Төгсөгчдөөс ихийг хүлээх хэрэггүй

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийнхан болон эцэг, эхчүүд өнөө жилийн элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-д ихэд санаа зовниж байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 23-наас хойш сурагчид хичээллээгүй тул арга ч үгүй биз ээ. Тодруулбал, хүүхдүүд II улирлын амралтаасаа хойш гэртээ “хоригдож” буй юм. Үр дүнд нь хичээл хоцорч, хүүхдүүд ЭЕШ-аа ч өгч чадахгүйд хүрлээ. Хамгийн гол нь теле хичээл шаардлага хангахгүй байна.Төгсөх ангийнхан муу дүн авбал хариуцлагыг нь хэн хүлээх вэ” гэх зэргээр эцэг, эхчүүд бухимдах болов.

Коронавирусийн халдвар дэлхий даяар тархсантай холбоотойгоор эдүгээ 138 улсад бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоож, үүний улмаас 1.3 тэрбум хүүхэд хөл хорионд орсныг ДЭМБ өчигдөр мэдээлэв. Гэнэтийн нөхцөл байдалд улс орнууд барьц алдаж, зарим нь цахим сургалт ч явуулах сэхээгүй л байна. Одоогоор дэлхийн 30 гаруй оронд цахимаар хичээл зааж буйн нэг нь Монгол. Теле хичээлийн зохион байгуулалтаараа ч эдгээр орноос нэлээд дээгүүрт буюу сайн үнэлэгдэж буй юм билээ. Хөл хорио тогтоосон даруйд уг арга хэмжээг авсан нь л бидний давуу тал болохоос хичээлүүдийнх нь чанар муу, хугацаа хэт богино буюу нүглийн нүдийг гурилаар хуурсан маягтай. Сургалтынхаа чанарыг ч одоо болтол нэгдсэн журмаар хянаж, үнэлж чадаагүй.

Хэдхэн хоногийн дараа ЭЕШ-ын бүртгэл дуусна. Төгсөгчдөд шалгалтдаа бэлдэх хугацаа ч бага үлдлээ. Албаныхны хэлж буйгаар сурагчид теле хичээлээ үзээд, Боловсролын үнэлгээний төвөөс тараах гарын авлага, CD-тэй байхад алзахгүй юм гэсэн. Гэвч бодит байдалд боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосноос бусад бүх салбарын ажил өрнөж байна. Орон нутгийн сурагчдын олонх нь хөдөө хөхөрч, мал төллөх их ажилд зүтгээд, теле хичээл, ЭЕШ-ыг тоох ч үгүй байгааг багш нар хэлсэн. Нийслэлд ч ялгаагүй нэг ангиас дунджаар 10-20 хүүхэд хөдөө явсан, теле хичээлээ үзэх боломжгүйгээ уламжилсан байна.

Нөгөөтээгүүр, ЭЕШ-д бэлдэх болон төгсөх ангийнхны теле хичээлийн чанар, агуулга дээр дурдсанчлан хангалтгүй байгаа тул хүүхдүүдээ сургалтад явуулах, гэрийн багш хөлслөхийг эцэг, эхчүүд илүүд үзэж байгаа аж. Учир нь төгсөгчдийн хувьд ЭЕШ бол зүгээр нэг анги дэвших бус, хойшид хэрхэн амьдрахаа сонгох шалгалт байдаг. Тиймээс мөнгө төлөөд ч хамаагүй шалгалтдаа бэлдэнэ гэсэн хэсэг байхад “азаа үзнэ” гэх сурагч ч цөөнгүй.

ЭЕШ-ыг 15 дахь удаагаа зохион байгуулах гэж буй Боловсролын үнэлгээний төвийнхөн үзээгүй зарим сэдвийг шалгалтаас хасаж, сурагчдад “бэлэг” барина гэснээс биш, тэднийг хичээлээ давтаж байна уу, хэд нь мал дээр гарсан, алслагдсан аймаг, сум, суурингийн хүүхдүүд ЭЕШ-ын гарын авлага, CD-гээ авсан, эсэх, уншиж, судалж байгааг нь хянаж, үнэлэх нэгдсэн тогтолцоо алга. Өөрөөр хэлбэл, 2019-2020 оны хичээлийн жилд сурагчид гуравхан сар хичээллэсэн. Цахим сургалтын үр дүнг ч хянаж чадахгүй байхад төгсөгчдөөс их зүйл хүлээх хэрэггүй мэт.

