Төв цэвэрлэх байгууламжид гарсан ослын шалтгааныг тогтоогоогүй байна

Төв цэвэрлэх байгууламжид өнгөрсөн сарын 16-нд осол гарч, тус байгууллагын дөрвөн ажилтан амиа алдсан. Байгууламжийн анхны тунгаагуурт ирсэн лагийг шахах шахуургын станцын барилгыг засах үед лаг хоргүйжүүлэхэд ашигладаг химийн бодис алдагдсан юм. Тухайн байгууламжийг засаж дууссан, эсэхийг УСУГ-ын Төв цэвэрлэх байгууламжийн албаны дарга Ц.Болдоос тодруулахад “Эвдэрсэн техник хэрэгслийг засахаар ажиллаж байна. Дараа долоо хоногт дуусгахаар төлөвлөсөн. Ослын шалтгааныг тодруулахаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэс ажиллаж буй. Одоогоор эцсийн дүгнэлт гараагүй” гэлээ.

Урин дулаан цаг болж, тус байгууламжаас ялгарах өмхий үнэр хотыг “бүрхсэн”. Үүний эсрэг арга хэмжээ авч байгаа, эсэхийг Ц.Болдоос лавлахад “Засгийн газраас санаачлан, Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар “Эко тайхи” компани лагийг бордоо болгох ажилгүйцэтгэж буй. Тус компани өнгөрсөн онд зургаан сар ажиллаж, 23 картын лаг цэвэрлэсэн. Хоёр жилд багтаан ажиллах үүрэгтэй учир энэ онд үлдсэн 21 картыг цэвэрлэж байна. Тиймээс хотод лагийн үнэр ханхлах болсон. Энэ намар гэхэд үлдсэн лагийг цэвэрлэж дуусгавал дараа жилээс өмхий үнэр бүрмөсөн арилна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)