Төгсөгчид санал дэвшүүлж байна

Их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-ийг төгсөгчдийн мэдлэг, ур чадвар муугаас цөөнгүй нь мэргэжлээрээ ажилладаггүй, ажлын байрандаа тогтохоо больсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийнхэн тогтоосон байдаг. Тодруулбал, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө нь муу, бааз хэрэглэгдэхүүн, орчин нөхцөл дулимаг, сонгосон мэргэжлийнх нь зохих мэдлэгийг хангалттай олгодоггүй зэргээс шалтгаалж төгсөгчид ажлын талбарт гараад гологдсон хэвээр байгааг уг судалгаанд дурджээ. Тэдэнд тулгамддаг гол бэрхшээлүүд нь гадаад хэлний болон компьютерын мэдлэг муу, багаар ажиллах чадваргүй, харилцааны соёлгүй, цаг ашиглах болон баримт бичиг боловсруулах, шийдвэр гаргах, эх хэлээрээ зөв бичиж, ярихдаа тааруу байдаг аж. Тиймээс бид энэ удаад эрдэмтэн, судлаачдын бус, төгсөгчдийн байр суурийг сонирхож, суралцах хугацаанаас ажлын талбарт гарах хүртэлх хүндрэл, бэрхшээл, эзэмшсэн мэргэжил, боловсрол нь амьдралд хэрэг болсон, эсэхийг нь тодрууллаа.

СУРГУУЛЬД ЗААДАГ ОНОЛ АЖЛЫН ТАЛБАРТ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ ҮҮРЭГТЭЙ АВЦАЛДДАГГҮЙ

С.МӨНХЗУЛ (Аялал жуулчлалын менежер, нягтлан бодогч):

-Би аялал жуулчлалын менежмент, бизнесийн удирдлага чиглэлээр 2008 онд дээд сургууль төгссөн. Аялал жуулчлалын салбарын мэргэжил хэлний өндөр түвшний мэдлэг шаарддаг. Гэтэл дээд сургуульд гадаад хэлийг улиралд 2-3-хан кредит хичээл болгон заасан. Тэгэхээр энэ мэргэжлээр төгссөн оюутнуудын олонх нь хэлний мэдлэггүй, онолын мэдлэгтэй төгссөн гэсэн үг. Манай ангийн 20 гаруй оюутнаас нэг нь ч мэргэжлээрээ ажиллаагүй. Олонх нь ажил элбэг олдохыг нь бодож нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр дахин сурсны нэг нь би. Зарим нь гадаад руу явсан бол үлдсэн нь үйлчилгээний байгууллага, төрийн албанд гээд өөр өөр салбарт ажиллаж байна.

Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллахын тулд ажил зөндөө хайсан. Танил талгүй бол ажил олоход тун хэцүү. Олдсон хувийн байгууллагууд нь ихэвчлэн үйл ажиллагааных нь цар хүрээ хавчигдмал тул цалин багатайгаас гадна нийгмийн даатгал төлөхгүй. Хөдөлмөрийн хуулийг огт дагаж мөрдөхгүй. Монголд аялал жуулчлалын салбар тийм ч сайн хөгжөөгүй. Эл салбарт үйл ажиллагаа явуулдаг болон үйлчилгээ үзүүлэгчид нь голдуу мэргэжлийн бус, гэр бүлийн хэмжээнд бизнес эрхлэгчид байдаг. Миний хэлний мэдлэг тийм ч сайн байгаагүй тул эхлээд нэгэн жуулчны баазад менежерийн албан тушаалд томилогдон ажилласан. Гэвч хийдэг ажил нь касс, цэвэрлэгч, захирлын нарийн бичиг байлаа. Зочдоос хоолны захиалга авч, тооцоо хийгээд, үйлчлүүлэгч явмагц цэвэрлэгээ хийнэ. Сургуульд заалгасан онолын мэдлэг ажлын талбарт гүйцэтгэж буй үүрэгтэй энэ мэтээр авцалддаггүй. Ажлын зарын олонх нь үйлчилгээний байгууллагуудад ажилтан авах тухай байдаг. Гэсэн хэрнээ зөөгч, худалдагч, оператор зэрэг мэргэжил шаардахгүй ажилд бакалаврын диплом заавал нэхдэг юм билээ. Ингээд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжгүйд хүрсэн. Зүгээр сууснаас гээд үйлчилгээний байгууллагад ажилд орж, оройгоор нягтлан бодогчийн мэргэжлээр дахин сурч, сургалтын төлбөр хоёр удаа төлсөн гэсэн үг.