Бэлтгэсэн: О.Бат-ундрах

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

“Гурван сарын хугацаанд нэг ч хичээл үзээгүй”

Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгасан. Хорио цээрийн дэглэм тогтоож, улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үе мэргэжлээ сонгох гэж буй ахлах ангийн ангийн сурагчдад томоохон сорилт болж байна. Зарим хүүхэд бие даан суралцах арга барил эзэмшиж буй бол нэг хэсэг нь теле хичээлийн чанар, хүртээмжид сэтгэл дундуур байна. ЭЕШ-ыг энэ жил долдугаар сарын 2-5-нд авахаар болсон билээ. Энэ талаар орон нутаг болон хот, суурин газрын сурагчдын үзэл бодлыг сонсож, хэрхэн бэлдэж буйг сурвалжиллаа. Хөл хорио тогтоож сурагчид гэртээ байгаа энэ үед БСШУСЯ-наас ЭЕШ-д зориулан теле хичээл хүргэж буй. Уг хичээл 35-40 минут үргэлжилдэг. Үүнээс гадна Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-даа бэлдэж буй шалгуулагчид болон багш, эцэг, эхчүүдэд зориулан цахим хичээлийг энэ сарын 23-наас эхлэн өдөр бүр 11.00, 15.00 цагт нийгмийн сүлжээгээр дамжуулан хүргэх болсон. Гэвч сурагчид цахим болон теле хичээлд сэтгэл хангалуун бус байна. Баянзүрх дүүргийн 27 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Б.Аюурзана шалгалтдаа хэрхэн бэлдэж буй талаараа “Теле хичээл ойлгомжгүй, дасгал ажлыг нь дагаж хийхэд хүндрэлтэй. Тиймээс хувийн сургалтын төвүүдийн ЭЕШ-д бэлтгэх цахим хичээлд сууж байгаа. Хүүхдүүд ойлгохгүй зүйлээ багшаас асуухад дор нь хариулах боломжтой тул амар байдаг юм. Шалгалт өгөхөөр сонгосон хичээлүүдээ үзэх боломж бүрдсэн. Нэг хичээл нь 37 500 төгрөгийн төлбөртэй. Хэрэв цаашид “Ковид-19” тархахгүй намжвал дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн төгсөх ангийн сурагчдад давтлага өгнө гэсэн. Бидэнд элсэлтийн шалгалтад бэлтгэхээс гадна хичээлүүдийнхээ дүнг гаргах гэж амаргүй даваа байна. Багшийн өгсөн даалгаврыг долоо хоног бүр хийж, цахим хаяг руу нь явуулдаг боловч алсын зайнаас үзсэн хичээлд дүн тавина гэдэг хэцүү. Зарим багш өмнөх хоёр улирлын дунджаар жилийн эцсийн дүнг гаргаж магадгүй гэж хэлсэн” хэмээв. Түүний хувьд төлбөртэй хичээлд “онц дүн” тавьсан бол зарим сурагч теле хичээлийг хангалттай гэж дүгнэв.

Төв аймгийн Бүрэн сумын XII ангийн сурагч Б.Дарьсүрэн “Аав, ээждээ тусалж хөдөө мал маллаж байгаа. Манай аймаг байнгын цахилгаан, утасны сүлжээ сайтай учир теле хичээл үзэхэд ямар нэгэн хүндрэл гардаггүй. Хугацаа, агуулга нь ч боломжийн. Хэрэв үүнээс илүү хугацаагаар гаргах юм бол мал төллөж, завгүй байгаа энэ үед хичээл үзэхэд хүндрэлтэй болно. Миний хувьд теле хичээлийн чанар, агуулгыг хангалттай гэж үзэж байна” гэв. Харин Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын III сургуулийн 12а ангийн сурагч Ж.Хатантуул теле хичээл болон багш нарын явуулж буй материалыг хангалтгүй гэж дүгнэлээ. Тэрбээр “Манай анги удирдсан багш долоо хоног бүр цахимаар сурагчдын санал, хүсэлтийг сонсож, багш нарт уламжилдаг. Мөн төгсөлтийн шалгалттай холбоотой, сургуулиас авч буй арга хэмжээг цаг алдалгүй хүргэж байгаа. 

