Төмөр замгүйн торгууль

Хятадууд овжин зангаа дахин гаргалаа. Дэлхийн зах зээлд нүүрс, зэсийн үнэ өсөнгүүт Ганцмодны боомтоор нэвтрүүлэх энэ төрлийн түүхий эдээс шинэ төлбөр, хураамж авах шийдвэр гарган, энэ сараас хэрэгжүүлж эхэллээ.

Тодруулбал, ӨМӨЗО-ы Баяннуур аймгийн Урд дунд хошууны захиргаанаас Ганцмодны боомтоороо нэвтрүүлж буй тонн нүүрс тутмаас найм, тээвэрлэгч машин бүрээс 10 юанийн хураамж авахаар болсон юм. Мөн 10 мянган юаниас дээш үнэтэй металлд хоёр хувийн хураамж төлөх нь. Үүнийгээ боомтын байдал хэрхэхээс шалтгаалан бууруулж болно гэж тодотгов. Зэсийн үнэ 10 мянган юаниас давах тул хоёр хувийн хураамж төлөх нь дамжиггүй. Өвөрмонголчууд хураамжийн орлогоо боомтын үйл ажиллагааг сайжруулахад зарцуулна гэж тайлбарлажээ. “Оюутолгой” компани зэсийн баяжмалаа, Тавантолгойнхон коксжих нүүрсээ Ганцмодны боомтоор Хятадын зах зээлд нийлүүлж буй. Боомтын хураамж авахаар болсон нь тэдний ашгаас “хумслах” арга юм. Үнийн өсөлтийг далимдуулдаг нь Урд дунд хошууныхны сурсан зан гэлтэй.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2011 оны арванхоёрдугаар сард Урд дунд хошууныхан боомтын хураамж тогтоож байсан удаатай. Тухайн үед түүхий нүүрсний үнэ 70 ам.доллар давж, түүхэн дээд түвшиндээ хүрээд байлаа. Тус хошууныхан Ганцмодны боомтоор нэг тонн нүүрс нэвтрүүлэхэд 60, баяжуулсан нүүрс хадгалахад 120 юанийн хөлс авахаар шийдвэрлэсэн юм. Улмаар дэлхийн зах зээлд нүүрсний үнэ “уруудаж”, манай талынхны шахалтаар боомтын хураамжаа зогсоож байв. Тэр үед “Оюутолгой”-н экспорт эхлээгүй байсан. Энэ удаад Урд дунд хошууныхны хоолны цэсэнд зэс хэмээх “амтат зууш” нэмэгджээ.

Баяннуур аймгийн эл шийдвэр “Оюутолгой” болон “Энержи ресурс” компанид шууд нөлөөтэй. Учир нь эдгээр компани түүхий эдээ өөрийн тээврээр Ганцмодны боомт хүргэдэг. Эдгээр компанийн зардал хэрхэн өсөх талаар тойм тооцоо хийж үзье. Хүнд даацын машин дунджаар 100 тонн коксжих нүүрс тээвэрлэн хил давдаг. Тэгэхээр нэг машин 1010 юанийн хураамж төлнө гэсэн үг. Хөрвүүлбэл, энэ нь 150 орчим ам.доллар болж байна. Үүнийг 100-д хуваая. 1.5 “ногоон” гэсэн хариу гарна. Өөрөөр хэлбэл, боомтын хураамж авах шийдвэр гаргаснаар Тавантолгойн ордоос нэг тонн нүүрс экспортлох зардал 1.5 ам.доллароор өссөн гэсэн үг. “Энержи ресурс” компани жилд таван сая тонн баяжуулсан нүүрс экспортолно гэж бодъё. Ингэвэл зардал нь 7.5 сая ам.доллароор нэмэгдэх тооцоо гарч байна.

Тэгвэл “Оюутолгой” компани энэ онд 175-195 мянган тонн баяжмал дахь зэс экспортлохоор төлөвлөөд байгаа. Ирэх жил ийм хэмжээний баяжмал дахь зэсийг тонныг нь 6000 ам.долларын үнээр борлуулна гэж тооцъё. (Лондоны металлын биржид тонн зэс 5736 ам.долларт хүрээд байна). Ингэвэл Ганцмодны боомтод нэг тонн зэсээс 120 ам.долларын хураамж төлөх юм байна. Жилд 175 мянган тонн баяжмал дахь зэс экспортолбол нийт 21 сая ам.долларыг Ганцмодны боомтын арчлалтын хураамжид төлөх нь.

Тавантолгойн ордоос нүүрс олборлодог “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн “Тавантолгой” компанид Ганцмодны боомтын хураамж дам нөлөөтэй. Эдгээр компани уурхайн амнаас нүүрсээ борлуулдаг учраас тэр. Тэднээс нүүрс худалдаж авдаг компаниуд уг хураамжийг төлөх ёстой. Худалдан авагчдын зардал өсөж байгаа учир тэд нүүрсний үнийг хямдруулах арга хайх нь ойлгомжтой. “Эрдэнэс Тавантолгой” компани Цанхийн баруун уурхайгаасаа нүүрс олборлож, зах зээлийн үнээр борлуулахаар зэхэж буй. Тэгэхээр шинэ зардлаас хамаарч, Цанхийн баруун болон “Тавантолгой” компанийн нүүрсний үнэ уурхайн аман дээр 1.5 ам.доллароор буурах нь мадаггүй. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н Цанхийн зүүн уурхайн нүүрсийг Хятадын “Чалко”, TTJVCo компани дөрвөн индескийн дагуу тогтоосон үнээр өрөндөө авч байгаа. Иймээс нийт 100 орчим сая ам.долларын өр төлбөр барагдтал Цанхийн зүүн уурхайн нүүрсний үнэд боомтын хураамж нөлөөлөхгүй гэж болно.

