Төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэх төлөвтэй гэв

Төлбөрийн тэнцэл энэ оны эхний дөрвөн сард 665 сая ам.доллар буюу ДНБ-ий 4.9 хувьтай тэнцэхүйц алдагдалтай гарсныг Төвбанк мэдээллээ. Экспортын орлого огцом буурснаар урсгал тэнцлийн алдагдал ч өмнөх оны мөн үеийнхээс 442 сая ам.доллараар нэмэгдсэн аж. Гадаадын шууд болон багцын хөрөнгө оруулалт, худалдааны зээлийн цэвэр урсгал багассанаар санхүүгийн дансны ашиг 291 сая ам.доллараар буурчээ. Гадаад, дотоод эдийн засгийн тодохой бус байдал үргэлжлэх төлөвтэй байгаа тул төлбөрийн тэнцлийн алдагдал цаашид ихсэх магадлалтай гэнэ. Түүнчлэн гадаад худалдааны эргэлт өнгөрсөн дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 19.5 хувиар багасжээ. Энэ онд газрын тосны үнийн төсөөлөл буурч, алт, төмрийн хүдрийн ханш өсөх хандлагатай байгаа ч нүүрс, зэс зэрэг экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ хямдрах төлөвтэй гэнэ. Ингэснээр 2020 оны сүүлийн хагас жилд ч гадаад худалдааны нөхцөл байдалд эерэг үр дүн харагдахгүйг тэмдэглэжээ. Үүнээс гадна өнгөрсөн тавдугаар сард инфляц улсын хэмжээнд 3.3, Улаанбаатарт 3.5 хувьтай байсныг Төвбанкны тайланд дурдав. Эдийн засгийн идэвхжил саарч байгаа тул ирэх улирлуудад инфляц нам түвшинд хадгалагдах бөгөөд энэ онд 4.3, ирэх жил 5.9 хувьтай байх таамаг гаргажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)