Төрд учирсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулах боломжийг хууль хааж байна

-УИХ-ын гишүүд хуулийн цоорхойг засах сонирхолгүй байдаг бололтой-

Төр, нийтийн байгууллагын эрх бүхий, удирдах албан тушаалтнууд албан тушаалаа урвуулж мөнгө олох хэрэгсэл болгодог явдал сүүлийн жилүүдэд хэрээс хэтрээд буй. Эсвэл удирдах албанд оччихоод ажлаа хийж байсан жирийн албан хаагчдыг намын харьяаллаар чөлөөлж, оронд нь өөрсдийнхөө тойрон хүрээлэгч, эрх баригч аль нэг хүчний шахаанд хүмүүсийг томилох нь ихэссэн. Энэ бүхэн төрийн халаасыг сэгсэрч, татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн улсдаа тушаасан мөнгө үр ашиггүй урсаж байгаа юм.

Уг нь ийм үйлдлийг таслан зогсоож, буруутай этгээдүүдээс хохирлыг нь гаргуулж, улсад оруулахаар хууль санаачлан батлуулдаг ч амьдралд төдийлөн хэрэгжихгүй байгаа нь харамсалтай. Төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд шүүхээр нэхэмжлэн хохирлыг гаргуулж улсын санд тушаахаар прокурорын байгууллага шүүхэд гомдол гаргадаг ч өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиасаа болоод шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгодог юм байна. Төр, нийтийн эрх ашиг хохирсон хэд хэдэн тохиолдлыг жишээ болгон уншигчдадаа хүргэе.

ХУУЛИЙН ДАГУУ ГАРГАСАН НЭХЭМЖЛЭЛИЙГ ШҮҮХ ХҮЛЭЭЖ АВДАГГҮЙ

Төрийн албан хаагчид хууль дээдлэх, хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” нийтлэг үүрэгтэй хэмээн заасан байдаг. Гэвч өргөсөн тангараг, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, хэн нэгний ашиг сонирхлын үүднээс ажлаа хийж байсан жирийн албан хаагчийг үндэслэлгүйгээр халж, оронд нь намынхаа, эсвэл найз нөхдөө томилдог. Зөвхөн Төрийн албаны зөвлөлд сүүлийн 6-7 жилийн хугацаанд ажлаас үндэслэлгүй халагдсан тухай 1000 орчим өргөдөл, гомдол гаргасан байдаг юм байна. Захиргааны хэргийн, Иргэний хэргийн шүүхүүдэд хандсан өргөдөл ч багагүй. 

Үндэслэлгүйгээр халагдсан хүмүүс шүүхэд хандаж, ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалингаа, эрүүл мэнд, нийгмийн даатгалаа нөхөн төлүүлэх хүсэлт гаргадаг. Төрийн албаны зөвлөлийн 2013-2018 оны эхний хагас жилийн байдлаар хийсэн судалгаагаар төрийн 1127 албан хаагчийг ажилд нь буцаан томилохоор шүүх шийдвэрлэсэн байдаг. 2018 оны эхний хагас жилд 146 хүнийг ажилд нь эргүүлж, аваагүй, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын 698 сая гаруй төгрөгийг төлөөгүй гэсэн тоон мэдээлэл байна. Үүгээр жишээ аван тооцоолж, төрийн албан хаагчийн буруутай шийдвэрийн улмаас хэчнээн тэрбум төгрөгийн хохирол улсын төсөвт учирч буйг гаргаж болох биз ээ. 2013-2018 оны эхний хагас жилийн байдлаарх тоон мэдээллийг харахад төрд хохирол учруулсан 237 албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас 14.4 тэрбум гаруй төгрөг улсын төсвөөс үр ашиггүй зарцуулахаар болсон байгаа юм. 2019 оны тоон мэдээллийг холбогдох байгууллагууд гаргаагүй учраас өмнөх оны эхний хагас жилд хийсэн үзүүлэлтээс эш татлаа.

Үүнийг уг нь буруутай шийдвэр гаргасан хүмүүсээс нэхэмжилж, төрийг хохиролгүй болгохоор хуульчилсан ч амьдралд хэрэгжсэн нь үгүй. Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 35 дугаар зүйлд, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2017 онд УИХ-аар баталсан хуулийн 50 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.

Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан байдаг. Төрийн албаны зөвлөлөөс 2002 оны хуулийн 35 дугаар зүйлд заасныг үндэслэн буруутай албан тушаалтнаас төрд учирсан хохирлыг гаргуулахаар шүүхэд хоёр ч удаа нэхэмжлэл гаргаж байж. Гэвч шүүх тэдгээр нэхэмжлэлийг нь үндэслэлгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон байх юм.

Сүүлийн үед прокурорууд төрд учирсан хохирлыг гаргуулахын тулд тухайн байгууллагатай нь хамтран шүүхэд хандах гэхээр тэр байгууллагын ажилтан, албан хаагчид нь “Даргаасаа мөнгө нэхэж чадахгүй байна” гэх байдлаар хохирлоо нэхэмжлэхээсээ цааргалдаг юм байна. Ийм байхад татвар төлөгчдийн мөнгө үр ашиггүй зүйлд зарцуулагдаж, төсвийн орлого бүрдэхгүй, алдагдалтай гарах нь арга ч үгүй биз.

ПРОКУРОР НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛЖ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ЭРХТЭЙ Ч ШҮҮХ ҮЛ ОЙШООЖ БАЙНА

Прокурорын байгууллага төр, нийтийн эрх ашиг, сонирхлыг хамгаалж байхаар хуульд заасан. Прокурорын байгууллагын тухай хуулийн 20 дугаар зүйлд “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж заасан байх юм.

