Төрийнхний ТББ-уудын санхүүжилтийг хязгаарлаж эхлэх нь

“Төр хүчгүй байна. Явуулж буй бодлого, үйл ажиллагаа нь оновчгүй, олон нийтэд үр өгөөжөө өгсөнгүй. Хийж амжихгүй ажлаа ТББ-ынханд даатга” хэмээн төрийн бус байгууллага (ТББ), иргэний нийгмийн төлөөллүүд шаардаж, ард олныг юунд ч юм уриалан дууддаг. Өнгөрсөн өдрүүдэд гэхэд Монголын үндэсний фронтынхон УИХ-ыг тарахыг шаардаж, Сүхбаатарын талбайд жагссан. Тэд төрд ямар дарамт шахалт үзүүлэв. Хийсэн жагсаал цуглаан нь ямар үр дүнд хүрэв гэвэл бичих зүйл бас л хомс. Монголд олон нийтийн нэр барьж, шашин, тэр ч бүү хэл, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ынхан хэрээс хэтэрснийг илтгэх нэг жишээ нь энэ болов уу.

Монголд 22 000 ТББ бий хэмээн ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хэлсэн. Тэдний 90 орчим хувь нь гадаадын байгууллагаас санхүүждэг. Гэхдээ олонх нь санхүүжилтээ зорилтот бүлэг, чиглэсэн үйл ажиллагаандаа зарцуулсан, эсэхээ тайлагнадаггүй. Товчхондоо, олон нийтийн төлөөх Монголын ТББ уу, гадаад улсаас санхүүждэг тухайн улсын төлөөлөгчийн газар уу гэдэг нь тодорхойгүй ТББ цөөнгүй. Тиймээс зарим хуульч “ТББ нэрийн доор үндэсний аюулгүй байдалд заналхийлж, үндэстнийг хагалан бутаргах далд зорилготой үйл ажиллагаа явуулах нь цагаандаа гарлаа” хэмээх болсон. Шүүмжлэл үнэнд нийцсэнийг манай улс ФАТФ-ын “сааралт жагсаалт”-д орсноос харагдах биз ээ. Өөрөөр хэлбэл, “саарал жагсаалт”-д орсон дөрвөн шалтгааны нэг нь Монгол дахь ТББ-ын замбараагүй санхүүжилт юм. Хандив тусламж, гишүүдийнхээ татвараар санхүүждэг гэх хэрнээ үнэтэй тавилга бүхий оффист сууж, тансаг автомашин унаж, гадаадаар зугаалсан ТББ-ынхан захаас аваад байгаа нь үнэн.

ТББ-ын нэрээр ашиг олж буй хуулийн этгээд Монголд цөөн биш. Тэдгээр ТББ-ын ард УИХ-ын гишүүд ч бий. ТББ болон сан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хамаарахгүйгээс тэд ийм халхавч хийж, үйл ажиллагаа явуулдаг. Бүр тодруулбал, “Ховддоо сайхан амьдарья”, “Архангай аймгийн Залуучуудын холбоо”, “Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбоо”, “Монголын хүнсчдийн холбоо” зэрэг ТББ-ыг УИХ-ын гишүүд тэргүүлж байна. Жишээ нь, ХХААХҮЯ-ыг хэдэнтээ толгойлж байсан, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Монголын хүнсчдийн холбоо” ТББ-ын ерөнхийлөгчөөр ажилладаг. Түүний мэндчилгээ бүхий албан ёсны цахим хуудас руу нь орж сонирхсон юм. Гишүүнчлэл, үйл ажиллагааны мэдээлэл байх авч шилэн данс гэсэн цэс рүү ороход ямар ч илэрцгүй байлаа. Уг нь хууль, журмаар бол ТББ-уудын санхүүжилт болон зарцуулалт нь ил тод байх ёстой. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар өөрийн тэргүүлдэг “Хөвсгөл хөгжил сан” ТББ-аараа дамжуулан сонгуулийн сурталчилгаа хийсэн мэдээлэл цахим орчинд хангалттай байна билээ. Энэ мэтээр төрийн түшээд ТББ байгуулж, өөрсдийгөө сурталчлах эсвэл төрийн мөнгийг эл байгууллагаараа дамжуулан угаадаг, завшдаг гэх гадаад дотоодын аж ахуйн нэгж, иргэдийн хардлага шүүмж бий. Өдгөө энэ бүхнийг эмх цэгцэд оруулж, эрх зүйн орчныг нь сайжруулахаар ТББ-уудын хуулийг ид хэлэлцэж байна. Энэ хуульд анх удаа “гар хүрч” буй юм биш. 1998-2016 оны хооронд зургаан удаа засаж, сэлбэсэн аж.

