Төв аймгийн засаг дарга сумдын эмнэлэгтээ тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ

Энэ жил томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд их байгаатай холбогдуулан Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нөөц сангаас 32,4 сая төгрөгийг шийдэж томуу, томуу төст өвчний үед шаардагдах тоног төхөөрөмж, эм бэлдмэлүүдийг аймгийнхаа эрүүл мэндийн салбарт хүлээлгэн өглөө. Тухайлбал томуу, томуу төст өвчний дэгдэлт харьцангуй өндөр байгаа сумдад кварцын гэрэл, утлагын аппарат 15 ширхгийг аймгийн Эрүүл мэндийн газраар дамжуулан сумдын Эрүүл мэндийн төвүүдэд илгээсэн байна.

Зуунмод сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд утлагын аппарат, УВЧ шарлагын аппарат, кварцын гэрэл болон өрхийн эмчийн цүнхэнд зайлшгүй байх шаардлагатай нэр бүхий эмүүдийг хүлээлгэн өгөв.

Мөн утлагын аппарат 5 ширхэг, УВЧ шарлагын аппарат 2 ширхэг, зайнаас халуун хэмжигч 3 ширхэг, 12 сувагтай зүрхний аппарат, кварцын гэрэл, нярайн хяналтын монетоор тус бүр 1 ширхэг бүхий 9 нэр төрлийн нийт 18 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хүлээлгэн өгсөн байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгт томуу, томуу төст өвчин  21,8%-ийг эзэлж байгаа бөгөөд аймгийн Эрүүл мэндийн газраас шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)