Төвбанк 91 кг алт худалдаж авлаа

Төвбанк өнгөрсөн гуравдугаар сард 91 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 623 кг-аар бага буюу 87 хувиар буурсан дүн болжээ. Гуравдугаар сард иргэд, аж ахуйн нэгжүүдээс тушаасан нийт алтны есөн кг-ыг Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс, зургааг нь Баянхонгор дахь нэгж худалдан авчээ. Алт тушаасан хэмжээ ийнхүү огцом багассан нь шар металлын нөөц ашигласны төлбөрийг энэ оны эхнээс нэмэгдүүлэн, таван хувьд хүргэсэнтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Сүүлийн таван жилд алтны нөөц ашигласны төлбөр 2.5 хувьбайсан бөгөөд өдгөө хоёр дахин өсгөөд буй. Түүнчлэн зах зээл дэх алтны ханшийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 9-10 хувийн төлбөр ногдуулан иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авч байгаа юм.

Ташрамд дурдахад, өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар Монголбанк нэг грамм алтыг 110 109 төгрөгөөр худалдан авчээ. Энэ нь Лондоны үнэт металлын биржид үнэ өндөр байгаатай холбоотой аж. Өнгөрсөн сарын 27-нд тэнд унци алтны ханш 1307.09 ам.доллартой тэнцэж байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)