ажиллах эрхийг нь хасаж, хорих ял оноов

“Төрийн банк” 10 жилийн ойгоо тэмдэглэж байх өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус банкны удирдах албан тушаалтнуудын гэм буруутай, эсэхийг дөрөв хоног хэлэлцсэн билээ. Тодруулбал, тус банкны ерөнхий захирал Д.Баярсайхан, гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн, тэргүүн дэд захирал Д.Ганбаатар, Зээлийн ерөнхий хорооны гишүүн Ц.Энхтунгалаг, Ж.Бурмаа, Л.Чинбат, Г.Тогтохбаатар, Б.Эрдэнэбаатар нарт холбогдох “маш нууц” хэргийг дээрх шүүх хаалттай хэлэлцээд улмаар нэг холбогдогч, түүний өмгөөлөгчийнх нь гаргасан саналын дагуу тав хоног завсарлаад байсан юм. Д.Баярсайхан нь 2016-2017 онд тус банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл зургаан сарын хугацаатай олгосон. Эргэн төлөгдөх хугацаа 2017 оны арванхоёрдугаар сарын 22-нд дууссан ч тус компани зээлээ төлөөгүй. Уг зээлийг олгохдоо Д.Баярсайхан Банкны тухай болон өөр нэг бус хууль зөрчсөн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын Мөрдөн байцаах газарт шалгасан юм.

Мөн “Төрийн банк”-нд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Цэндсүрэн, өнөөгийн удирдлагын багт нь байдаг тэргүүн дэд захирал Д.Ганбаатар нар 4.7 тэрбум төгрөгийн зээл олгохдоо эрх мэдэл албан тушаалаа урвуулж, 98 000 ам.долларын хахууль авч, тавилга, бусад эд зүйл хувьдаа авсан хэрэгт холбогдсон билээ. “Шинжан шинфан” ХХК-д эрх бүхий албан тушаал хашдаг Сун Гуан Чин болон түүний өмгөөлөгчийн гаргасан, хохирлоо төлөхийн тулд авсан тав хоногийн завсарлагын хугацаа өчигдөр дуусаж, шүүгдэгч нарын гэм бурууд тохирох ял шийтгэлээ. Тухайлбал, “Төрийн банк”-ны ерөнхий захирал Д.Баярсайханыг албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасан, хоёр жил хорих ял оноов. Харин тус банкнаас зээл авсан “Шинжан шинфан” ХХК-д эрх бүхий албан тушаал хашдаг Сун Гуан Чинийг мөн хугацаагаар хорихоор болжээ. Зээлийн ерөнхий хорооны гишүүн Г.Тогтохбаатарт нэг жил зургаан сар хорих ял оноосноос гадна нийтийн албан тушаал эрхлэх эрхийг дөрвөн жил хассан байна. Мөн хорооны гишүүн Л.Чинбат, тэргүүн дэд захирал Д.Ганбаатар нарыг 10 сая төгрөгөөр торгож, нийтийн албан тушаалд ажиллах эрхийг 2-4 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэжээ. Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж байхдаа сайд З.Баянсэлэнгийнхээ хэрэгт холбогдсон, “Төрийн банк”- ны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэнд хахууль өгсөн М.Болортуяаг 120 сая төгрөгөөр торгохоор болсон бол Зээлийн ерөнхий хорооны гишүүн Ц.Энхтунгалагт нэг жил зургаан сар хорих ял оноосон ч уг шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулсан байна.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)