ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ТЭГ ЗОГСОЛТ ХИЙНЭ

Баянзүрх дүүрэг Улиастайн гүүр орчим байрлах “Дамжуулах сүлжээний Улаанбаатар 220” дэд станцад гэмтэл гарсны улмаас энэ сарын 24-нд 11 аймаг, 114 суманд цахилгаан тасарч, ДЦС-II, III, IV үйл ажиллагаа нь доголдсон. Нийслэлийн ус хангамжийн салбар ч үүнтэй адил тэг зогсолт хийхээс аргагүй болсонтой холбогдуулан Ус сувгийн удирдах газрынхан сэтгүүлчдийг Төв цэвэрлэх байгууламжийн эвдрэл гэмтэлтэй танилцуулсан юм. 1964 онд нийслэлийг 600 мянган хүн амтай байхад, гэр ахуйн болон үйлдвэрлэлийн бохирдолтой усыг цэвэрлэх зориулалтаар байгуулсан тус байгууламжид 1979, 1986 онд өргөтгөл хийснээс хойш өнөөдрийг хүртэл дорвитой шинэчлэл хийгээгүй аж.

Харин өдгөө Улаанбаатар хот сая гаруй хүн амтай болж, олон арван үйлдвэр нэмэгдсэнээр ачааллаа дийлэхгүй болжээ. Уг байгууламжийн ус хүлээн авч хуваарилах камерын бетонон хийц элэгдэж, шибер буюу төмөр хаалт зарим хэсгээрээ цөмөрчээ. Мөн дөрвөн анхдагч тунгаагчийн хоёрт нь өмнөх саруудад урсгал засвар хийсэн ч, үлдсэн хоёр нь механик гэмтэлтэй учир хуваарилах камерыг зогсоохоос аргагүйд хүрсэн байна. Мөн 103 метр урт, есөн метр өргөн, таван метр гүнтэй дөрвөн хонгил бүхий бохирыг бактериар задалж, цэвэршүүлдэг таван аэротенк буюу биологи цэвэрлэгээний байгууламжийн устай үед засварлах боломжгүй зургаан хэсэг, III, IV аэротенкийн хонгил дагуу 60-70 хувь нь цөмөрч, биологи цэвэрлэгээний технологийн горим алдагджээ.

Ажилчид хонгилыг төмрөөр бөглөж тогтоосон ч, нурах аюултай болсныг хэлсэн юм. Мөн НМХГ-ын байцаагчид бохир усны бүхэл, том хог хаягдлыг шүүх зориулалт бүхий механик цэвэрлэгээний эхний дамжлага болдог Баруун сараалжийн станцын барилгыг нурах аюултай гэсэн дүгнэлт гаргажээ. Гэвч 1964 оны уг барилгыг ашиглахаас өөр аргагүй гэдгийг инженерүүд хэлж байв. Тус байгууламж өдөрт 170000 шоо метр ус хүлээн авч байгаа бөгөөд бороотой үед 20000 шоо метрээр нэмэгддэг аж. Тиймээс засварын ажлыг хурдан эхлүүлэхгүй бол нөхцөл байдал хүндрэх гэнэ. Цэвэрлэх байгууламж, ашиглалтын албаны дарга Н.Одхүү “Байгууллагын энэ оны их засвар, урсгал засварын төлөвлөгөөнд механик цэвэрлэгээний анхны байгууламж болох тунгаагчийн засварын ажлыг төлөвлөсөн. Энэ байгууламжийг 2007 онд Испани улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр зассан. Түүнээс хойш засвар хийгээгүй, зогсолтгүй ажиллуулсан учир усан дор байгаа металл эд нэлээд муудсан. Тунгаагчийг засварлахын тулд шибер хаалтуудыг буулгаж, усгүй болгон цэвэрлэж, дараа нь металл эдийг засдаг. Тунгаагчийн шибер хаалт, бетон элэгдээд усаа барьж дийлэхээ больсон. Тиймээс цэвэрлэх байгууламж тэг зогсолт хийх шаардлагатай болоод байгаа. Манай ихэнх байгууламж бетон хийцтэй бөгөөд 30 гаруй жилийн өмнө байгуулагдсан, засвар ороогүй. Хэрвээ засвар хийчихвэл усны цэвэршүүлэлт тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Бид нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тэг зогсолт хийх хүсэлтээ хүргүүлсэн байгаа. Энэ долоо хоногт хаалтаа сэргээх, засварлах бэлтгэл ажлаа хангана. Одоогоор аваарын байдалд байгаа ч өнөө, маргаашдаа тэг зогсолт хийхгүй байх. 40-50 сая төгрөгөөр 72 цагийн хугацаанд засварын ажил хийнэ хэмээн урьдчилан тооцож байна гэв”. Т.БОЛОР-ЭРДЭНЭ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)