Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд 56 тэрбум төгрөг төсөвлөжээ

С.Цэрэндулам


Засгийн газар ирэх есдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэр гаргасныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өчигдөр мэдээллээ. Манай улс 192 000 орчим төрийн албан хаагчтай. Тэдний цалинг 8-30 хувиар нэмэх талаар ОУВС-тай зөвшилцөлд хүрсэн байна. Энэ нь сүүлийн 2-3 жилийн инфляцын түвшин, улсын төсөвт гарсан эерэг үзүүлэлт, эдийн засгийн байдалд тулгуурласан дүн гэв.

Мөн зарим ажлын байрны ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоож тэдгээрийн ачаалал, нөхцөлд тохируулан, ажиллагсдынх нь цалинг харилцан адилгүй нэмэх гэнэ. Тухайлбал, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж болон эх, нялхсын чиглэлийн сувилагчдын цалинг 30, дотор, мэдрэлийн тасгийн сувилагчийнхыг 20 хувиар нэмэх аж.

Мөн бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын цалинг 14 хувиар өсгөх юм байна. Харин эмч, багш болон тэдэнтэй дүйцэх ажил, мэргэжлийнхэн, соёл, урлагийн салбарын нийт 145 000 орчим хүний цалинг найман хувиар нэмэх болжээ. Цалин нэмэхэд 56 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд ирэх онд ч 220 орчим тэрбум төгрөгт багтаан цалин, тэтгэвэр нэмэх талаар ярилцаж буйгаа дуулгалаа. Харин төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокурорын цалинд өөрчлөлт оруулахгүй гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)