Төгсөгчдөд үгүйлэгдэж буй “зөөлөн чадвар”

Дөрвөн жилийн турш олж авсан мэдлэгээ оюутнууд ажлын талбарт гараад хэр ашигладаг бол. Тэд хангалттай мэдлэг, ур чадвар эзэмшиж төгсдөг үү. Зөвхөн үүнийг эзэмшсэн ч энэ нь хангалттай гэсэн үг хараахан биш аж. Тэгвэл зарим ажил олгогч шинэхэн төгсөгчдийг туршлагагүй, ур чадваргүй гэж чамлахын цаад шалтгаан нь юу вэ?

Дэлхийн бусад орны төгсөгчид ийм бэрхшээл төдийлөн тулгардаггүй юм байна. Учир нь их, дээд сургуулиуд оюутан зайлшгүй эзэмшсэн байх ёстой ур чадварын жагсаалт гаргаж, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөртөө тусган, нийгэмд хэрэгтэй мэргэжилтэн бэлтгэхэд ихээхэн анхаардаг. Тухайлбал, АНУ-ын Колорадогийн их сургуульд гэхэд хувь хүний сонирхол, зан чанар, үнэт зүйлсийн тухай мэдлэг олгож, өөрийн сонирхсон мэргэжлээ сонгох, түүндээ сэтгэл ханамжтай байх, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлт, ажиллах хүчний эрэлт хэрэгцээ, ажлын байрны өнөөгийн чиг хандлагад тулгуурлан төлөвлөгөө боловсруулах талаар хичээл зааж, зөөлөн чадвар (soft skill)-ын талаар цогц ойлголт өгдөг аж.

Зөөлөн чадвар гэдгийг Австралид хөдөлмөр эрхлэх чадвар, Шинэ Зеландад зайлшгүй чадвар, АНУ-д ажлын байран дахь ноу-хау хэмээн тодорхойлдог. Нэг ёсондоо энэ нь ажил, амьдралын олон талт үйл ажиллагаатай холбогдох нийгмийн (нийгмийн орчин нөхцөлд дасан зохицох), харилцааны болон хэлний чадвар, харилцаа тогтоох, багаар ажиллах хандлага, хувь хүний төлөвшлийг илэрхийлдэг зүйл. Ийм чадвартай болж төгссөн оюутнууд ажил олгогчдод тэр бүр гологдоод байдаггүй юм байна. Олон улсын туршлагаас харахад их, дээд сургууль зөвхөн онол, арга зүйн мэдлэг бүхий, чадвартай мэргэжилтэн бэлтгэхээс гадна тухайн нийгэмдээ дасан зохицдог, нэг үгээр “амьдралын ухаанд суралцсан хүн”-ийг төлөвшүүлэхэд анхаарч буй аж.

Тэгвэл манай улсын их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт зөөлөн чадвар эзэмшүүлэх талаар хэр тусгасан байна вэ. Өнөөгийн оюутнууд ийм чадварыг хэр зэрэг эзэмшсэн бол гэдэг асуултад тодорхой хариулт өгөхүйц судалгааг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр БСШУСЯ-ны “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд МУИС-ийн ШУС-ийн Ажил, мэргэжил судлалын хөтөлбөрийн багш, судлаачид хамтран гүйцэтгэжээ.

“Оюутнууд нийгэмд дасан зохицох чадвартай, хөдөлмөрийн салбарын эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөц болохын тулд зөөлөн чадваруудыг эзэмших ёстой. Дээд боловсрол эзэмшсэн боловч зөөлөн чадварт хангалттай суралцаагүйн улмаас оюутнууд ажлын байранд тэнцэхгүй, тогтвортой хөдөлмөр эрхэлж, улмаар тухайн нийгэмдээ дасан зохицож чадахгүйд хүрдэг. Чухамдаа өнөөгийн нийгэм дэх ажилгүйдэл, ажлын байрны сул орон тоо, эрэлт хэрэгцээг боловсролын зах зээл бүрэн хангаж чадахгүй байгаа зэрэг хүчин зүйлийн нэг болох зөөлөн чадварыг хэр эзэмшсэн гэдгээс тодорхой хэмжээгээр хамаардаг болохыг олон улсад хийсэн цөөнгүй судалгааны үр дүн батлан харуулжээ. Тиймээс манай төрийн болон хувийн хэвшлийн их сургуульд суралцаж буй оюутнуудын дунд түүвэр судалгаа явуулж, мэргэжлийн чиг баримжаа, зөөлөн чадварыг нь тодорхойллоо” гэж тус судалгааг хийсэн хөтөлбөрийн багш ярив.

СУДАЛГАА ХИЙХ ЧАДВАРЫГ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТӨӨ ОГТ ТУСГААГҮЙ

Төрийн болон хувийн хэвшлийн дөрвөн их, дээд сургуулийн оюутнуудын дунд судалгаа хийжээ. Үүний үр дүнгээс үзэхэд оюутнуудад судалгаа хийх чадварыг түлхүү олгодог аж. Ялангуяа улсын их сургуулиудын хувьд асуудал тодорхойлох, дэвшүүлэх, мэдээлэл боловсруулах, үнэлэх, нэгтгэх болон шинжилгээ хийх зэрэг чадварыг сургалтын системээрээ дамжуулан оюутнуудад эзэмшүүлж байна. Харин мэдээлэл хайх, мэдээллийн технологи ашиглах чадварыг их, дээд сургуулиудад тодорхой хэмжээгээр олгож буй ч үүнийг сургалтаас гадуур олж авч болно хэмээн орхигдуулах тал ажиглагджээ. Мөн судалгаа хийх арга зүй эзэмших чадварыг сургалтын хөтөлбөртөө огт тусгаагүй сургууль ч байв.

