Төмөр замын царигийн маргаан дахин дэгдэх нь

-Тавантолгой–Гашуунсухайт чиглэлд нарийн царигтай төмөр зам барихаар тусгасан УИХ-ын тогтоолыг хүчингүй болгов-

УИХ 2014 онд 64 дүгээр тогтоол батлахдаа Үндсэн хуулийн 1.2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн гэж Цэц уржигдар дунд суудлын хуралдаанаараа хаалттай хэлэлцэн шийдвэрлэж, 04 тоот дүгнэлт гаргажээ. Нууцын зэрэглэл бүхий асуудал яригдана гэх шалтгаанаар хаалттай хэлэлцсэн аж. Түүнчлэн ийм маргаан хэлэлцсэн, ямар шийдвэр гарсан талаар ямар ч мэдээллийг Цэцээс өгөөгүй юм. Улмаар уг дүгнэлтийг гарсан даруйд нь буюу өнгөрсөн лхагва гаргийн орой УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн хүлээн авчээ. Харин өчигдөр нэгдсэн хуралдаанаар эл дүгнэлтийг хэлэлцэж, Цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар дээрх тогтоол хүчингүй боллоо.

Тэгвэл УИХ-ын 2014 оны 64 дүгээр тогтоолд чухам юуг зааж өгсөн байдаг вэ. Энэ бол Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоол. Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435, Арцсуурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт даалгасан баримт бичиг. Үүнийг хүчингүй болгосноор төмөр замын хос царигтай байх бодлого өөрчлөгдөх нь гэх байр суурийг олон хүн илэрхийлэх болов. Тухайлбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, дэд профессор, доктор А.Бямбажаргал “Үндсэн хуулийн цэцийн ээлжит захиалгат шийдвэр! Үндэслэл нь Үндсэн хуулийн 1.2 дахь “Хууль дээдлэх” зарчим. Мэдээж хэрэг ямар зүйлсийг хэрхэн тогтоох нь Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрх боловч түүний агуулгын хүрээнд “ердийн хууль зөрчсөн бүхэн” хууль дээдлэх зарчим болж тайлбарлагдаж буй нь өөрөө Үндсэн хуулийн 1.2-т “... Хууль дээдлэх...” зарчим нь харьцангуй өргөн агуулгатай юм шүү! 

Энэ талаасаа яах аргагүй ядмаг шийдвэр! Харин маргааны агуулга талаас хэлбэл хэний захиалга болох нь маш тодорхой шийдвэр болж дээ! Түүний нотолгоо нь Цэц 2020 оны тавдугаар сарын 13-нд дүгнэлт гаргасныг УИХ-ын холбогдох байнгын хороо мөн өдөр нь шууд хэлэлцсэн байх жишээтэй!” хэмээн нийгмийн сүлжээн дэх өөрийн албан ёсны хаягаараа байр сууриа илэрхийлжээ. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан “2020 оны сонгуулийн өмнөхөн Цэц “Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих” үүргээ умартан, төмөр замтай холбоотой асуудлыг хүртэл Үндсэн хуулийн зөрчил болгох хэмжээнд улстөржиж “гар, хөл” болж буйд ой гутаж байна. Цэцэд улс төрийн даалгавар өгч, захиалгат шийдвэр гаргуулах нь сонгуулийн өмнө бүр эрчимждэг. Энэ эмгэнэлт түүх давтагдсаар Үндсэн хуульт ардчиллаа нураан унагах вий. Үүнийг хэзээ зогсоох вэ? Яаж зогсоох аргыг нь судлаад, олон ном, зөвлөмж, хуулийн төсөл хүртэл монгол хэлээр бичсэн ч ашиг сонирхол бүхий улстөрчид болон Цэцийн нөлөө бүхий гишүүд дандаа саад болдог. Гагцхүү улс төрийн хүсэл зориг л дутдаг. Үндсэн хуульт ардчиллынхаа төлөө судлаач бидний хийж чадах зүйл нь бичих, хэлэх л юм даа” гээд “Цэц Үндсэн хуулийг манаж байна уу. Ерөнхийлөгчид үйлчилж байна уу” гэсэн нийтлэл бичжээ.

Юутай ч энэ шийдвэр нэлээд анхаарал татах бололтой. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км төмөр замын доод бүтцийн буюу далангийн ажлын бүтээн байгуулалтын талаас илүү нь хийгдчихээд байгаа энэ үед ямар хэмжээтэй цариг тавих вэ гэдэг асуулт эхнээсээ тавигдаж байна. Харин УИХ-ын хаврын чуулган өнөө маргаашгүй өндөрлөж, гишүүд сонгуулиас өөр зүйл бодохгүй яваа. УИХ, Цэц хоёр 24 цаг ч хүрэхгүй хугацаанд эл шийдвэрийг гаргахдаа хууль тогтоогчид хэр нухацтай хандсан бол. Нэгдсэн хуралдааны үеэр гэхэд л гишүүн Х.Болорчулуунаас өөр хүн үг хэлсэнгүй, асуулт тавьсангүй. Тэрбээр “Нэг улс-нэг төмөр зам” гэсэн бодлого хэрэгжих нь. Төмөр замаа өргөн царигтай болгох гэж байгаад баяртай байна” гэсэн юм. Эсвэл Цэцийн дүгнэлт үнэхээр зөв байсан учраас гишүүд үг дуугүй зөвшөөрөв үү.

Харин уржигдар болсон байнгын хорооны хуралдааны үеэр хэд хэдэн гишүүн байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал,

Ц.Гарамжав: -Төмөр замын асуудлаар яагаад маргалдаад байдаг юм бэ. Зам бол хөгжил гэж харах хэрэгтэй шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилд харин ч урд зүгт, хамгийн ач холбогдолтой гэж хэлж болох чиглэлд төмөр замын бүтээн байгуулалт дориун өрнөлөө. Ингээд арайхийж тавиад эхлэхээр бүдүүн, нарийн цариг тавина гээд маргалдаад эхэлдэг. Ийм улс манайхаас өөр ховор шүү.