Их, дээд сургуулиуд сургалтын хөтөлбөрөө боловсруулахдаа ажил олгогч нартайгаа хамтарч, тухайн салбарт ажиллахад заавал эзэмших мэдлэг, ур чадваруудыг сайн олгохгүй бол элсэгч нар эдийн засаг, цаг хугацаа алдах зэргээр хохироод хоцорч байна.

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД “МӨРӨӨДЛИЙН” МЭРГЭЖИЛ ЭЗЭМШҮҮЛДЭГ

О.БАТБОЛД (Авто инженер, гагнуурчин)

-ШУТИС-ийг 2009 онд авто инженер мэргэжлээр төгсөөд, удалгүй БНСУ-д ажиллахаар явсан. Манай улсын бараг бүх салбарт системийн том гажуудал бий болжээ. Ерөнхий боловсролын сургуулиа онц төгсөөд, дээд мэргэжлээ сайн эзэмшсэн ч танил талгүй л бол ажилтай болоход хэцүү. Гэтэл аав, ээж, хамаатан садан нь өндөр албан тушаалтай бол муу сурсан ч хамаагүй, нөгөө чадвартай боловсон хүчнээс дээгүүр суудалд заларч байна. Мэдлэг, ур чадвартай боловсон хүчин шилж авдаг байгууллага Монголд бий ч цөөн. Энэ нь төгсөгчид мэргэжлээрээ ажиллах боломжийг хаадаг шалтгаануудын нэг. Өөрөөр хэлбэл, чадвартай хүмүүсээ дээш нь гаргадаггүйгээс зөвхөн боловсролын салбар гэхэд хэрхэн доройтсоныг бид харж байна.

Нөгөөтээгүүр, манай улс цөөхөн хүн амтай хэрнээ маш олон их, дээд сургууль, коллежтой. Бүгд шахам оюутнуудад хэрэгтэй мэргэжлийг нь чанарын өндөр түвшинд эзэмшүүлэхгүй байна. Жил бүр хэрэгцээгүй баахан мэргэжлээр өчнөөн оюутан элсүүлж, хүүхдүүдээр бизнес л хийдэг. Ажлын байрны зах зээлийг харгалзан боловсон хүчин бэлддэг нь тун цөөн гэсэн үг. Голдуу “мөрөөдлийн” мэргэжил эзэмшүүлдэг. Тэднийг санаатай чичилж байгаа юм биш, үнэн төрх нь л ийм болж. Тиймдээ ч төгсөгчдийн олонх нь дахин өөр мэргэжлээр сурах, эсвэл харь улсыг олноор зорьж байна. Сургуулиа төгсөөд эх орондоо ажилласан ч эзэмшсэн мэргэжлийнх нь цалин, үнэлгээ маш доогуур учир залуучуудын өсөж хөгжих боломжийг хаадаг. Би авто инженер болоод нэг хэсэг ажил хайсан. Энэ мэргэжлээр маш олон инженер бэлдсэн хэрнээ салбар нь хөгжөөгүй тул ажлын байр маш хомс байх жишээтэй. Эх орондоо ирээд ч мэргэжлээрээ ажиллаж чадаагүй. Тиймээс дахин сурч, гагнуурчин, эксковаторын жолооч болж, уул уурхайн компанид ажилд орсон.

Анзаарах нь ээ, залуучуудыг ажил голдог, хүний үг даахгүй, үүрэг, хариуцлагаа мэддэггүй гэж шүүмжлэх нь бий. Уг нь ийм чадвар, дадлыг ерөнхий боловсролын сургуулиас эхлээд олгох хэрэгтэй юм шиг санагддаг. Хэрэгтэй, хэрэггүй олон хичээл зааж байхаар амьдрах чадварт сургаасай. Ядаж л өөрийн гэсэн үзэл бодолтой байхын чухлыг таниулах, сонголтдоо үнэнч, бусдын төлөө сэтгэлтэй, хариуцлагатай иргэн болох үндсийг сайн тавих хэрэгтэй. Өнөөдөр ерөнхий боловсролын гэрчилгээ их сургуульд элсэхэд л хэрэгтэй болохоос яг үнэндээ уншиж, бичих, тоолохоос бусад заасан эрдэм нь бидэнд тийм ч хэрэг болдоггүй. БНСУ-д гэхэд I ангиас эхлээд тухайн нийгэм, цаг үеийнхээ амьдралыг шууд зааж эхэлдэг. Тэгэхэд манайд түүхийн хичээл гэхэд яадаг билээ. Хүннү, Сяньби, Хүрэл, Чулуун зэвсгийн үеэс эхэлдэг. Яагаад 2020 оны үйл явдлаас хойш ухрааж болохгүй гэж. Гэх мэтчилэн боловсролын системийг бүхэлд нь өөрчлөх олон шалтгаан, үндэслэл байна.

ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛД ЭРЭЛТТЭЙ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛДЭЭСЭЙ

М.МӨНХЧИМЭГ (Оёдолчин, тогооч):

-2006 онд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Их сургуульд орж чадаагүй минь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, айлын том, гурван дүүтэй учир тэднийгээ дээд боловсролтой болгохын тулд аав, ээждээ тусалж, шууд ажил хийв. Дүү нараа сургуулиа төгстөл ажиллаж байгаад 2016 онд Япон Улсыг зорьсон. Тэнд гэрээгээр гурван жил ажиллалаа. Мэдээж надад мэргэжил эзэмших хүсэл сонирхол байсан ч дээр дурдсанчлан боломж олдоогүй. Гэхдээ дипломтой, дипломгүй ч ажил хийж болдгийн жишээ би. Эдүгээ их, дээд сургуульд эзэмшүүлдэг мэргэжлүүд ажлын талбарт хөрсөнд буухгүй байх нь олонтоо. Манай улс хөгжиж буй орон, тийм ч том эдийн засагтай биш. Гэтэл их, дээд сургуулиуд банк, санхүү, эдийн засагч, олон улсын харилцаа, аялал жуулчлал зэрэг хөгжөөгүй мэргэжлээр маш олон оюутан төгсгөсөөр байна. Тэдний олонх нь мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй юм билээ. Хэтрүүлж хэлбэл, дипломоо өвөртлөөд гудамжинд гардаг. Цөөнгүй нь залуудаа үйлчилгээний байгууллагад зөөгч, бармен, худалдагч хийнэ. Эрчүүд нь сүүлдээ барилгын туслах ажилчин, манаач, эмэгтэйчүүд нь цэвэрлэгч болдог.

Гэтэл эсрэгээрээ МСҮТ-ийг гагнуурчин, барилгачин, сантехникч, цахилгаанчин, хүнд машин, механизмын жолооч, тогооч, оёдолчин зэрэг мэргэжлээр төгссөнд нь ажлын байр илүү олдох жишээтэй. Их сургуульд өндөр төлбөр төлж, олон жил сурсан цагаан захтнуудаас ч өндөр цалин авч байна. Тиймээс дээд боловсрол эзэмшихээсээ өмнө ямар замаар явбал амьдралд “хөлөө олох” боломжтойг судалж, таних хэрэгтэй юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээлийг судалж, аль мэргэжил нь илүү үр өгөөжтэй, цалин хангамж, ажлын байрны хүрэлцээ зэргийг тооцох чухал. Тэрнээс биш “Аавынхаа мэргэжлийг өвлөнө” гээд ирээдүйгээ шийдчихэж болохгүй цаг үед бид амьдарч байна. Тиймдээ ч би их сургуульд сурна гэж туйлшралгүй ажлынхаа хажуугаар МСҮТ төгссөн.

Миний бодлоор их, дээд сургуулиуд хөдөлмөрийн зах зээлд эрэлт, хэрэгцээтэй мэргэжлээр боловсон хүчин бэлдээсэй. Учир нь монголчуудын амьдрал тийм ч сайн биш. Нэг оюутныхаа сургалтын төлбөрийг төлөх гэж эцэг, эхчүүд нуруугаа автал ажиллаж, өр зээл тавин арайхийн төгсгөж байна шүү дээ. Хариуд нь үр хүүхдүүдэд нь чанаргүй боловсрол олгож болохгүй гэж боддог. Их сургууль төгсчихөөд, дахиад МСҮТ-д сураад, ажиллаж байгаа жишээ ч эргэн тойронд минь олон бий.

