Төрийг нам дэвслэх цаг эргэн ирэв


Бидний ой санамж богинохон хэдий ч 1990 онд ардчилагчид юу шаардаж байсныг арай ч мартчихаагүй байна. Өөрчлөн байгуулалт, ардчилал, ил тод байдал, олон ургалч үзэл, тэгш эрх, хууль, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө хэмээн шаагилдсан тэр жилүүдэд гартаа барьсан олон уриа лоозонгийн цаана хэмжээгүй эрхт намын дангаараа эдэлж буй эрх мэдлийг иргэдэд шилжүүлж, төр, засгаа байгуулж, өөрсдийнхөө төлөө ажиллуулах боломжийг сонгогчдод олгох ганц гол зорилго л агуулагдаж байсан билээ.

Улс орныг нам удирдах ёсгүй, ард түмэн өөрсдөө төр, засгаа байгуулж, бүрдүүлэх ёстой. Ардчилагчид ингэж л хэлж, гарч ирсэн. Ийм байх нь ч зөв гэдгийг тухайн үед төрийн эрх барьж байсан МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд ойлгож, цаг үеэ мэдэрсэн. Тийм учраас ардчилагчдын шаардлагыг тайвнаар хүлээн авч, ямар нэг эсэргүүцэлгүйгээр огцорсон. Тэр бол иргэд төр, улсаа мэдэж, удирдах сайн цагийн төлөө ахмад үеийнхний хийсэн томоохон алхам байсан юм.

Үүнээс хойш 30 шахам жил өнгөрчээ. Энэ хооронд монголчууд долоон парламент, 16 Засгийн газрын нүүр үзэв. АН-ынхан “Монгол оронд нэг намын тогтолцоог халж, олон намын тогтолцоо бий болгох, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих томоохон хувьсгалыг бид эхлүүлсэн. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм цогцлоон байгуулж, шударга ёс, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх суурийг тавьж, олон намын тогтолцоог бий болгосон” хэмээн сайрхдаг. Иргэд сонгох, сонгогдох эрхтэй болсон, хөмөрсөн тогоон дотор байсан Монгол Улс дэлхий ертөнцтэй харилцаж эхэлсэн гээд дурдвал бидэнд олсон зүйл олон бий, үгүйсгэх аргагүй. Гэвч энэ бол цаг хугацааны, жам ёсны өөрчлөлтүүд байлаа.

Харин иргэд төр, засгаа байгуулж, өөрсдийнхөө төлөө ажиллуулж, чадахгүй бол татан буулгаж чаддаг болсон уу гэвэл... Эргэлзээтэй. Өнгөрсөн хугацаан дахь нам, төрийн харилцааг анхааралтай ажиглавал намыг төрийн дээрээс авч хаях, иргэд, сонгогчид төрөө мэддэг байх зорилго биелсэнгүй. Харин ч нам нь төрийн дээр хэвээр төдийгүй оролцоо нь улам далайцтай, хорон болсоор байх шиг харагдана. Улстөрчид ч “Бид хуучин тогтолцоо руугаа орчихлоо. Төрийг нам удирдаад байна” гэж хэлэх нь олширч байна. Энэ талаар олныг нуршилгүйгээр төрийн дээр нам хэвээр буйг баталсан үйл явдал, тэр талаар хэлсэн улстөрчдийн үгийг сануулах нь юу юунаас илүү нотолгоо болно биз ээ.

Р.БУРМАА (УИХ-ын гишүүн):

-Төрийн дээр нам сандайлдаг байдал 1990 оноос өмнө байсан. Ардчилсан хувьсгалын үр дүнд төрөө дээдэлдэг, хуулиа дээдэлдэг, ардчилсан төртэй, иргэний нийгмийг байгуулсан. Нам гэдэг бол эвлэлдэн нэгдсэн хүмүүс өөрийнхөө хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага болохоос төрийг удирдаж, юу хийхийг нь заадаг, хэн нэгний эрхэд халддаг байгууллага биш. Намын удирдлагын шийдвэрийг дагасангүй, намаас хөөнө гэх зэргээр “хэдэн он бэ” гэмээр зүйл яриад байна. Би 25 жилийг ардчиллын төлөө зориулахдаа төрийн дээр нам сандайлсныг болиулах гэж, хуулиа дээдэлдэг эрх зүйт төрийн төлөө явж ирсэн. Гэтэл өнөөдөр нам нь төрийн дээр сандайлчихсан байна. Засгийн газарт намын удирдлагын нэрээр орсон хэдхэн хүн төрийн шийдвэр гаргах дээд байгууллага болох УИХ-ыг, ард түмний элч болсон төлөөлөгчийг дарамталдаг байдлаа болих хэрэгтэй. (Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2014 оноос хэрэгжүүлэх сөрөг хүчний саналыг дэмжсэнийхээ төлөө УИХ-ын гишүүн Г.Бурмаа намаасаа хөөгдөх дээрээ тулсан бөгөөд тухайн үед ингэж ярьж байв) 2014 он