Я.Содбаатар (УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Цэцийн хуралдаанд оролцсон): -Мэдээлэл гаргасан иргэн энэ тогтоолын төслийг анх өргөн барихдаа процедурын алдаа гаргасан гэж үзэж Цэцэд хандсан юм билээ. Тодруулбал, тухайн үед зам тээврийн асуудал эрхэлж байсан сайд нь тогтоолын төсөлд гарын үсэг зураагүй. Мөн үзэл баримтлалыг нь батлаагүй төсөлд гарын үсэг зурсан. Хэдийгээр энэ тогтоол хүчингүй болсон ч бүтээн байгуулалт нь хийгдэж буй урд зүгийн төмөр зам төв магистралтайгаа холбогдож байгаа учраас 1520 мм буюу өргөн царигаар баригдана. Энэ нь Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлоготой харшлахгүй.

Х.Нямбаатар: -Содбаатар гишүүн ээ, та энэ салбарын сайдаар ажиллаж байсан хүн. Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм буюу нарийн царигаар барина гээд 64 дүгээр тогтоолд маш тодорхой заасан байна. Харин та сая одоо баригдаж буй буюу энэ чиглэлд тавьж байгаа төмөр зам төв магистралтай холбогдох учраас 1520 мм, өргөн царигаар барихыг Засгийн газар дэмжсэн гэж хэллээ. Ер нь яагаад бид төв магистралтай холбогдоогүй, урагшаа нүүрс гаргах гэж байгаа замыг заавал дугуй сольж, тээвэрлэлтээ улам хүндрүүлж байж хийх ёстой юм бэ. Бид чинь бүтээгдэхүүнээ экспортлох гээд байгаа биз дээ?

Я.Содбаатар: -Цэц дүгнэлт гаргахдаа агуулгыг нь хөндөөгүй. Өргөн, нарийн царигийн алинаар нь барих нь зөв, эсэхийг би тэр хуралдаанд хамгаалаагүй. Хувь гишүүний хувьд хэлэхэд, 2010 онд баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын царигийг өргөн байхаар тусгасан. Харин 2014 онд Засгийн газар солигдох үед, салбарын сайд нь байхгүй, яамыг нь татан буулгачихсан, асуудал нь хоёр яамны голд явж байх үед Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нарийн царигтай байхаар тусгаж, 64 дүгээр тогтоол баталсан. Тиймээс төрийн бодлого талаасаа 2010 онд баталсан баримт бичгээ баримталж, өргөн царигтай байх ёстой.

Ц.Мөнх-Оргил: -Чуулган завсарлаж, сонгууль болох гэж байхад ийм асуудал оруулж ирээд бужигнуулах юм. Салбарын сайд нь ч энд алга. 2014 онд өргөн барихдаа процедурын алдаа гаргасан, 2010 онд баталсан бодлогын баримт бичигтэйгээ зөрчилтэй байсан гэх зэргээр нэг л хөнгөн хуумгай хандаад байна шүү. Х.Нямбаатар гишүүний хэлдэг зөв шүү дээ. 2014 оны тогтоолыг гоочилж байгаад Монголоос гарч байгаа гол бүтээгдэхүүнээ ганцхан худалдан авагч руугаа өргөн царигаар зөөгөөд, хил дээр дахин шилжүүлээд, нүүрсээ үндсэндээ шороо болгож, цааш нь зөөхөд түүхий эдийнхээ үнэ ханшийг хэдэн хувиар нэмэгдүүлэх, хэдэн хувийг нь алдах, Монгол Улс ямар ашиг, алдагдал хүлээх зэргийг тооцоололгүйгээр ингэж ярьж болж байгаа юм уу.

2010 онд баталсан бодлогын баримт бичигт “Бүтээгдэхүүн нь экспортод шууд тээвэрлэгдэх ашигт малтмалын ордод боловсруулах үйлдвэрээс хилийн боомт хүртэл ачаа тээвэрлэлтийн зориулалттай төмөр замын шугамын царигийн өргөнийг Засгийн газар, УИХ-д танилцуулж шийдвэрлүүлнэ” гээд маш ойлгомжтой заасан байна. Үүний дагуу 2014 онд Засгийн газар нь төсөл өргөн барьжээ. Өөрөөр хэлбэл, ордоос шууд экспортлоод, худалдан авагч талд хүргүүлж байгаа төмөр замыг бид өргөн болгоод, хил дээр Хятадын нарийн царигтай замтай тулгаж, ачаагаа шилжүүлэн, цааш зөөх нь. Төрийн бодлогогүй, өнөөдөр хийгээд ирээдүйд олох ашгийг боомилсон шийдвэр гаргах гэж ийм хуумгай хандаж болохгүй. Ер нь энэ асуудалд Засгийн газар яг ямар бодолтой байгаа юм бэ. Урд хөрш чинь “Өргөн царигаар хүрээд ир. Бид нар шилжүүлээд авчихъя гээд байгаа юм уу” гэдгийг хүртэл тодруулах хэрэгтэй шүү дээ. Я.Содбаатар гишүүн хүртэл “Цэцийн энэ дүгнэлтийг хүлээгээд авчихвал, өргөн царигтай болно” гэж хэллээ. Энд процедурын биш, зарчмын асуудал хөндөгдөж байна хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Улмаар тус хуралдаанд 11 гишүүн оролцож, зургаа нь Цэцийн дүгнэлтийг дэмжжээ. Уг дүгнэлтийг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасан ч дэмжээгүй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)