Төгсөгчдийн дамжин өнгөрдөг бааз

Байгуулагдаад 18 жил болсон ч өдий хүртэл хөгжөөгүй өрхийн эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт, менежментийг өөрчилж, шинэчлэхгүй байгаа шалтгаанаа тайлбарлаач, эрх баригчид аа. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын чанаргүй үйлчилгээний балгаар II, III шатлалын эмнэлгүүд үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээнийхээ үндсэн чиглэлийг “мартчихаад” удаж байна. Нарийн мэргэжлийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, амбулаторийн нийт үзлэгийнх нь 60 гаруй хувийг шаардлагагүй буюу өрхийн эмнэлэгт үзүүлбэл зохих үйлчилгээ эзэлдэг болсныг удирдлага нь хэлдэг. Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн эмч нар нь хүртэл өрхийн эмнэлгийнхнийг шүүмжилж, буруу зөрүү оношилсон, мэдлэггүй, чадваргүйгээр нь дуудах болжээ. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээний эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний бүтэц, зохион байгуулалт алдагдсан шалтгаан нь ийн тодорхой байхад дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь хачирхалтай.

Манай улс 2002 онд өрхийн эмнэлгийн тогтолцоонд шилжсэн. Үндэсний хэмжээнд Өрхийн эрүүл мэндийн 209 төв үйл ажиллагаа явуулж буй. Тодруулбал, нийслэлийн 1.4 сая гаруй иргэнд өрхийн 131 эмнэлэг, бусад нь орон нутгийн иргэдэд анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Эрүүл мэндийн тухай хуульд өрхийн эмнэлгийн статусыг “Хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үүрэг бүхий хувийн хэвшлийн байгууллага байна” гэж тодорхойлсон. Тэгэхээр дээрх 209 эмнэлгийн менежмент хувийнх, энгийнээр тайлбарлавал, бүтэц, үйл ажиллагаа нь ХХК, нөхөрлөлийн хэлбэртэй. Төсөв, санхүүжилт нь улсаас, эмнэлгийн байр нь ч төрийн мэдлийнх. Гэхдээ санхүүгээ захиран зарцуулах, нэмэлт орлого олох, хүний нөөцөө бүрдүүлэх, цалин хөлсөө тогтоох зэрэг нь тухайн байгууллагын эрх. Нэг ёсондоо өрхийн эмнэлгүүд Хөдөлмөрийн тухай хуулиас “давсан” эрх мэдэлтэй, дээд байгууллагууддаа тэр бүр захирагдалгүй ажиллаж ирсэн нь өнөөгийн “үл итгэлцлийг” бий болгосон гэхэд хилсдэхгүй.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяаллын хүн амдаа амбулаторийн болон гэрийн үзлэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэх шинжилгээ зэрэг дөрвөн төрлийн багц үйлчилгээ үзүүлэх хуультай. Өрхийн 209 эмнэлэгт өдгөө ажиллаж буй 2800 гаруй эмч, сувилагч, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн хуульд заасан дээрх үйлчилгээг төдийлөн чанартай үзүүлж чаддаггүй нь хүний нөөцийн чадавхтай нь холбоотойг нийтээр гадарлах биз ээ. Эл шалтгааныг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд төгсөгчдийг бодлогоор дадлагажуулдгийг харин мэдэх хүн ховор байх. Шударгаар хэлэхэд, анагаахын чиглэлээр их, дээд сургууль төгсөгчдийг өрхийн эмнэлэгт ажиллах хоёр жилийн эрх олгодог. Энэ шалгуурыг давсан бол лицензийг нь таван жилээр сунгадаг тогтолцоотой цагт анхан шатны тусламж, үйлчилгээ хэзээ ч сайжрахгүй. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүн тогтдоггүй, дандаа шинэ, залуу эмч, сувилагчтай байдгийн шалтгаан нь энэ. Төгсөгчид өрх, сумын эмнэлэгт хоёр жил ажиллах хугацаагаа дуусгасан болоод мэргэжлээ дээшлүүлэхээр явцгаадаг.

