Төгсөгчдийн нүүдэл

Сайн, муу хоёр мэдээтэй. Монголчууд мууг нь түрүүлж сонсоод, дараа нь сайнаар сэтгэлээ тайтгаруулдаг. Энэ жишгээр таагүйг нь эхлээд дуулгая. Их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудыг төгсөгчдийн мэдлэг ур чадвар муугаас цөөнгүй нь мэргэжлээрээ ажиллахгүй, ажлын байрандаа тогтохоо больсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийнхэн тогтоожээ. Тэд төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг өнгөрсөн жил нэгтгэхдээ 2015, 2016 онд сургууль дүүргэсэн залуусыг сүүлийн хоёр жил тандаж, мөшгөсөн байна. Түүгээр ч зогсохгүй уг судалгааг боловсруулахдаа 2017 оныхтой харьцуулснаараа онцлог аж.

Тэгэхдээ 2015, 2016 онд сургууль төгссөн 44.9 мянган хүнийг төлөөлүүлэн 4909-ийг нь санамсаргүй түүврийн аргаар сонгож, судалжээ. Өдгөө мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг төгсөгчдийн 16.8, их, дээд сургууль дүүргэгсдийн 9.2 хувь нь ажилгүй. Нийт төгсөгчийн 20.8 хувь нь идэвхтэй ажил хайж буйг дээрх судалгаанд дурдсан байна. Сонирхолтой нь, идэвхтэй ажил хайгсдын 33.5 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа ч ажлын байраа солих, давхар орлого олох замаар цалин, эдийн засгийн боломжоо дээшлүүлэх, ур чадвараа ахиулах, өөрийгөө хөгжүүлэх зорилгоор “нүүдэл” хийхээр төлөвлөж байгаа аж.

Ажилгүйчүүдийг мэргэжлээр нь ангилахад нийгмийн халамж, хангамжийн чиглэлээр, хөдөө аж ахуй, багш, боловсрол судлал, байгаль хамгаалал, бизнесийн удирдлага, биеийн тамир, спортынхонд ажил олдоход бэрх байгааг судлаачид онцолсон. Тэгвэл мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчдөөс байгаль орчин, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбар, мэдээллийн технологи, санхүү, бизнес, худалдааны чиглэлийн мэргэжилтнүүдэд ажлын байр хомс. Өөрөөр хэлбэл, дипломтой ах, эгч нар элсэгчдэд хандан, эдгээр мэргэжлүүдээс сонгох болбол хөдөлмөрийн зах зээлээ судалж, нухацтай хандахыг зөвлөсөн. Эсрэгээрээ эрүүл мэндийн мэргэжил эзэмшигчдийн ердөө 5.5 хувь нь ажилгүй буюу эх баригч, асрагч, сувилагч, эмзүйчийн орон тоо байнгын эрэлттэй байна. Тэгвэл сургуулиа төгсөөд “лааз өшиглөсөн” хүмүүсийн 30 хувьд нь ажил олдоогүй, 17.7 хувьд нь эзэмшсэн мэргэжил тохирохгүй, 9.5 хувь нь суралцдаг, үлдсэн нь цалин бага гэсэн шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй аж.

Манай их, дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагуудын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө муу, бааз хэрэглэгдэхүүн, орчин нөхцөл хангалтгүй, мэргэжлийн багшийн хүрэлцээ дутмагаас төгсөгчид ажлын талбарт гараад мэдлэг, ур чадвараараа гологдсон хэвээр. Сургуулиуд оюутнууддаа сонгосон мэргэжлийнх нь зохих мэдлэг, ур чадварыг суралцах хугацаанд нь олгодоггүйг Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаанд дурджээ. Энэ нь мэргэжлийн диплом олгогч байгууллагуудын сургалтын чанарыг илтгэх наад захын л үзүүлэлт.

Тухайн хүн сургуулиа төгсөөд ажилд орох болоход эзэд хамгийн түрүүнд мэргэжлийн диплом шаардах нь мэдээж. Дараа нь ярилцлагын ур чадвар, хувийн зан чанар зэргийг нь харгалздаг байна. Харин ажлын талбарт гарсныхаа дараа тэд гадаад хэлний болон компьютерын мэдлэг, багаар ажиллах болон харилцааны ур чадвар, цаг ашиглах, баримт бичиг боловсруулах, бие даан ажиллах, шийдвэр гаргах, зохион байгуулах, суралцах, эх хэлээрээ зөв бичих, ярих чадвараараа гологдож буй нь хамгийн том бэрхшээл болжээ. Тиймдээ ч идэвхтэй хөдөлмөр эрхэлж буй хүмүүс сүүлийн нэг жилийн хугацаанд ажлаа дор хаяж 1-2, түүнээс олон удаа сольсон нь ч байна. Гурван хүн тутмын нэг нь одоо эрхэлж буй ажлаа цаашид үргэлжлүүлэн хийх хүсэлгүй байгаагаа уламжилжээ. Энэ нь олон шалтгаантай ч олонх нь илүү хөгжих боломжтой, орчин нөхцөл сайтай ажил хийх, цалингаа нэмэгдүүлэх, мэргэжлээрээ ажиллах, сурах хүсэлтэй байна.

Их, дээд сургууль дүүргэгсдийн 66, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага төгсөгчдийн 63 хувь нь ажил хийснээсээ хойш л мэргэжлийн ур чадвартай болдгийг судлаачид хэлсэн. Хамгийн гол нь төгсөгчдийг ажлын талбарт гарахад эзэмшсэн мэргэжил нь эрхэлсэн ажилтай нь тохирдоггүй гэнэ. Судалгаанд оролцогчдын 20.8 хувь нь ажлын байр мэргэжилтэй нь огт тохирдоггүй гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд танхимын сургалтаар олж авсан мэдлэг нь ажил хийж, амьдралаа залгуулахад нь тус болдоггүй гэсэн үг. Үүнээс гадна нийт төгсөгчийн 17.7 хувь нь эдийн засгийн идэвхгүй төлөвт буюу ажил хайдаггүй, хийх сонирхолгүй, эсвэл жирэмсэн, хүүхдээ хардаг, эрүүл мэндийн шалтгаантай байсан нь ажилгүйчүүдийн тоог нэмэх нэг үндэс болжээ.

