Төмөр замд “гологдсон” төмрийн хүдрийн экспорт

Төмөр

Дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнэ сэргэлээ. Marketsinsider.сом цахим хуудсанд мэдээлснээр тонн төмрийн хүдрийн үнэ 99.44 ам.долларт хүрчээ. Зарим эх сурвалж үүнээс ч өндөр үнэтэй худалдаж буйг дурдсан байв. Тодруулбал, 110 ам.доллар “шүргэжээ”. Ерөнхийдөө тонн төмрийн хүдрийн ханш 100 ам.доллароос нэлээд дээшлэх нь тодорхой боллоо. Энэ төрлийн эрдэс бүтээгдэхүүний үнэ энэ он гарснаар огцом өссөн. Tradingeconomics.com цахим хуудсанд төмрийн хүдрийн үнэ энэ он гарснаас хойш өдгөө хүртэл 34.5 ам.доллароор нэмэгдсэнийг тэмдэглэсэн байв. Тэдний тооцоолсноор үнэ нь 48.25 хувиар өсжээ. Ийнхүү төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд бараг хоёр дахин дээшлээд байна.

Төмрийн хүдрийн ханшийн хэлбэлзэл хэрхсэнийг эргэн сануулъя. Дэлхийн эдийн засгийн 2008 оны хямралын дараа түүхий эдийн үнэ тэнгэрт хадсан. Тонн зэсийн ханш 10 мянга, коксжих нүүрснийх 300 орчим ам.долларт хүрч, гаарч байлаа. Тухайн үе буюу 2011 онд тонн төмрийн хүдрийн үнэ 191.9 “ногоон”-д хүрсэн. Энэ бол түүхэн дээд ханш байв. Түүнээс хойш төмрийн хүдрийн ханш аажмаар буурсан юм. Улмаар 2013 оны эцэс гэхэд тонн нь 138 ам.долларт хүрсэн байлаа. Тэгвэл 2014 оны эхнээс маш хурдтайгаар унаж эхэлсэн. Уулнаас чаргаар уруудах мэт хямдарсан гэж зүйрлэж болно. Төмрийн хүдрийн ханш дэлхийн зах зээлд 2015 оны арванхоёрдугаар сард 37 “ногоон”-той дүйв. Энэ нь сүүлийн 10 жил дэх хамгийн доод түвшин юм.

Төмрийн хүдэр бол дэлхийн зах зээлээс чамгүй валют олдог манай улсын экспортын бүтээгдэхүүн. Төмрийн хүдрийн үнэ өндөр үед “Болдтөмөр ерөө гол”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Алтайн хүдэр”, “Монголросцветмет” компани их хэмжээний төмрийн хүдэр олборлож, өмнөд хөрш рүү экспортолж байв. Эдгээрээс гадна жижиг уурхай, баяжуулах үйлдвэрүүд бага хэмжээгээр экспортолж, энэ салбар руу их хэмжээний хөрөнгө оруулалт чиглэж байлаа. Тэгвэл дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнэ унаснаар манай зарим уурхай экспортоо зогсоосон. Тухайлбал, “Алтайн хүдэр” компани Таян нуурын уурхайнхаа үйл ажиллагааг бүрэн зогсоосон юм. Мөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” Төмөртэйн ордын үйл ажиллагааг хумив. Харин “Монголросцветмет” компани Баргилтын уурхайгаасаа нэг сар өнжөөд, дараа сард нь төмрийн хүдэр экспортолж буй. “Болдтөмөр ерөө гол”-ынхон л экспортоо тасралтгүй хийсээр байна.

Уурхайнууд үйл ажиллагаагаа зогсоосон нь зөвхөн дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн ханш унаснаас шалтгаалаагүй. Өмнөд хөрш хүхэр багатай төмрийн хүдэр импортлох бодлого баримтлах болсон юм. Ингэснээр хуурай аргаар баяжуулсан төмрийн хүдэр экспортлоход хүндрэл учирсан. Мөн төмөр замын вагоны хүрэлцээ муудсан нь тээг болоод байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал “Төмрийн хүдэр жин ихтэй. Тиймээс тусгай зориулалтын вагоноор тээвэрлэх нь зохимжтой. Вагоныг нь эвдчих гээд байдаг учраас “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг төмрийн хүдэр экспортлох компаниудын захиалгыг биелүүлэх дургүй байна” гэж ярилаа. Хил хоорондын транзит ачаа тээвэр нэмэгдсэн нь тус нийгэмлэгийн вагоныг бараг хүрэлцээгүй болгожээ. Өөрөөр хэлбэл, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг төмрийн хүдэр экспортлогч компаниудад вагоноо ашиглуулахаас илүүтэй транзит тээвэр хийх сонирхолтой байгаа гэсэн үг. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компани “Болдтөмөр ерөө гол”-оос өвлийн цагт 100 вагон түрээсэлж, бага хэмжээний экспорт хийж байгаа гэнэ лээ.

...Оны эхний дөрвөн сарын байдлаар манай улс нийт 2.8 сая тонн төмрийн хүдэр болон баяжмал экспортолжээ. Ингэснээр 159 сая ам.долларын орлого олсон байна. Нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 806 мянган тонн, орлого нь 66.5 сая ам.доллароор өссөн статистикийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан танилцуулав...

Дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнэ нэмэгдсэн тул манай компаниуд экспортоо нэмэхийг зорих нь мэдээж. Гэвч тэдэнд төмрийн хүдрийнхээ хүхрийг бууруулах, вагон олох шаардлага тулгарах нь. Эдгээрийг шийдлээ гэхэд боомтын хүчин чадал дутаж, тэдний зорилгод саад болж мэднэ. Транзит ачаа тээвэр нэмэгдсэнээр Замын-Үүд боомтын хүчин чадал чинээндээ тулсан. Төрийн бодлогын дагуу Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам тавихаар шийдвэрлээд буй. Эл төмөр замыг ашиглалтад оруулбал төмрийн хүдэр экспортлогч компаниудын тээврийн зардал буурахаас гадна дэд бүтцийн бэрхшээл арилах юм. Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал “Таян нуурын ордоос төмрийн хүдэр экспортлохоор зам тавьж байна. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компани Төмөртэйн ордоосоо экспорт хийж эхлэхээр зэхээд байгаа. Тус компани Дархан-Уул аймагт нойтон аргаар төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр барьсан. Манай яамныхан үүнийгээ ашиглаж, нэмүү өртөг шингээсэн төмрийн баяжмал экспортлох хэрэгтэй гэсэн бодлогын байр сууриа илэрхийлсэн” гэв. Төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулбал хүхэр нь буурч, хятадуудын тавьж буй шаардлагыг хангах юм. Үүнээс гадна үнэ нь өсөж, тээврийн зардлын дарамт багасах учиртай.

Вагон олдохгүй байгаа учраас зарим компани төмрийн хүдрээ уурхайн амнаас борлуулж байгаа аж. Өдгөө уурхайн амнаас тонн төмрийн хүдрийг 18-21 ам.доллароор борлуулж буй гэнэ. Энэ бол хуурай буюу цахилгаан соронзон аргаар баяжуулсан 50-иас дээш хувийн агууламжтай төмрийн хүдрийн үнэ юм. Ийм аргаар баяжуулсан төмрийн хүдрийн үнэ хоёр жилийн өмнө уурхайн аманд 13 ам.доллар байжээ. Вагон олдохгүйн улмаас экспорт хийж чадахгүй байгаа компаниуд “бараагаа” жижиг баяжуулах үйлдвэрүүдэд нийлүүлэх болжээ. Төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулахаар агууламж нь 60-аас дээш хувьтай болдог. Энэ салбарынхан соронзон аргаар боловсруулсныг нь төмрийн хүдэр гэж нэрлэдэг. Тэгвэл нойтон аргаар боловсруулсныг нь төмрийн баяжмал гэж нэрлэж байгаа. Төмрийн баяжмалын тээврийн зардал ороогүй буюу үйлдвэрийн хашаан дахь үнэ өдгөө 41 ам.доллар хүрсэн гэнэ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас umetal.mn цахим хуудсан дахь мэдээллийг үндэслэн төмрийн хүдрээс ашигт малтмал ашигласны төлбөр авах жишиг үнийг тогтоодог. Энэ сард олборлосон тонн төмрийн хүдрээс 71.92 ам.доллароор тооцон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авахаар тус яам тооцжээ. Тэгвэл төмрийн баяжмалын үнийг 86.25 “ногоон”-оор тооцон төлбөр хураахаар тогтоосон байна. Энэ оны нэгдүгээр сард төмрийн хүдрээс 40.11, баяжмалаас 59.39 ам.доллароор тооцон ашигт малтмал ашигласны төлбөр авахаар тогтоож байжээ. Урд хөршийн зах зээлд энэ онд төмрийн хүдрийн үнэ 21-25 ам.доллароор өссөнийг жишиг үнийн мэдээллээс баримжаалж болно.

Оны эхний дөрвөн сарын байдлаар манай улс нийт 2.8 сая тонн төмрийн хүдэр болон баяжмал экспортолжээ. Ингэснээр 159 сая ам.долларын орлого олсон байна. Нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 806 мянган тонн, орлого нь 66.5 сая ам.доллароор өссөн статистикийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан танилцуулав. Одоогоор төмрийн хүдэр 2.1, баяжмал нэг сая тонныг бэлтгээд байгаа аж. Төмрийн хүдрийн үнэ шалдаа буусан 2015 онд манай улс хүдэр 4.2, баяжмал 1.9 сая тонныг үйлдвэрлэсэн. Мэдээжийн хэрэг үүнийхээ дийлэнхийг экспортолсон. Манайхан жилд хамгийн багадаа таван сая тонн төмрийн хүдэр болон баяжмал экспортолдог. Компаниуд төмрийн хүдэр олборлож, ашиглах 70 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Иймээс төмрийн хүдэр нь экспортын нэг чухал бүтээгдэхүүн хэвээр байх нь ойлгомжтой юм. Үнэ өсөж байгаа учраас энэ салбарт ажилладаг компаниудын орлого нэмэгдэх нь тодорхой. Төмрийн хүдрээ экспортлохын тулд гагцхүү дэд бүтцийг нь хөгжүүлэхэд анхаарах учиртай санж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)