Төрд учруулсан 54 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ж.Батзандан нар авлига, албан тушаалтай холбоотой хэргүүдийг шийдвэрлэх явцын талаар Улсын ерөнхий прокуророос тодруулж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. Энэ үеэр Х.Нямбаатар гишүүн “Авлига, албан тушаалын 23 хэргийг шийдвэрлэх тухай албан бичгийг Улсын ерөнхий прокурорт өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хүргүүлсэн юм. Эдгээр хэргийг шийдвэрлэх явц нэг жилийн дараа ямар түвшинд байгааг тодрууллаа. 23 хэргийг задруулан шалгах явцад 17 хэрэг нэмж бүртгэжээ. Түүнээс 14-ийг нь шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна. Төрд учруулсан 54 тэрбум төгрөгийн хохирлыг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлжээ” гэв.

Түүнчлэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн гэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа явуулах нэрээр найман сар гацаасныг гишүүд энэ үеэр тодотгосон. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тусгаарлалтад байх хугацаа дууссан тул АТГ-аас дуудаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар өчигдөр мэдүүлэг авчээ. Мөн “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүтэй холбоотой хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Энэ жишгээр авлига, албан тушаалын хэргүүдийг үнэн, зөвөөр шийдвэрлэнэ гэдэгт найдаж буйгаа гишүүд илэрхийлэв.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Яллагдагчаар татагдсан хүмүүс УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж байна. Тэд УИХ-ын гишүүн болчихвол дахиад дөрвөн жилийн хугацаанд шалгах боломжгүй. Улмаар хэргийг хөөн хэлэлцэх боломжгүйд хүрэх нөхцөл үүсэхийг ч үгүйсгэхгүй. Үүнд анхаарах хэрэгтэй” гэлээ. Үүнээс гадна Төрд учруулсан хохирлыг барагдуулах алба байгуулсныг гишүүд онцлов.

Бэлтгэсэн: Г.Жавхлан 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)