Шалгалт өгөхөөр сонгосон хичээлүүдээ зурагтаар биш, багшийн цахимаар явуулсныг үзвэл агуулга, чанарын хувьд илүү. Манайх жижигхэн сум. Төгсөх ангийн хоёр бүлэгт 40 гаруй сурагч бий. Нэг хичээлээр шалгалт өгөх 10-15 хүүхэд байдаг. Цөөхөн хүүхэдтэй ч багш өгсөн даалгавраа хугацаанд нь шалгаж, мэдэхгүй байгаа зүйлийг зааж, нэмэлт даалгавар өгөхдөө тааруухан. Багш нар цагийн хуваарь гаргаж нэг удаад 2-3 хүүхдийг танхимын сургалтад хамруулж хичээл заах боломжтой гэж боддог. Мэргэжлээ сонгоход минь чухал нөлөө үзүүлэх учир манайх шиг жижиг сумуудад цөөн тооны хүүхдэд давтлага өгвөл илүү үр дүнтэй. Хүн ам цөөтэй сумд ийм арга хэрэглэх боломжтой болов уу. Ирэх долоо хоногоос CD тараана гэж ангийн багш хэлсэн. Гэхдээ тэр нь теле хичээлээс ялгаагүй л байх” гэлээ. Төгсөгчид мэргэжлээ сонгохын тулд ЭЕШ-даа ийнхүү бэлдэж байгаа аж. Харин сургуулиуд төгсөгчдөдөө зориулан ямар арга хэмжээ авч буйг тодрууллаа. “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 12а ангийн багш Н.Мөнх-Эрдэнэ “Сургуулийн зүгээс нэгдсэн журмаар төгсөх ангийн сурагчдыг шалгалтад бэлтгэх арга хэмжээ зохион байгуулаагүй. Анги удирдсан болон, бусад хичээлийн багш нараас шалгалтад бэлдэх материалыг нь авч, сурагчдад цахимаар өгдөг. Ер нь хүүхдүүд мэргэжлээ сонгоно гэдэг ирээдүйгээ сонгож байна л гэсэн үг. Тиймээс эцэг, эхчүүд нь анхаарал хандуулж гэрийн багш, төлбөртэй сургалтад хамруулах хэрэгтэй. Манай сурагчид цагийн багшаар хичээл заалгаж байгаа юм билээ. Тэр нь ч үр дүнтэй юм байна лээ” гэв.

Теле хичээл тогтсон цагт гараад өнгөрдөг. Зарим нь ухрааж, давтан үздэг бол заримд нь тийм боломж байхгүй. Харин зарим нь алслагдсан аймаг, сумд аав, ээждээ туслаад өдий хүртэл теле хичээлээ үзээгүй байна. Увс аймгийн Ховд сумын хоёрдугаар багт амьдардаг У.Дулмаа хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш сумын төвд ирээгүй гэлээ. Өдий хүртэл тэрбээр нэг ч удаа теле хичээл үзээгүй аж. Хөдөө зурагт байхгүй, гар утсаараа үзэх гэхээр сүлжээ барихгүй гээд асуудал мундахгүй гэнэ. У.Дулмаа биологи, химийн хичээлээр шалгалт өгөх гэж байгаа аж. Нарийн мэргэжил сонгох гэж байгаа учир гурван сар хичээлээсээ хөндийрсний эцэст өчигдөр сумын төвд ирж, багш нараасаа гэрийн даалгавраа авчээ. Алслагдсан аймаг учир ном, сурах бичиг элбэг байдаггүй гэнэ. “Хими, биологийн хичээл бодлого бодох, туршилт хийхээс эхлээд бие даан сурахад хүндрэлтэй. Хүссэн мэргэжлээ сонгож чадахгүй нэг жил алдах вий гэхээс л айж байна. Удахгүй буцаад хөдөө явна. Сүлжээ муу учир асуух зүйлээ багшаасаа тэр бүр тодруулж чадахгүй байх. Ер нь утсаар бодлого тайлбарлаад үр дүнд хүрнэ гэдэг хэцүү” гэв.