АЖИЛД ОРОХЫН ТУЛД 20 ОРЧИМ КОМПАНИД ЯРИЛЦЛАГА ӨГСӨН

С.БУЯНТОГТОХ (Санхүүч)

-2017 онд их сургуулиа эдийн засгийн чиглэлээр төгссөн. Ингээд ажилд орохын тулд нэлээд хэдэн сар уйгагүй явсан. Хүндрэлтэй зүйл ч бишгүй тохиолдсон. Их сургууль дүүргэснийх мэргэжлээрээ ажиллах л чухал. Гэтэл миний мэргэжлийн ажлын байр бараг байгаагүй. Дөрвөн жилд сургуулиас 30 орчим хичээл бидэнд заасан. Нэг ч хичээлийг дагнаж, гүнзгийрүүлж үзээгүй. Жишээ нь, санхүү, нягтлан бодох бүртгэлийн хичээлийг гэхэд хоёрхон сар заасан. Төгссөний дараа миний мэргэжил эдийн засагч ч биш, нягтлан, банк санхүү ч биш болж таарав. Өөрөөр хэлбэл, багш, эмч, нягтлан бодогч зэрэг мэргэжлийн хичээлүүдийг сургуулиуд үе шаттай, гүнзгийрүүлж заадаг бол эдийн засаг, банк, санхүүгийн чиглэлийнхэд маш олон хэрэггүй хичээл ордог. Ерөнхий боловсролын сургуульд заасан хичээл ч байдаг.

Түүнчлэн танилцах болон үйлдвэрийн дадлагыг IV дамжаанд хийлгэсэн. Эхний жилээсээ л практикт гарах хэрэгтэйг амьдралаараа мэдэрсэн. Тухайн компанидаа дадлагаа гүнзгийрүүлж, туршлагатай болбол сургуулиа төгссөний дараа тэндээ ажиллах боломжтой. Гэтэл ийм боломжийг ихэнх сургууль олгодоггүй. Ингээд ажлын байранд гарахаар нэгдүгээрт, ур чадваргүй, хоёрдугаарт, туршлагагүй, гуравдугаарт, миний сурсан хичээлүүдийн нэг нь ч ажил дээр гарахад хэрэг болоогүй. Ажилд орохын тулд би 20 орчим компанид ярилцлага өгсөн. Сургуулиа дөнгөж төгссөн хүүхдүүдийг сургаж авах сонирхол хувийн аж ахуйн нэгжүүдэд бараг байдаггүй юм билээ. 15 компаниас ажлын туршлагагүй гэдэг шалтгаанаар татгалзсан хариу өгсөн. Үлдсэн нь мэргэжил тохирохгүй гээд ажилд аваагүй. Компаниуд ихэвчлэн өөрсдийнхөө үйл ажиллагааг асууна, эсвэл энэ бүтээгдэхүүнийг яг одоо сурталчил гэдэг. Нэг ёсондоо өндөр төлбөр төлөөд сурсан зүйлс минь амьдралд хэрэг болоогүй.

Их, дээд сургуулиуд мэргэжлийн бус хичээл заадаг нь кредит шахаж, төлбөрөө өсгөх гэсэн л санаа. Тиймдээ ч олонх нь чанарт бус, тоонд анхаардаг. Сургуулиудын маркетинг идэвхжүүлэлт муухан компаниас илүү болжээ. Тиймээс их, дээд сургуулиудтайгаа хариуцлагын гэрээ хийдэг болчихвол зүгээр санагддаг. Тодруулбал, төгсөгчдийнхөө 90 хувийг ажлын байраар хангах, зуучилсан байх шаардлагатай гэдэг ч юм уу. Эл үүргээ удаа дараа биелүүлэхгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авч болно. Харин их, дээд сургуулиуд оюутнуудаа мэргэжлээр нь ажиллуулахын тулд төр, хувийн компани, аж ахуйн нэгжүүдтэй хамтарч, хүүхдүүдээ дадлагажуулж, багш нараа ч гэсэн тухайн хичээлийг амьдралд ойр байх чиглэлээр сургах хэрэгтэй юм шиг ээ. Үнэндээ оюутнууд их сургуульд 100 хувь онол сонсоод төгсдөг. Бүх салбарын боловсон хүчний мэдлэг, ур чадвар гологдож байгаа нь үүнтэй холбоотой гэж боддог. Мэргэжлийн хичээлээ сайн заагаагүйгээс төгсөгчид хохироод үлдсэн бэлээхэн жишээ бид байна. Манай анги 25-уулаа төгссөн. Надаас гадна нэг л хүүхэд мэргэжлээрээ ажилладаг. Эмэгтэйчүүдийн зарим нь хүүхэд төрүүлээд, гэртээ сууж байна, гурван залуу гадаадад сурч, ажиллахаар явсан. Бусад нь өөр ажил хийдэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)