Төрийн албан хаагчдыг Энэтхэгт сургана

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг БНЭУ-д айлчлан, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр төрийн албанд сонгон шалгаруулж авах шалгалт зохион байгуулах, оролцогчидтой шууд ярилцлага хийх замаар элсүүлэх, дэвшүүлэх, сэлгэн ажиллуулах, ажилтан элсүүлэх дүрэм, журмыг боловсронгуй болгох, зөрчил гаргагчдад сахилгын шийтгэл ногдуулах, хариуцлагыг өндөржүүлэх гэхчлэн харилцан туршлага солилцох боломж бүрдэж буй гэнэ. Мөн төрийн албаны чадавхыг дээшлүүлэх, сонгон шалгаруулалтын оновчтой тогтолцоо бий болгох зэргээр хамтран ажиллах юм байна. 

Өнгөрсөн онд яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, онцгой байдлын албаны ажилтнууд тус улсад сургалтад хамрагдсан бол ойрын хугацаанд аймгуудын Засаг дарга, түүний Тамгын газрын болон холбогдох төрийн захиргааны байгууллагын гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнууд номын дуу сонсох юм. Тус улсын төрийн албаны төв байгууллага болох Холбооны төрийн албаны комисс нь 10 гишүүнтэй, удирдлагынх нь бүрэн эрхийн хугацаа зургаан жил аж.

Б.Уран


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)