С.БЯМБАЦОГТ (УИХ дахь МАН-ын бүлгийн дарга):

-УИХ-ын хаврын чуулган завсарлахын өмнө АН-ын Гүйцэтгэх зөвлөл хоёр намын хамтран байгуулсан гэрээг цуцалж, МАН-ыг Засгийн газраас хөөх мэдэгдэл гаргасан. Тус намын бүлэг хуралдаж, АН-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганы өмнө гэрээг цуцлах мэдэгдэл ирүүлсэн. Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдаж, өргөн бариагүй асуудлыг ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан. Энэ бүхэн төрийн дээр нам гарсныг батлан харуулж байна. АН-ын Гүйцэтгэх зөвлөл шийдвэр гаргахдаа гэрээг цуцлахыг намын бүлэгтээ үүрэг болгосон. Намын удирдах байгууллага парламентын бүтэц дэх бүлэгт үүрэг өгөх ёсгүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг намынхаа Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулж, намын даргын асуудлыг шийдье, ачаагаа үүрсэн шиг үүрье гэсэн утгатай шаардлага намын даргадаа явуулахдаа Засгийн газрын бланкан дээр албан тоот үйлдсэн. Энэ нь нам, төрийн ажил холилдсоны илрэл. 2015 он

Д.ХАЯНХЯРВАА (УИХ-ын гишүүн):

-АН-ын гаргаж байгаа үйлдлээс харахад нам төвт төртэй болох тал руу явж байна. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд нам, эвслийн бүлгийг сонсохгүй, өөрийнхөө байр суурийг гишүүдэд тулгах, зөвшилцлийн механизмыг ашиглахгүй байна.

Л.БОЛД (УИХ-ын гишүүн):

-Монголын ардчилал 28 жилийн өмнө олж авсан ололтоо зөв, буруу байсныг эргэн харах цэг дээр иржээ. Бид өмнө нь төрийн дээр нам байсныг болиулсан юм. Гэтэл өчигдөр нам, төрийг хослон баригч МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдээ “Уучлал гуйчих. Тэгвэл ирэх сонгуульд нэр дэвшүүлнэ” гэж ярилаа. Ингэхээр бидний өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ардчилал, төрт ёсны төлөө хийсэн бүхэн үнэ цэн, утга учиргүй болж байна. Намын шийдвэр хуулийн дээр гарна гэдэг байж боломгүй асуудал. 2018 он

Төрийн дээр нам гарсан тухай яриа энэ мэтчилэн үргэлжилнэ. Энэ нь зөвхөн яриа төдий бус, төр, засгийн аливаа шийдвэр намын удирдах байгууллагаас эх авч буй нь нүдэнд ил харагдана. Сүүлдээ намын шийдвэр үү, төрийн бодлого уу гэдэг нь ялгагдахаа больж, нам, төр хоёр ямар ч зааг ялгаагүй болтлоо холилдлоо. Уг нь зарчмын хувьд нам ямар нэгэн шийдвэр, тогтоолоор төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтан, төрийн байгууллагын хууль тогтоомжид заасан үндсэн чиг үүрэгт оролцох, заавар өгөх, чөлөөлөх, томилох зэрэг асуудалд оролцох ёсгүй. Гэтэл эрх баригч намын дарга ард түмний сонголтоор байгуулсан Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын даргыг огцруулах асуудлыг намынхаа Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж байгаа нь завхралын нэг тод жишээ юм.

Төрийн дээр нам залардаг хуучин нийгмийн зарчим ардчиллын жилүүдэд нэг тодорч, нэг бүдгэрсээр өнөөг хүрлээ. Нэг намын дотоод хагарал нийгмийг талцал, төр улсыг хямралд хөтлөхөөр их нөлөөтэй байгааг харуулсан цаг үе өнөөдөр тохиож байна. Нам бүхний дээр гарчээ.

Бэлтгэсэн: А.Амина


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)