Тавантолгойн ордоос нийт 15 сая тонн нүүрс экспортолбол Ганцмодны боомтын хураамжид компаниуд 22.5 сая ам.доллар төлнө. Үүнийг “Оюутолгой”-нхтой нийлүүлбэл 43.5 сая “ногоон”-д хүрнэ. Энэ нь өнөөгийн ханшаар 100 гаруй тэрбум төгрөг болох юм. Тавантолгойд ажиллаж буй компаниуд өртэй, алдагдалтай байгаа. Иймээс тэдэнд 22.5 сая ам.долларын зардал ч дарамттай байх нь дамжиггүй. Дахиад л Урд дунд хошууныхантай хэл амаа ололцох хэрэг гарч буй бололтой дог.

Тэд боомтын татвар тавьж болж байна. Тэгвэл бид яагаад тавьж болохгүй гэж. Хятадуудад хураамж төлж байгаа компаниуд Монголдоо хөрөнгө оруулж яагаад болохгүй гэж. Ийм өнцгөөс асуудлыг харах үндэстэй. Монголчууд “Замын-Үүд гэж элсэн цөл дэх хэдэн байшин. Хэдэн километрийн цаадах Эрээн гэж ногоон хот” гэж хоёр боомтын хөгжлийг харьцуулан ярьж, өөрсдийгөө муулдаг. Тэгвэл Ганцмод, Гашуунсухайт хоёрын харьцуулалт энэ жишээтэй яг дүйнэ. Ганцмод гэж цэмцгэр суурин өдрөөс өдөрт өргөжиж буй бол Гашуунсухайт гэж ажилчид нь чингэлэгт амьдардаг, нэг тийм ядуу боомт бий. Хятадуудаас өрсөөд боомтын хураамж тогтоочих хэрэгтэй байв. Даанч тэд түрүүлчихлээ. Жилийн хугацаанд нэг тонн нүүрснээс 1000 төгрөгийн хураамж авахад л 15 тэрбум төгрөг цуглана. Үүгээр боомтоо подхийтэл тохижуулчих боломжтой байв. Одоо энэ талаар ярилтгүй. Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсээс Гашуунсухайтын боомтыг тохижуулахын тулд хураамж авах хэрэгтэй гэсэн санал тавьсан юм билээ. Даанч манай томцуул тоосонгүй.

Монголын экспортлогчид хэдий болтол хошуу ноёдын аманд багтаж явах вэ? Тэдний гараас мултрахын тулд Гашуунсухайтыг олон улсын боомт болгох шаардлагатай. Манайхан “Олон улсын боомт болгоё” гэж Хятадын талд олон удаа санал тавьжээ. Цаадуул нь “Судалж байна” гэсэн дипломат хариулт өгөхөөс хэтэрдэггүй гэнэ. Хятадын дарга Си Зиньпин манай улсад 2014 онд айлчлахдаа Шивээхүрэн-Сэхэ, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Сүмбэр-Рашаан боомт хүртэл төмөр зам тавьчих, түүгээр экспортолж буй бараа бүтээгдэхүүний гуравны нэгийг далайгаар дамжуулан гуравдагч зах зээлд хүргэх боломж олгоё гэсэн. Төмөр зам тавьснаар дээрх дөрөв олон улсын боомт болох байв. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг тавиад дуусгачихвал Ганцмод олон улсын боомт болно. Ингэснээр хошуу ноёдын биш, олон улсын дүрмээр тоглодог болно гэсэн үг. Хятадын тал Ганцмодны боомт хүртэл төмөр зам тавьчихсан. Харин монголчууд төмөр зам тавиад дуусгачих хугацааг хэрэлдэж өнгөрөөлөө. Тэгэхээр хэний буруу вэ? Бидний л буруу. Төмөр замгүй учраас нүүрс, зэс экспортлогчид өндөр зардлаар бүтээгдэхүүнээ тээвэрлэж байна. Тээврийн зардал өндөр учраас бүтээгдэхүүнийнх нь үнэ хямд байна. Урд хөрш боомтын хураамж тогтоосон нь төмөр замгүйн торгуулийг 1.5 ам.доллароор нэмсэн хэрэг. Хятадууд “Оюутолгой”-н зэсийн баяжмалыг тусгайлсан гарцаар нэвтрүүлэхээ больж, нүүрсний машинуудтай холилдуулах шийдвэр гаргав. Ингэснээр тус компани экспортоо зогсоолоо. Мөн л төмөр замгүйн торгууль тавьсан хэрэг юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)