Өөр өнцгөөс харъя. Улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид жилд дунджаар 150-160 мянган оюутан суралцаж байгаагаас 23-36 мянга нь төгсдөгийг Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харж болно. Гэвч тэднийг ажлын байраар хангах боломж, нөөц Монголд байхгүй. Тиймдээ ч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны судалгаагаар доктор, магистр, бакалаврын дипломтой 11 000 орчим хүн идэвхтэй ажил хайгчдын дунд бүртгэлтэй хэвээр байна. Хөдөлмөрийн зах зээлийг судалж, оюутан элсүүлдэг тогтолцоо манайд хөгжөөгүйгээс өчнөөн мөнгө төлж, сурсан хүмүүс хохирч хоцорсоор. Буянаар нь их, дээд сургууль, коллежийн эзэн, удирдлага хөлжиж, баяжсаар уджээ.

Нийтлэлийн эхэнд өгүүлсэнчлэн сайн мэдээгээ одоо дуулгая. Хэдийгээр ажлын байрны хүрэлцээ муу, төгсөгчдийн мэдлэг, ур чадвар тааруу байгаа ч тэд тасралтгүй хөдөлмөр эрхэлсээр байгаа нь сайн хэрэг. Дөрвөн жилийн өмнөх үзүүлэлтийг харвал төгсөгчдийн 30-50 хувь нь л сургууль дүүргэсэн жилдээ ажилд орж байж. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийнхний судалгаагаар 2015, 2016 онд их, дээд сургууль, коллеж төгссөн хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 70.2 хувьд хүрсэн нь улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Хөдөлмөр эрхлэгсдийн 85 хувь нь цалинтай ажилтан, 2.8 хувь нь ажил олгогч, 9.5 хувь нь өрхийн бизнес эрхэлж байгаа аж.

Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага дүүргэгсдийн 24.2, их, дээд сургууль төгсөгчдийн 11.4 хувь нь улирлын чанартай болон түр хөдөлмөр эрхэлж байгаа бол үлдсэн нь байнгын ажилтай болсныг судлаачид тэмдэглэжээ. Их, дээд сургуулийг барилга, архитектурын чиглэлээр төгссөн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин хамгийн өндөр байгаа бол тээвэр, инженер, нийгэм, эдийн засаг, компьютер, мал эмнэлэг, хууль, эрх зүйн мэргэжилтнүүд ажлын байраараа удаалж буй аж. Салбарын түвшнээр авч үзвэл, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэлийнхний ажлын байр эрэлттэй байна. Сүүлийн хоёр жилд эдийн засгийн идэвх нь хамгийн их нэмэгдсэн мэргэжлийн чиглэлүүдэд мэдээллийн технологи, санхүү бизнес, худалдаа, байгаль орчин, аялал жуулчлал багтжээ. Харин хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн ухаан, бизнесийн удирдлага, нийгмийн халамж, хангамжийн мэргэжилтэй хүмүүс ажиллах хүчний цөөн хувийг эзэлж буй аж. Бизнесийн удирдлагаар жил бүр хамгийн олон оюутан төгсдөг ч энэ чиглэлээр хөдөлмөр эрхлэгч цөөн байгаа нь зах зээлд уг мэргэжлийн илүүдэл үүссэнийг харуулна.

Төгсөгчид ажлын байрандаа тогтохгүй байгаа ч бууриа олонтоо сэлгэж, ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгааг нь албаныхан сайшаасан. Тэд өөрсдийгөө хөгжүүлэхийн тулд танхимаар олж аваагүй мэдлэгээ бие даан тэлэх болжээ. Тодруулбал, нийт төгсөгчийн 11.9 хувь нь мэргэжлийн түр болон анхан шатны ба түүнээс дээш боловсрол олгох сургалтад хамрагджээ. Тэдний олонх нь мэргэжлийн зэргээ ахиулах, сонирхсон ажилдаа тэнцэх, ажил олгогч нарын шаардлагаар багаар ажиллах чадвартай болох, компьютер, хэлний мэдлэгээ сайжруулахаар сурчээ.

Эцэст нь хэлэхэд, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 2017 онд 60.9 хувьтай байсан бол өнгөрсөн жил 70.2 хувь болж нэмэгдэн, ажилгүйдлийн түвшин 4.2 хувиар буурчээ. Хоёр жилийн өмнө ажилгүй байсан төгсөгчдийн 18.1 хувь нь байнгын орлоготой болсныг мэргэжлийнхэн “шилжилт” гэж нэрийдсэн. Дипломтой, мэргэжилтэй ажилчдын 79.6 хувь нь хөдөлмөрийн зах зээлд ямар нэг байдлаар оролцсон, туршлагатай болсон нь ч чамлахааргүй үзүүлэлт аж. Хэдийгээр сүүлийн хоёр жилд төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин сайжирсан ч залуучуудыг тогтвор суурьшилтай ажиллахад чиглэсэн бодлого хэрэгтэйг, их, дээд сургууль, коллежууд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөө баяжуулах, зарим мэргэжлийн илүүдэл зах зээлд буй болсныг бодолцон, квот тогтоох зэрэг шийдэх асуудал мундахгүйг мэргэжлийнхэн сануулав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)