Төрийн албан хаагчийг хууль бусаар халах нь газар авчээ

Сайд, дарга нар хууль бус шийдвэр гаргаж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгодог буруу жишиг Монголд тогтоод удсан. Хамгийн гол нь тэдгээр даргын гаргасан хуудуутай шийдвэрийн горыг төр хариуцдаг. Тодорхой хэлбэл, ажлаасаа халагдсан төрийн албан хаагч шүүхэд хандаж, буруугүйгээ баталгаажуулах үед тэдний ажилгүй байсан хугацааны цалинг ажиллаж байсан газрынх нь санхүүгийн хэлтэс буюу Төрийн сангаас гаргадаг. Дараа нь буруутай албан тушаалтнаас гаргуулахаар хуульчилсан. “Төрийн сан гэж төсвийн хэрэгжилтийг хангах зорилгоор байгуулсан Сангийн яамны Төрийн сангийн газар, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Санхүү, эдийн засаг, Төрийн сангийн хэлтэс, аймаг, сумын ЗДТГ-ын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийг хамааруулж ойлгож болно. Дээр дурдсанчлан Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр албан хаагчийг хууль бусаар халсан сайд, дарга, даамал, мяндагтанд хариуцлага хүлээлгэж, төрөөс гаргасан мөнгийг нөхөн төлүүлэхээр зохицуулалт хийсэн. 2019 оны нэгдүгээр сараас эхлэн мөрдөж буй хуулийн хүрээнд Төрийн албаны зөвлөлийнхөн төрийн жинхэнэ буюу захиргаа, төрийн тусгай алба хаагчдийг ажлаас хууль бусаар чөлөөлсөн нөхцөлд шүүхэд гомдол гаргадаг. Харин Үндэсний аудитын газар, УЕПГ-аас төрийн жинхэнэ албан хаагч уу, үйлчилгээ, улстөрийн албан хаагч уу гэдгийг үл харгалзан шүүхэд нэхэмжлэл гаргаж төрийг хохиролгүй болгох эрхтэй. Үндэсний аудитын газраас төрийн байгууллагуудын санхүүгийн тайланд шалгалт хийх үед энэ мэт зөрчил цөөнгүй илэрдэг байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан судалгаагаар төрийн байгууллагын ажил олгогчдын буруугаас ажлаасаа халагдаж, 2019 онд захиргааны хэргийн шүүхэд хандсан хүмүүсээс 157 нь ялалт байгуулжээ. Мөн онд иргэний хэргийн шүүхэд хандсан хүмүүсээс 367 хүн заргаа авсан байна. Өөрөөр хэлбэл, сайд, дарга нар өнгөрсөн онд 514 хүнийг ажлаас хууль бусаар халсныг захиргаа болон иргэний шүүхээс гаргасан хүчин төгөлдөр шийдвэрүүд илтгэж буй. Эдгээрийн багагүй хувь нь ЦЕГ, ГЕГ-ын дарга нарын 2018, 2019 онд гаргасан ажлаас халах тухай тушаалуудыг хууль бус хэмээн үзэн, хүчингүй болгож, цалинг нөхөн олгож, ажилд эргүүлэн томилох шийдвэр эзэлж буй гэдгийг онцолсон.

2019 оны байдлаар төрийн өндөр дээд албан тушаалтан буруутай шийдвэр гаргасны улмаас улсын төсвөөс 1.2 тэрбум төгрөг төлснийг Үндэсний аудитын газраас хэлж буй. Тус газраас төрийн байгууллагуудын санхүүгийн тайланд шалгалт хийх үед энэ мэт зөрчил цөөнгүй илэрдэг байна. Үүний 60 орчим сая нь төрийн жинхэнэ албан хаагчдад өгсөн нөхөн олговор аж. Уг мөнгөний зарим хэсэг нь шүүхийн шийдвэрээр олгогдсон, нэг хэсэг нь шүүхийн шатанд эвлэрч сайн дураараа өгсөн нөхөн төлбөр юм.

