Төрийг түйвээдэг түр орлон гүйцэтгэгчээс хэзээ салах вэ

Д.Тогтохсүрэн гишүүний хэлсэнчлэн “Түр орлон гүйцэтгэгч” гэсэн ойлголт байхгүй Төрийн албаны тухай хуулийг мөрдөж эхлээд гурав дахь сартайгаа золгох гэж байна. Тэрбээр уг хуулийг батлах хүртэл төслийг нь “нухсан” ажлын хэсгийн ахлагчийн хувьд үүнийг тун итгэлтэй хэлж ирсэн. Тэгвэл хамгийн сүүлийн судалгаагаар одоогоор улсын хэмжээнд төрийн албанд 1159 түр орлон гүйцэтгэгч ажиллаж байна. Энэ бол Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл хангах, жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшнийг үнэлэх зорилгоор улсын хэмжээнд (13 яам, 23 агентлаг, 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 44 576 албан хаагчийг хамруулсан), нэг сарын турш буюу өнгөрсөн арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сард зохион байгуулсан шалгалтын дүнд дурдсан тоо (Төрийн албаны шалгалт өгч тэнцсэн ч тангараг өргөөгүй, сонгон шалгаруулалтгүй буюу шалгалт өгөөгүй томилогдсон албан хаагч болон гэрээт ажилтны тоог графикаар үзүүлэв).

Уг нь Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолоор төрийн захиргааны төв болон захиргааны байгууллагын удирдах албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүмүүсийн сонгон шалгаруулалтын захиалгыг өнгөрсөн оны есдүгээр сарын 1-ний дотор Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх ёстой байсан юм билээ. Үүний дагуу сонгон шалгаруулалт зарлаж, удирдах албан тушаалтнуудыг жинхэлэн томилохыг үүрэг болгосон ч хэрэгжүүлсэнгүй. Төрийн албыг төрөл арилжсан мэт шинэчлэх зорилготой уг хуулийг хэрэгжүүлж эхлэхтэй хамт үгүй болно хэмээн найдаж байсан түр орлон гүйцэтгэгч нарыг цаашид яах вэ.

Учир нь түр орлон гүйцэтгэгчээр дамжуулан төрийн албыг бужигнуулсан алдаа АН, МАН-ын аль алинд нь бий. УИХ-ын сонгууль бүрийн дараа олонх болж, арай илүү суудал авсан нь намын гишүүд, найз нөхөд, хамаатан садан гээд хамаг л ойрын хүмүүсээ шургуулж ирсэн нь нууц биш. Тэгж бужигнах тоолонд монгол төрийн чадавх, ой санамж, дархлаа гээгдэж ирсэн. Өнөөдөр тулгамдаж буй олон асуудлын уг гарал нь төрийн алба төрлийн алба болж доройтсонд оршиж байгаа гэдэгтэй олон хүн санал нийлж буй.

Түр томилогдсон атлаа “жинхэнэ”-ээс нь дутахгүй тушаал, шийдвэр гаргадаг ч үүрэг, хариуцлага хүлээхдээ тулбал “хагас, дутуу” нэгэн болж хувирдаг “түр орлон гүйцэтгэгч” гээчийг шинэ хуулиар хэрхэн зохицуулах вэ гэдэгт албаны хүн “Тодорхойгүй” хэмээн хариулсан. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Өмнөх хуулийн хүрээнд түр орлон гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгэгчээр томилсон албан хаагч багагүй бий. Үүнийг хэрхэн зохицуулах талаар шинэ хуульд тодорхой заагаагүй. Гэхдээ шинэ хуулиа мөрдөөд эхэлчихсэн учраас холбогдох зүйл, заалтыг дагана. Тиймээс Төрийн албан хаагчдад тавих тусгай шаардлагын болон Төрийн албан хаагчдад тавих албан тушаалын тодорхойлолтын нийтлэг журам, тодорхойлолтын баталж, мөрдөж эхэлсэн. Ингэснээр албан тушаалын тодорхойлолтыг шаардлага хангахгүй байгаа албан хаагчийг чөлөөлөхөөс өөр аргагүй” гэсэн юм. Үнэхээр ч төрийг төвхнүүлэх бус, түйвээдгээрээ танигдсан түр орлон гүйцэтгэгч “оршин тогтнох” орон зай шинэ хуульд байхгүйг холбогдох зүйл, заалтаас нь харж болохоор. Гэвч төрийн албаны шалгалт өгч тэнцсэн ч тангараг өргөөгүй, сонгон шалгаруулалтгүй буюу шалгалт өгөөгүй томилогдсон албан хаагч болон гэрээт ажилтан, түр орлон гүйцэтгэгч гээд нийт 5300 хүн шинэ хуулийн хүрээнд “амьдарсаар” байна. Тэднээс шаардлага хангасныг нь жинхэлж, үлдсэнийг нь төрийн албанаас чөлөөлөх ажлыг яаравчилбал яасан юм бэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 14 газар, хэлтсийн дарга нараас 12 нь түр орлон гүйцэтгэгч байх жишээтэй.