Ингэж хуульчилсан нь дэвшил болсон ч амьдралд төдийлөн хэрэгжсэнгүй гэхэд хилсдэхгүй. УЕПГ хуулийн хэрэгжилтийг хангахын тулд Шүүхэд төрийг төлөөлөх хэлтэстээ Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах алба байгуулсан. Энэ албаныхан шүүхэд иргэний журмаар гомдол гаргаж, төр, нийтийн албанд учирсан хохирлыг гаргуулсан ганц тохиолдол бий. Тодруулбал, Зам, тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нийтийн алба хашиж байх үедээ хууль ёсны орлогоос гадна онц их хэмжээний эд хөрөнгө, орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн хэрэгт холбогдон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан. Улмаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ялаас чөлөөлсөн байдаг. Тиймээс прокурорын байгууллагаас Хан-Уул дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Р.Ононгийн үндэслэлгүйгээр олж авсан хөрөнгүүд болох орон сууц, автомашин зэрэг 644 сая төгрөгийн орлогыг нь улсад авахаар шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэгт нь хохирогч тогтоогдоогүй ч нийтийн эрх ашиг зөрчигдөж, улсын төсвийн хөрөнгөөс дээрх 644 сая төгрөг гарсан нь тодорхой болсон учраас прокурорын байгууллага шүүхэд нэхэмжлэл гарган, төрийн мөнгийн буцааж авсан гэсэн үг.

Үүнээс өөрөөр шийдвэрлэсэн тохиолдол бараг л алга. УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны ахлах прокурор Х.Батчимэг “Хуулиар прокурорт олгосон эрх, үүргийн хүрээнд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор тус албыг байгуулсан. Албан тушаалаа урвуулсан, хэтрүүлснээс үүдсэн хохирол төлөгдөөгүй, байгаль орчин сүйдсэний үр дагавар арилаагүй, хууль бусаар байгалийн баялаг ашигласныг нөхөн сэргээх төлбөрийг гаргуулаагүй зэрэг төр, нийтийн эрх ашигт учирсан хохирлыг төлөөгүй тохиолдол цөөнгүй тогтоогдсон.

Авлигын үйлдлүүд гээд хохирогчтой эрүүгийн гэмт хэрэгт хохирол төлөгдөхгүй орхигдох, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан ч хохирлоо төлөөгүй байх, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн зэрэг тохиолдолд төрд учирсан хохирол төлөгдөхгүй хоцорч ирсэн. Өмнө нь эдгээр хохирлыг прокурор иргэний журмаар нэхэмжлэх гэхээр төрийн байгууллагын хүсэлт байхгүй гээд шүүх хүлээж авдаггүй байсан. Үүнд нийцүүлж төрийн байгууллагуудад нь хүсэлт гаргаач гэж хандахад хамт ажиллаж байсан хүнээ, даргыгаа шүүхэд өгмөөргүй байна гэж шууд хэлдэг тохиолдол ч гарч байлаа” хэмээн УЕПГ-ын албан ёсны цахим хуудсанд ярилцлага өгсөн нь бий.

Хүрээлэн буй орчинд хохирол учруулсан, хүүхдийн эрх зөрчигдсөн гээд олон тохиолдолд төр, нийтийн эрх ашиг хохирдог юм билээ. Үүний нэг бодит жишээ нь Засгийн газар, яамдын дэргэдэх олон сангуудад хохирол учруулсан үйлдлүүд бий. Тухайлбал, Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах гээд хэд хэдэн сангийн хөрөнгөөс зээл нэрээр мөнгө авчихаад эргэж төлөхгүй байгаа үйлдлүүдийг энд дурдаж болох юм билээ. ТЭДС-д учирсан хохирлыг нь буруутай хүмүүсээс хамтран нэхэмжлэн авч, төрийг хохиролгүй болгох санаачилга прокурорын байгууллагаас гаргаж, холбогдох яаманд хүргүүлэхээр болсон ч нөгөөдүүл нь цааргалж буй гэх мэдээлэл бидэнд олдсон юм.

Уг нь иргэний журмаар шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж төрийн мөнгийг буцаан авах ёстой. Гэвч шүүх үл ялих шалтгаан, хуулийн хийдэл, хоорондын уялдаагүй байдлаас болж тэр бүр авч чадахгүй байгаа юм. Уг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 31.1-т “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасан. Энэ хуулийн 12.1.2-т “Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээд нэхэмжлэл гаргасан тохиолдолд иргэний хэрэг үүсгэнэ” гэж заасан нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулиар эрх олгогдсон этгээд бусдын эрхийг хамгаалан нэхэмжлэл гаргах боломжтойг харуулж байгаа. Гэхдээ прокурорыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай төрийн байгууллагын хүсэлт заавал байх ёстой гэж үздэг нь чирэгдэл учруулж буй юм. Үүнийг нь засаж, залруулахаар хууль тогтоогчдод хандахад тэд төдийлөн авч хэлэлцдэггүй нь өөрсдийнх нь шахааны хүмүүсийг төр, нийтийн албанд авахын тулд олон хүнийг халж солих шаардлага гардагтай ч холбоотой байж болох. Хэрэв хуулийн цоорхой, хийдлээ засчихвал татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжийн улсын санд тушаасан хөрөнгийг зүй бусаар зарцуулагчдын халааснаас төрд учирсан хохирол хэдэн тэрбум төгрөгийг авчихаж болох санж.

Бэлтгэсэн: Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)