Үндэсний аудитын газраас гаргасан акт, албан шаардлагыг заавал биелүүлэх хуулийн заалт ч бий. Акт албан даалгавар биелүүлээгүй бол Төрийн албаны хуулиар хариуцлага хүлээлгэх ёстой. Гэвч удирдах албан тушаалтнууд хуулийн эл заалтыг огт биелүүлдэггүй аж. Энэ бэрхшээл шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарт ч тулгардаг байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр очсон алба хаагчдад дарга нар томорч, үл хайхардаг аж. Тиймээс УЕПГ, ШШГЕГ, Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөлийнхнөөс хохирлыг төрөөс эхэлж барагдуулаад дараа нь буруутай албан хаагчаас нэхэмжилдэг тогтолцоог өөрчилье гэх хүн ч гарсан. Өөрөөр хэлбэл, заавал төрөөр дамжуулж байхаар өр барагдуулж байхаар хуудуутай тушаал гаргасан дарга нараас хохирлыг шууд нэхэмжилье гэсэн саналыг дээрх албаныхан хэлж буй.

Төрийг хохиролгүй болгоход шүүхийн үүрэг оролцоо чухал гэнэ. Харамсалтай нь, аудит, прокурор, Төрийн албаны зөвлөлөөс гаргасан нэхэмжлэлийг шүүх ихэнхдээ хүлээж авахаас татгалздаг юм байна. Шүүгчдийг хуулийг дураараа тайлбарлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийддэг, Шүүхийн шийдвэрийн цахим сангаас авсан мэдээллийг нотлох баримтын хэмжээнд тооцдоггүй, төрийн байгууллагын хүсэлтгүй бол прокурорын байгууллага нэхэмжлэл гаргах эрхгүй хэмээн шүүх хэргийг нь хүлээж авдаггүй гэж шүүмжилж байв.

Тийм хэдий ч уйгагүй тэмцсэний хүчинд Төрийн албаны зөвлөлөөс энэ онд буруутай албан тушаалтнаар 4.5 сая төгрөгийг эргүүлэн төлүүлж, Төрийн санд төвлөрүүлжээ. Харин прокурорынхон энэ онд төр, нийтийн ашиг сонирхолд хор учруулсан гэх 217 нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, буруутай албан тушаалтнаас 446.5 тэрбум төгрөг нэхэмжилснээ мэдээлэв. Үүний 87 нэхэмжлэлийг нь хүлээж авахаас татгалзжээ.

Мөн прокурор, аудитынхан хамтарч төрийн албан хаагчийг хууль бусаар халсан гэх 14 нэхэмжлэлийг шүүхэд гаргаад байгаа гэнэ. Мөн прокурор, Төрийн албаны зөвлөл хамтарч мөн л төрийн албан хаагчдыг ажлаас нь хууль бусаар халсан гэх гурван нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Мэдээлэл цуглуулах явцдаа ШШГЕГ-аар очсон юм. 2006-2020 онд улсын төсвөөс 66.5 тэрбум төгрөг гаргуулж, иргэн, аж ахуйн нэгжүүдэд өгсөн гэдгээ тус газрынхан хэлсэн. Дээрх тоог задалбал, 1159 иргэнд 19.9, эрүүгийн хэрэг хянах шийдвэр ажиллагааны явцад хохирсон 365 иргэнд 10.5, тэрбум төгрөг олгожээ. Мөн 424 хуулийн этгээдэд 46.6 тэрбум төгрөг өгсөн байна. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагаас учруулсан хохиролд дээрх хэмжээний мөнгийг төсвөөс гаргуулсан гэсэн үг.

2020 онд манай дарга нар 164 хүнийг ажлаас нь хууль бусаар халжээ. Тодруулбал, 148 нь төрийн захиргааны, 16 нь төрийн тусгай албан хаагчид гэнэ. Тэдний 40 хувь ажилдаа эргэн оржээ. Харин 60 хувьд нь өнөөдөр ч ажиллагаа хийж, ажилд эргүүлэн томилуулахаар ажиллаж байна. Тодорхой хэлбэл, шүүхийн 93 шийдвэрийг биелүүлэхээр ажиллаж буй. Эдгээрийн 14 нь зөвхөн ажилд томилох, 33 нь цалин олгох, 46 нь ажилд томилох, цалин олгох шийдвэр байна. Ийнхүү төрийн зарим байгууллага эрвийх дэрвийхээрээ дарга, сайд нартай тэмцэж буй. Харин шүүх жаахан дэмнээд өгчихвөл төрийн албаны хууль бус томилгоо, халаа сэлгээ цэгцэрнэ гэдгийг дээрх албаныхан хэлсэн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)