Төрийн банкны ерөнхий захирлыг ЭЦА-ныхан шалгаж эхэллээ

Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан өчигдөр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнуудад байцаалт өглөө. Түүнийг яллагдагчаар татах саналыг тус газраас НПГ-т хүргүүлсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Зарим мэдээллийн хэрэгслээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр БНХАУ-ын “Шинжан шинфан” компанийн нэр дээр 20 тэрбум төгрөгийн зээл Төрийн банкнаас гаргасан гэх хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн хэмээж буй. Уг хэргийг тагнуулын байгууллага шалгаж байгаа бөгөөд харин өчигдөр мэдүүлэг өгсөн үйлдэл нь өөр гэдгийг хэд хэдэн эх сурвалж баталлаа. 

Төрийн банкны эх сурвалж “Хууль хяналтын байгууллага тайлбар авсан нь үнэн” гэсэн юм. Өнгөрсөн сарын сүүлчээр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан тус банкны удирдлагатай холбоотой нэлээд ноцтой хэргийн сэжүүрээс атгасан хэмээн эх сурвалж мэдээлж байсан. Үүнийгээ лавшруулан ерөнхий захирал Д.Баярсайханаас байцаалт авсан нь энэ аж. Д.Баярсайханы хувьд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай садан төрлийн холбоотойг олон хүн мэднэ. Бас нэг садан нь МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид удирдах албан тушаал хашдаг юм.

Ташрамд дурдахад, тус банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж буй Д.Ганбаатар, тус банкны гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн нарыг яллагдагчаар татан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа. Тэднийг 4.7 тэрбум төгрөгийн зээл олгохдоо эрх мэдлээ урвуулж, 98 000 ам.доллар авч, тавилга, бусад эд зүйл хувьдаа авсан хэрэгт буруутгаж буй. Хэрэгт холбогдогчдыг батлан даалтад гаргасан талаар эх сурвалжууд мэдээлсэн. 

Мөн тус банкны Тээврийн товчоон дахь салбарын эрх бүхий албан тушаалтан С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн, Ч.Ариунгэрэл нарыг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчид шалгаж буй бөгөөд 60 гаруй хүний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгөнөөс завшсан, мөнгө угаасан байж болзошгүй” хэмээн буруутгаж байгаа билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)