Иргэдтэй хамгийн ойр ажиллаж, тэдний өвчин зовлонг гарын арван хуруу шигээ мэддэг, эмчилдэг, хянадаг түнш нь байх ёстой өрхийн эмнэлгийг сайд, дарга нар өөрсдөө төгсөгчдийг дадлагажуулдаг, мэдлэг, ур чадваргүй хүмүүсийн дамжин өнгөрдөг бааз болгочихоод чанар, хүртээмжийг нь сайжруулна гэж ярих нь хөгтэй. Хоёр жилийн лицензтэй мэргэжилтнүүдийг II, III шатлалын эмнэлэгт ажиллуулдаггүй, авдаг ч үгүй юм билээ. Олон улсын жишгийг сонирхоход, дадлагажигч эмчээр хоёр, нарийн мэргэжлээрээ гурван жил ажилласан боловсон хүчнээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагууддаа томилдог аж.

Баянзүрх дүүргийн VI хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Балжинням “Өрхийн эмнэлгүүд нэг иргэнийхээ буюу хорооныхоо нийт хүний зардлаар санхүүждэг. Энэ онд нэг иргэнд үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлыг 30 мянган төгрөг болгосноор эмнэлгийн орчин, эмч, сувилагч нарын цалин ч нэмэгдсэн. Санхүүжилтийн гол эх үүсвэр нь улсаас, техник, тоног төхөөрөмжүүдийг ч шинэчилсээр ирсэн. Тухайлбал, манайх шээс, цусны шинжилгээ, ЭХО оношилгоо хийдэг. Хүртээмжийг нэмэгдүүлэх гэхээр төсөв нь хязгаарлагдмал. Хүний нөөцдөө түшиглэн, үйлчлүүлэгчээ татах гэхээр мэдлэг, ур чадвартай хүн цөөн. Өрхийн эмнэлгүүдэд тулгамддаг нийтлэг асуудал нь боловсон хүчний тогтворгүй байдал. Сургуулиа төгссөн эмч, сувилагч нар ихдээ л хоёр жил ажилладаг. Өрхийн эмч нарын ачаалал, дарамт их, янз бүрийн өвчтэй хүнтэй харилцахдаа мэдлэг, чадваргүйгээрээ гоочлуулна. Үзлэгийн хажуугаар нэг эмч 30-аад төрлийн албан маягт хөтөлж, таван төрлийн цахим программд ажилладаг зэргээс шантраад гардаг нь олонтоо. Ер нь Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллахаар ирсэн нь мэргэжлийн эрхээ сунгуулахын төлөө л байдаг. Тиймээс нэр хүнд нь өсдөггүй, хүний нөөц нь ч хүлээн зөвшөөрөгддөггүй байх. Өөрөөр хэлбэл, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийг дэмжих төрийн бодлого үгүйлэгдэж байна. Хэдийгээр өрхийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмж, барилгыг нь сайжруулсан ч мэдлэг, ур чадвартай эмч нарыг өрхийн эмнэлэгт ажиллуулахгүй л бол өнөөгийн тогтолцоо өөрчлөгдөхгүй” гэлээ.

Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ч.Өнөрсайхан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой хэдэн санал хэллээ. Тэрбээр “Сум, тосгоны эмнэлэгт таван чиглэлээр мэргэшсэн эмч нар ажиллуулах гэсэн заалтад Өрхийн эрүүл мэндийн төвийг хамруулбал II, III шатлалынхны ачаалал буурна. Ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд, шүд, сэргээн засах чиглэлийн эмч нарыг өрхийн эмнэлэгт ажиллуулах хэрэгтэй. Дээрх хуульд өрхийн эмнэлгүүдийн одоогийн статусыг нөхөрлөл болон компани хэлбэрээр байж болно гэж заасан. Гэхдээ бүгд шахам нөхөрлөл хэлбэртэй, эмнэлэг болон нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг хамтад нь үзүүлж хүчрэхгүй байгаа. Өрхийн эмнэлэгт одоохондоо эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь илүү эрэлттэй учраас хороо бүрт Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төв байгуулж, өрхийн эмнэлгийн байрыг хороо, цагдаагийнхаас салгаж, тусад нь үйл ажиллагаа явуулдаг болгох хэрэгтэй” гэв.