Бэлтгэсэн: Ж.Отгон

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Л.ГАНБАТ: Шалгалтын 50 байранд шилэн технологи нэвтрүүлнэ

Боловсролын үнэлгээний төв (БҮТ)- ийн Шалгалт, судалгааны хэлтсийн дарга Л.Ганбатаас дараах зүйлийг тодрууллаа.

-II улирлын амралт, ханиад, томуу, “Ковид-19”-өөс болж сурагчид дөрвөн сар орчим хичээллэсэнгүй. Төгсөх ангийнханд энэ нь хүнд тусна. Тэднийг ЭЕШ-д хэрхэн бэлдэж байна вэ?

-Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор төгсөх ангийнхан, ЭЕШ-д бэлдэгсдэд теле хичээл болон бусад заавар, зөвлөгөөг төлөвлөгөөний дагуу цахимаар хүргэж байна. Тухайлбал, ЭЕШ-ын бүртгэлд хэрхэн хамрагдах, шалгалтуудаа хаана өгөх, хариултын хуудсыг яаж бөглөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд юу анхаарах зэргийг багтаасан теле зөвлөмжүүдийг “цацаж” байгаа. Түүнчлэн монгол хэл, бичгийнхийг оролцуулаад ЭЕШ-д бэлдэх 11 хичээлийг долоо хоног бүр, телевизийн сувгуудаар цувралаар хүргэж эхэлсэн. Шалгуулагч бүрт зориулсан гарын авлага, CD тараана. Хөл хориотой холбоотой гарсан тушаал, шийдвэрүүдийг ч тухай бүрт нь хүргэнэ.

-CD-г шалгуулагчдын гарт хэзээ хүргэх бол. Ямар ямар мэдээлэл, даалгавар багтаасан бэ?

-CD-г ирэх долоо хоногт багтаан орон даяар тарааж, дуусгах төлөвлөгөөтэй. Төгсөх ангийн бүх теле хичээл, ЭЕШ-д бэлдэх шалгалт, даалгаврууд, хариултын хуудасны загвар, дүрэм, журам, бусад зөвлөмж, мэдээллийг үүнд багтаасан. Түүнчлэн 2019 оны ЭЕШ-ын бүх хичээлийн жишиг дасгал, даалгаврыг оруулсан.

-Алслагдсан аймаг, сумын болон малчдын хүүхдүүд ЭЕШ-д зориулсан гарын авлага болон CD, теле хичээлүүдийг бүрэн дүүрэн үзэж буй, эсэхийг хэрхэн хянах вэ. Интернэтгүй, телевизийн сувгуудыг ч ухрааж, нөхөх үйлчилгээгүй суурин, сум цөөнгүй.

-Интернэт бүрэн хөгжөөгүй, теле хичээлүүдээ үзэх боломжгүй хүүхэд цөөнгүй учраас л гарын авлага, CD тараах болсон юм. Гарын авлага, видеогоо хүүхдүүд хүссэн үедээ ашиглаж, шалгалтдаа бэлдэх боломжтой. Уг шалгалтын зорилго нь төгсөгчдийг эрэмбэлэн жагсааж, уралдуулах. Өөрөөр хэлбэл, түүгээр сургалтын хөтөлбөрийг үнэлдэггүй бөгөөд шалгалтын даалгавруудыг зөвхөн XII ангийн хичээлээр бус, бүрэн дунд боловсролын агуулгаар боловсруулдаг. Тэгэхээр өнөө жилийн шалгалтыг уг зорилгодоо нийцүүлж, үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан, хорио цээртэй байх хугацааны буюу үзэж амжаагүй зарим сэдвийг ЭЕШ-д оруулахгүй байхаар төлөвлөсөн. Хэдийгээр хүүхдүүд хичээлүүдээ зурагтаар үзэж байгаа ч багшийн оролцоогүй тул хүндрэлтэй.

