Төвийн нутгаар цочир хүйтэрнэ

Зургадугаар сард тэнгэр ямар байхыг танилцуулъя. Бaруун аймгуудын нутгийн хойд хагаст 11-16, өмнөд хагаст 15-20 градус дулаан байх нь. Увсын ихэнх нутаг, Баян-Өлгий, Ховд, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөвтэй. Хоёрдугаар арав хоногийн эхний хагаст сэрүүснэ.

Увсын нутаг, Баян-Өлгий, Ховдын хойд, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсэг, Завханы ихэнх нутгаар бага, Ховдын өмнөд, Баянхонгорын зүүн хэсгээр ахиу хуртай. Сарын эхэн болон нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр ихэнх нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороотой. Энэ үеэр салхи зарим газраар түр зуур 12-14 м/с, зарим үед дуу цахилгааны өмнө 18-20 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Төвийн бүх нутгаар 14-19 градус дулаан, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн, Төв аймгийн хойд хэсэг, Сэлэнгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр сэрүүсэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө хоёр градус дулаанаас гурван градус хүйтэн хононо. Бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, хөрсний гадарга дээр 0-2 градус хүрч, сулхан цочир хүйтэрнэ. Гуравдугаар арав хоногийн эхээр дахин сэрүүсэж, шөнөдөө 5-10, өдөртөө 17-22 градус дулаан байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр Орхон, Сэлэнгийн хөндийгөөр шөнөдөө 14-19, өдөртөө 30-35, бусад нутгаар шөнөдөө 9-14, өдөртөө 25-30 градус хүрч халах төлөвтэй.

Энэ сард Хөвсгөлийн баруун хэсгээр бага, Өвөрхангайн ихэнх нутаг, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ахиу бороотой. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба дунд, эцсээр зарим газраар бага зэргийн хур бууна. Хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи зарим газраар түр зуур 12-14 м/с, зарим үед 16-18 м/с хүрч ширүүсэж болзошгүй.

Зүүн зүгийн нутгаар 14-19 градус дулаан байна. Сарын эхээр сэрүүсэн, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 0-5, өдөртөө 10-15 градус дулаан байна. Эхний арав хоногийн сүүлийн хагас, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар шөнөдөө 12-17, өдөртөө 28-33 градус хүрч халах төлөвтэй. Хур тунадасны хувьд Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын баруун хойд болон өмнөд хэсгээр ахиу орох төлөвтэй. Гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр борооны өмнө салхи түр зуур 18- 20 м/с хүрч болзошгүй.

Говийн бүх нутгаар 18-23 градус дулаан. Сарын эх, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр бага зэрэг сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст өдөртөө 30-35 градус хүрч халах төлөвтэй. Энэ сард Өмнөговийн ихэнх нутаг, Дундговийн баруун өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр ахиу хуртай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)