Түүнчлэн улсын их сургуулийн ерөнхий эрдмийн хөтөлбөрт мэтгэлцэх, тайлан бичих, уншсан зүйлсээ өөрийн болгох, илтгэх, баримт бичиг боловсруулах, санаа бодлоо илэрхийлэх чадварыг нэлээд түлхүү тусгасан байна. Тэгвэл хувийн хэвшлийнхний хувьд үзэл бодлоо цэгцтэй илэрхийлэх чадварыг л чухалчлан үзжээ.

Хамгийн анхаарууштай нь өнөөгийн их, дээд сургууль төгсөгчдийн олж авч буй хандлага, ур чадвар хангалтгүй байгаа төдийгүй ажил олгогчдын хэрэгцээ, шаардлагад төдийлөн нийцэхгүй байна хэмээн судлаачид дүгнэсэн байна. Түүнчлэн сургалтын хөтөлбөртөө ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлийг хангалттай тусгаагүй байсан гэнэ. Мөн их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт ажил мэргэжлийн чиг баримжаа олгохтой холбоотой чадваруудыг маш бага тусгадаг болох нь батлагдсан аж. Цаашид бодлого, хууль эрх зүйн баримт бичигт дурдаж, эзэмшвэл зохих зөөлөн чадваруудын талаар хөтөлбөрт тусгах, хэрэгжүүлэх чиглэлээр сургалтын алба, оюутны клубүүдийг чадваржуулах, семинар зохион байгуулах шаардлагатай байгааг уг судалгааг хийсэн судлаач, багш нар онцолж байлаа.

ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ ЖИЛ БҮР БУУРЧ БАЙНА

Их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт хийсэн шинжилгээгээр оюутнуудын зөөлөн чадвар болон ажил мэргэжлийн чиг баримжаа олж авах чадвар хангалтгүй нь тодорхой харагдсан бол нөгөө талаас ажил олгогчид найдвартай, хариуцлагатай, харилцааны соёлтой, бие даасан, ажлын ачаалал даах чадвартай, ёс зүйтэй, эерэг зөв хандлагатай, цагийн менежмент сайтай хүнийг ажилд авахыг эрмэлздэг нь өнөөгийн дээд боловсролд тулгамдаж буй үндсэн асуудал гэдгийг багш нар өгүүлсэн. Судалгаанас харахад төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт жил бүр дунджаар дөрөв орчим пунктээр буурч буй нь дээд боловсролтой ажилгүйчүүдийн эгнээг тэлэхэд хүргэж байгаа аж. Мэргэжлийн ур чадвар, ажлын туршлагаас гадна их, дээд сургууль төгсөгчдөд ажил мэргэжлийн чиг баримжаа сайн олгоогүй, ажлын байранд шаардлагатай зөөлөн чадваруудыг хангалттай эзэмшээгүй зэрэг нь ажлын байраа орхих үндсэн хүчин зүйл болдог байна.

Мэдлэг, ур чадвартаа тохирох мэргэжлээ сонгох нь тогтвор суурьшилтай ажиллахад нөлөөлдөг төдийгүй ажил эрхлэлтийг 10 орчим хувиар нэмэгдүүлдэг гэдгийг судалгаанд дурджээ. Олон улсын хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийн төлөв байдлаас харахад зөөлөн чадвар цаашид ч шаардагдсаар байх төлөв ажиглагдаж буй. Их, дээд сургууль төгсөгчдийн хувьд мэргэжлээ зөв сонгоогүй, ажил мэргэжлийн талаарх мэдээлэл хомс, чиг баримжаа олгоогүй болон үүнийг олж авах чадвар дутмаг нь үндсэн асуудал аж. Оюутны ширээнээс амьдралд хөл тавьж буй залуус ажилд ороход зөөлөн чадварууд дутагдаж байгаа юм. Тухайлбал, гадаад хэлний мэдлэг, харилцааны чадвар, хандлага, багаар ажиллах, мэдээллийн технологи ашиглах зэрэг нь сүүлийн таван жилд хамгийн их дутагдаж байгаа чадвар. Их, дээд сургууль төгсөгчдийн өнөөгийн эрхэлж буй ажил мэргэжил болон эзэмшсэн мэргэжлийн зохицох байдал нь 60 орчим хувьтай байна. Төгсөгчдийн 20 гаруй хувь нь эзэмшсэн мэргэжилдээ үл тохирох ажил хөдөлмөр эрхэлж буй гэнэ.

Энэ жилийн хувьд нийт 20 000 гаруй оюутан их, дээд сургуулиа төгсөнө. Тэд цаашид өнөөгийн тулгамдсан асуудал, сэдэв болон хөндөгдөж буй зөөлөн ур чадваруудыг эзэмшиж, төгссөнөөр ажлын байрны илүүдэл үүсгэхгүй, улмаар диплом өвөртөлсөн ажилгүйчүүдийн эгнээг хумихад чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй гэдгийг судлаачид онцолж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)