БҮТ-өөс даалгаврын агуулгыг нарийвчлан багтаасан мэдээлэл бүхий цахим программыг жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногт олон нийтэд зарладаг. Жишээлбэл, үүгээр математикийн ЭЕШ-д авах даалгаврын тоо, ерөнхий агуулгууд тодорхой болох тул шалгуулагчид баримжаа, чиглэл авах боломжтой. Манайх 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газар, хэлтсүүдэд ЭЕШ хариуцсан мэргэжилтэн ажиллуулдаг. Шалгуулагчдад тэднээр дамжуулан цаг үеийн зөвлөгөө, мэдээллүүдээ хүргэж байна. Хүүхдүүдийн теле хичээлийн хамрагдалт, шалгалтдаа хэрхэн бэлдэж буй зэргийг нэгдсэн системээр хянасан зүйл одоогоор алга. Гэхдээ тухайн сургуулийн захиргаа, багш нар нь маш сайн хянаж, шалгаж байгаа.

-ЭЕШ-ын бүртгэл хэдэн хувьтай байна вэ?

-Шалгалтын бүртгэлийг өнгөрсөн сарын 10-наас эхлүүлснийг бүгд мэдэх биз ээ. Ирэх сарын 15-ны 18.00 цагт бүртгэлийг хаана, хугацааг сунгахгүй. Учир нь уг ажлыг цахимаар зохион байгуулж буй учир шалгуулагчид орон зай, цаг хугацаа хамаарахгүйгээр заасан хугацаанд хамрагдах боломжтой. Нэг шалгалтын хураамж 5800 төгрөг, интернэтээр гүйлгээ хийх тул ямар нэгэн асуудал гарахгүй.

2019-2020 оны хичээлийн жилд 28 000 гаруй хүүхэд XII анги төгсөнө. Үүнээс гадна өнгөрсөн жил ЭЕШ өгч амжаагүй, тэнцээгүй болон их, дээд сургуульд элсэх хүсэлтэй 4000 орчим иргэн бий. Нийт 32 000 хүн шалгалт өгөх урьдчилсан төлөв гарсан. Одоогоор шалгалтын бүртгэл 40 орчим хувьтай байна. Төгсөгчид ЭЕШ-д бүртгүүлэхдээ ямар мэргэжлээр сурах гэж буйгаа харгалзан, хичээлээ зөв сонгох нь чухал. Ингэхдээ их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх болон БҮТ-ийн ЭЕШ-ын журмыг уншиж, судлах хэрэгтэй. Оюутан элсүүлэх журамд өнгөрсөн онд өөрчлөлт оруулснаар тухайн шалгуулагч хамгийн цөөндөө хоёр, дээд хязгаар нь 10 хичээл сонгож, шалгуулах боломж бүрдсэн.

-Өнгөрсөн жил ЭЕШ-д шилэн технологи нэвтрүүлсэн нь онцлог болсон. Тэгвэл энэ онд өөрчлөлт, шинэчлэл хийх үү?

-ЭЕШ-ын дүн, оноог шууд мэдээлдэг шилэн технологийг 2019 онд шалгалтын зарим төвд л нэвтрүүлсэн. Энэ нь шалгуулагчийн тоо цөөн байсантай холбоотой. Тодруулбал, шалгалтын 29 байранд уг технологийг ашигласан. Харин өнөө жил шалгуулагчийн тоо нэмэгдсэн тул улсын хэмжээнд шалгалтын 50 байранд дээрх программыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Бэлтгэсэн: О.Ундрах

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

-Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд хангалттай мэдлэг авч байгаа юу?

Д.ЦЭНГЭЛМАА (Говь-Алтай аймгийн Гуулин тосгоны сургуулийн 12а ангийн багш):

-Манай ангийн сурагчдын тал хувь нь хөдөө мал маллаад ажил ихтэй, эсвэл зурагтгүй гэх шалтгаанаар цахим хичээлд бүрэн хамрагдаж чадахгүй байна. Багш нар тэр хүүхдүүдэд нөхөж үзэх даалгавар өгч, цахимаар холбогдож хичээл тэмдэглэсэн байдлыг шалгадаг. Мөн эцэг, эхчүүдтэй утсаар ярьж, хичээл заадаг багш нартай нь цахимаар холбогдож, сурагчид хичээлээ үзэж буйг хянаж байгаа.