Өөр нэг өнцөг. Өрхийн эрүүл мэндийн төвүүд төсөв, санхүүгээ зарцуулах болон удирдлагаа томилох зэрэг асуудлыг нөхөрлөл нь шийддэг. Бидний мэдэхээр ТУЗ гэсэн үг. Хоёроос дээш шил ажилласан, нийт ажилтных нь 70 хувиас бүрдсэн гишүүд энэ бүлгэмд хамаарна. Тэд холбогдох хуульд заасанчлан бүх шийдвэрийг гаргах бөгөөд 1-2 жил тутамд эмнэлгийн даргыг сольж, томилох эрхтэй. Гэвч энэ зарчим ихэнх өрхийн эмнэлэгт үйлчилдэггүй аж. Улсын хэмжээний Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга нарын 50-60 хувь нь олон жил удирдах алба хашсан, тэтгэвэртээ гарчихсан хүмүүс байдгийг “тогоонд” нь ажилладаг мэргэжилтэн, судлаачид шүүмжилсэн. Тэд голдуу өөрийн хүмүүсээ нөхөрлөлд оруулдаг учраас албанаасаа ховхордоггүй гэнэ. Уг нь өрхийн эмнэлэгт таваас доошгүй жил ажилласан, АШУҮИС-д өрхийн анагаахын удирдлагын чиглэлээр хоёр жил суралцсан хүнийг даргаар томилох ёстой ч эл хууль бараг үйлчилдэггүй юм байна. Нийслэлийн Эрүүл мэндийн болон Мэргэжлийн хяналтын газрынхны шалгалтаар өрхийн эмнэлэгт хууль бусаар сонгогдсон дарга нарыг олонтоо илрүүлдэг ч яаж чаддаггүй, тэр байдалтай нь бараг эвлэрчихсэн гэх юм билээ.

Ялангуяа орон нутагт 3-4 хүний орон тоонд нэг мэргэжилтэн ажиллуулдаг, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу цалин, урамшуулал нэхэхээр “Ажиллаж чадахгүй бол зайл” гэх нь энүүхэнд болжээ. Түүнчлэн өрхийн эмнэлгүүдийн дарга нарын цөөнгүй нь залуу боловсон хүчинд “дуртай”, гэрээт, туршилтын хоног заагаад, бага цалингаар ажиллуулдаг. Дургүйг нь хүргэвэл хөөгөөд, дараагийн хүний хөдөлмөрийг ийм аргаар шулж мөлждөг явдал ч газар авсныг өрхийн эмч, сувилагч нар хэлсэн. Ажлаасаа шалтгаангүй халагдсан ч тэднийг хүлээж авч, эрх ашгийг нь хамгаалдаг газар үгүй. Нөхөрлөлийн шийдвэр нь хуулиас ангид, халдашгүй учраас тэр гэнэ.

Өрхийн эмнэлгүүд дүүргийн ЗДТГ, Эрүүл мэндийн төвтэйгөө жил бүр гурвалсан гэрээ байгуулж, санхүүжилтээ авдаг. Хамгийн их нөлөөтэй, хяналт тавих үүрэгтэй нь дүүргийн Засаг дарга нар. Учир нь дүүргийн Засаг дарга тухайн Өрхийн эрүүл мэндийн төвийнхнийг хангалтгүй ажилласан, менежмент нь муу зэрэг шалтгаанаар гэрээ байгуулахгүй, санхүүжилтийг нь зогсоох эрхтэй. Тэгэхээр дүүрэг, аймаг, орон нутгийн Засаг дарга нар хатуу хяналт тавьж, өрхийн эмнэлгүүдийг зөрчил, дутагдлаа арилгасны дараа, хуульд заасны дагуу удирдлагаа шинэчилбэл гэрээ хийнэ гээд гэдийчихэд л хууль бус томилгоонууд тодорхой хэмжээнд цэгцэрнэ гэж учир мэдэх хүмүүс санал нэмэрлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)