Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих зураг төслийг хэлэлцэж байна

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Шинэ цэвэрлэх байгууламжийн барих ажлыг түлхүүр гардуулах нөхцөлөөр Барилга хот байгуулалтын яам, БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг” групптэй 262,7 сая ам доллараар бариулахаар гэрээ байгуулсан. Тэгвэл өнөөдөр тус байгууламжийг барих зураг төслийг албаныхан хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн талаар Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын төслийн удирдагч Т.Болорчулуун товч мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлын бэлтгэл ажил 2019 оноос эхэлсэн. Тус байгууламж 2023 онд бүрэн ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Хэдийгээр цар тахалтай холбоотойгоор хүндрэлүүд байгаа ч бид төлөвлөгдсөн хугацаанд ажлаа дуусгахаар ажиллаж байна. Тиймдээ ч өнөөдөр Төв цэвэрлэх байгууламжийн зураг төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн хүрээнд БНХАУ-ын талаас боловсруулсан зураг төсөл олон улсын стандартад нийцсэн байдал, тэр дундаа Монгол Улсын стандартад хэрхэн нийцэж байгаа эсэх болон байгаль орчинд хэрхэн үр өгөөжтэй талаар хэлэлцэх юм” гэлээ.

Төв цэвэрлэх байгууламжийн зураг төслийг Францын Артеллиа энд транспорт компанийн боловсруулсан техник эдийн засгийн үндэслэлийг баримтлан БНХАУ-ын Шанхай хотын зураг төслийн хүрээлэн боловсруулсан байна.

Д.БЯМБАСҮРЭН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)