Д.ДУЛАМСҮРЭН (Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Мэргэд” лаборатори сургуулийн 12а ангийн багш):

-Цахим хичээл танхимын сургалтыг арай гүйцэхгүй юм. Мөн цахим хичээлээс мэдлэг олж авах нь сурагчийн сурах арга барил, бие даах чадвар, хичээл зүтгэлээс хамаарна. Анги удирдсан, хичээл заадаг багш нар сурагчдынхаа хичээл хийх нөхцөл боломжийг байнга судалдаг. Зурагт үзэж, гар утас ашиглах боломжгүй сурагчдад бие даалт бэлтгэж, гэрт нь хүргүүлнэ. Зарим сурагчид хуучин утсаа хэрэглүүлж, сүлжээтэй газар очих, эсэхийг нь лавлаад цаг товлож холбогддог. Сурагчид үзсэн хичээлээ ойлгосон гэдгээ батлан бичлэг хийж, анги хамт олондоо илгээнэ. Хүүхдүүдэд хяналт тавихад эцэг, эхчүүдийн оролцоо чухал.

Д.ТӨГСДЭЛГЭР (Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн):

-Хүүхэд маань цахим хичээлээ таслахгүй үзэж байгаа. Мэдэхгүй зүйл гарвал багштайгаа холбогдон асуудаг. Багш нар нь байнга хяналт тавин, асуултад нь хариулж, даалгавар өгдөг. Манай гэрт интернэт, компьютер байгаа болохоор ямар нэг хүндрэл гараагүй. Багш бүрийн арга барил өөр учраас цахим хичээлээс олон шинэ зүйл мэдэх болсон. Багш нар өдөр бүр эцэг, эхтэй холбогдож мэдээлэл өгдөг болохоор сэтгэл хангалуун байна.

П.БҮРЭНЖАРГАЛ (Увс аймгийн хоёрдугаар сургуулийн 12г ангийн багш):

-Цахим хичээл танхимынхыг гүйцэхгүй. Багш нар сурагчдад нэмэлт даалгавар өгдөг. Манай анги 31 сурагчтай, найман хүүхэд аймгийн төвд амьдардаг тул хичээлээ үзэж байна. Бусад нь орон нутагт амьдардаг болохоор сүлжээгүй, утас ашиглах боломжгүй зэрэг асуудал гардаг. Зургаан хүүхэд хөдөө ямар ч сүлжээгүй газар байгаа тул огт холбоо барьж чадаагүй. Анх амраад явахад нь сурах бичгээс нэг сарын даалгавар өгсөн. Одоо аймгийн хэмжээнд цахим групп нээж сурагчдад даалгавар өгч байгаа. Мөн зарим эцэг, эх ухаалаг утас ашиглаж, интернэтэд холбогдож чаддаггүй тул мэдээлэл дамжуулах боломж муу байна. Сумын төвд байгаа сурагчид заримдаа ах, эгчийнхээ компьютерыг гуйж, хичээлээ нөхөж үздэг. Хөдөө байгаа сурагчдын интернэт чөлөөтэй ашиглах боломжийг бүрдүүлбэл сайн байна. Бид долоо хоног бүрийн лхагва гарагт сургуульд тайлангаа илгээнэ. Тэр мэдээлэл нь дараа долоо хоногийнх нь эхний өдөр аймагт очдог. Зарим сурагч цахим хичээл үзэх аргаа мэдэхгүй, даалгавраа цагтаа хийхгүй байх асуудал цөөнгүй гарна. Хэрвээ хүүхдэд 100 хувь мэдлэг олгох ёстой гэж үзвэл тухайн сурагч цахим хичээлээс 50 хувийг нь л олж авч байна. Хичээлийг интернэтэд байршуулаад татаж авах, давтаж үзэж болдог. Энэ нь сурагчид хичээлээ илүү ойлгох боломж олгож буй. Зарим хүүхэд өөрсдөө хичээн судалж, мэдэхгүй зүйлээ асууж байхад даалгавраа хийхгүй хэнэггүй явдаг нь ч бий. Тэгэхээр энэ хичээлийг судалж юм ойлгоход хувь хүний хичээл зүтгэл их нөлөөлнө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)