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед зарим яам нь Төрийн нарийн бичгийн даргаасаа авхуулаад газар, хэлтсийн дарга нар, харьяа байгууллагынх нь удирдлага гээд тэр чигтээ түр орлон гүйцэтгэгч байсан бөгөөд 2012 оны долдугаар сараас 2013 оны арванхоёрдугаар сар хүртэл зөвхөн төрийн удирдах албан тушаалд 996 хүн томилсны 493 нь ийм тодотголтой байсан талаар сүүлд нь шуугиад өнгөрсөн. Тэдний 253-ыг нь жинхэлэлгүй байлгасаар “түр орлон гүйцэтгэгч” статустайгаар Ч.Сайханбилэгийн Засгийн газарт шилжүүлсэн байдаг. Одоогийн байдал үүн шиг сунжрахгүй гэсэн баталгаа алга. Учир нь түр орлон гүйцэтгэгч байгаа ажлын байранд сонгон шалгаруулалт зарлахдаа тодорхой хугацаа заадаггүй юм билээ. Тэгээд ч аль нэг салбар зөвлөлөөс ажлын байрны сонгон шалгаруулалт зарлах захиалгаа Төрийн албаны зөвлөлд ирүүлдэг ч “тоглож” байгаа юм шиг зохион байгуулалтын ажил хэдийн эхэлсэн хойно гэнэт цуцалчихдаг. Үүнийг хязгаарлах арга зам бий, эсэхийг Д.Баатарсайхан гишүүнээс тодруулахад, “Сонгон шалгаруулалтад цаг хугацааны болон бусад шаардлага тавихаас илүүтэй Төрийн албаны тухай хуулийн зүйл, заалтаа л мөрдөнө. Зарласан, захиалсан ажлын байрны шаардлага ямар байна, түүний дагуу л сонгон шалгаруулалт зохион байгуулдаг. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд байгаа үүрэг гүйцэтгэгч дарга нар хуулийн шаардлага хангавал жинхэлнэ. Хангахгүйг нь чөлөөлөөд, шаардлага хангасан албан хаагчаар тухайн орон тоог нөхнө” хэмээн хариулсан.

Нөгөө талаас түр орлон гүйцэтгэгч тэргүүтэй дээр дурдсан хүмүүсээс шаардлага хангаагүйг нь чөлөөлөөд эхэлбэл төрийн албыг бужигнууллаа гэж шүүмжлэхэд бэлэн хүмүүс бий. Үүнийг зах зухаас нь мэдэрч, болгоомжилж буйгаа албаныхан нуухгүй байна лээ. Юутай ч дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд болзошгүй шүүмжлэлээс айж бэргэхээс илүүтэй хуульдаа захирагдан аль болох уян хатан, ойлгомжтой, тодорхой ажиллах нь Төрийн албаны зөвлөлийнхөнд юу юунаас чухал гэлтэй.

Тэгээд ч хуучин шиг 330 сумын Засаг дарга томилуулахад 330 янзын захиалга өгдгийг шинэ хуулиар болиулсан. Өөрөөр хэлбэл, эрх барьж буй нам томилуулахаар зорьсон хүндээ тааруулсан шаардлага бүхий захиалга өгдөг байсан үед ард хоцорч, ижил албан тушаалд нэг төрлийн шаардлага тавих болсон. Энэ нь Төрийн албаны зөвлөлийнхнийг хараат бусаар, элдэв шахалт дарамтгүй ажиллахад дөхөм болох учиртай. Тиймээс төрийг түйвээдэг түр орлон гүйцэтгэгч нарын үеийг төгсгөл болгох ажлаа түргэвчилбэл яасан юм бэ.

43 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам

  • 43.1. Энэ хуулийн 43.3.1-т зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор гаргана.
  • 43.2. Түр орлон гүйцэтгэгч нь тухайн албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлнэ. Шийдвэрт түр орлон гүйцэтгэх хугацаа болон шаардлагатай бол зарим бүрэн эрхийг хязгаарлах талаар тусгана.
  • 43.3. Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараахь журмаар түр орлон гүйцэтгүүлнэ:
  • 43.3.1. Байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэх;
  • 43.3.2. Дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх;
  • 43.3.3. Энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрлийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсоны дагуу түр орлон гүйцэтгүүлэх;
  • 43.3.4. Жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас гурван сараас нэг жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх.
  • 43.4. Албан үүргийг түр орлон гүйцэтгэх албан хаагч нь үндсэн албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүйгээр албан үүргийнхээ зэрэгцээ түр орлох албан тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг хариуцна.
  • 43.5. Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.
  • 43.6. Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно.

Төрийн албаны тухай хуулиас


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)