Гэхдээ ТББ-уудын үйл ажиллагааг сайжруулах гэхээсээ илүүтэй бусад салбарын хууль тогтоомжтой уялдуулах гэж засварласан гэнэ. Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл батлагдвал ТББ-уудын хийх ажлыг нарийн тодорхойлж, түүнд тавих хяналтыг чангатган, санхүүжилтийг ч өнөөгийнх шиг дэл сул орхихгүй, нягт хянах гэнэ. Тодруулбал, ТББ-уудын үйл ажиллагааг тогтвортой байлгахад анхаарч, аж ахуй эрхлэх, төлбөрт үйлчилгээ үзүүлэх, дүрэмд заасны дагуу орлогоо зарцуулах зэрэгт нарийн зохицуулалт хийнэ. Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөлд санхүүжилтийг хязгаарлах ямар заалт орсныг сонирхлоо. Санхүүжилтийг тус хуулийн төслийн 14 дүгээр зүйлд хуульчилж өгчээ. Энд тусгаснаар ТББ-ууд цагдаа, тагнуулынхны чанга шүүлтүүр доор гадаадын байгууллагаас санхүүжилт авах нь. Улмаар санхүүгийн тайлангаа олон нийтэд, гишүүддээ тайлагнахаар заажээ. Үүнээс гадна олон нийтэд тустай үйл ажиллагаа явуулсан бол төрөөс санхүүжиж болно гэх заалт оруулсан байна. 

Одоо мөрдөж буй хуульд ч ийм заалт бий. Гэхдээ гишүүд, сайд дарга нар халаасны ТББ-аа санхүүжүүлэхээс бус, зорилтоо зөв тодорхойлсон олон нийтийн байгууллагыг тэр бүр санхүүжүүлдэггүй. Их л сайндаа нэг удаагийн гарын авлага бэлтгэх, сургалт зохион байгуулах зэргийг нь дэмжиж багахан мөнгө олгодог. Харин улс төрийн зорилготой жагсаал, цуглаан хийдэг ТББ-ыг хэдэн зуун сая төгрөгөөр санхүүжүүлдэг гэх яриа байдаг. Түүнчлэн ХЗДХЯ дэргэдээ Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөлтэй байхаар тусгажээ. Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл нь зарим тохиолдолд татан буусан ТББ-ын хөрөнгийг авах үүрэг хүлээсэн байна билээ. Мөн хуулийн төсөлд зааснаар Ерөнхийлөгч, УИХ болон нийслэл, аймаг, сумдын ИТХ-д нэр дэвшигчид хандив тусламж өгөхийг хориглож буй. Мэдээж төрийн албан хаагч, улс төрийн намын дарга, удирдлага ТББ-тай байхыг хазаарлана.

Санхүүжилтийг хуульд энэ маягаар тусгажээ. Гэхдээ эдгээр заалтыг ихэнх ТББ-ын гишүүд таалсангүй. Нөгөө талаар ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Татварын багц хуулиар ТББ-уудын олонх нь татвар төлөхөөр болж байгаа. Тиймээс ТББ-ын зарим төлөөлөл “Монголд ТББ-ыг дэмжсэн санхүүгийн тогтвортой бодлого байхгүй, орчин бүрдээгүй. Тиймээс бүртгэлтэй байгаа хоёр ТББ-ын нэгийнх нь үйл ажиллагаа зогссон байдаг. Хуулийн төсөлд ч санхүүжилтийн нөхцөл байдлыг дээрдүүлсэн бус, дордуулсан заалт оруулсан” хэмээн гомдоллож буй. Ямартай ч ирэх оноос Татварын багц хууль хэрэгжинэ. Бас шинэ хууль батлагдчихвал ТББ-уудын замбараагүй санхүүжилтийг бүрэн утгаар нь хянаж, хазаарлах нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)