ТҮҮЧЭЭ

Н.Багабанди парламентын хэсэг сурвалжлагчийн хамт. Өмнөговь, Хүрмэн сумын нутагт

Би л лав тэр үед ажилтай ч юм шиг үгүй ч юм шиг амьтан явж байсан даг. Уг нь бол тухайн үедээ уншигчдын хараанд өртөж, захиалах дуртай хэвлэлийнх нь нэг болоод байсан “Залуучуудын үнэн” сонинд ажиллаад 6-7 жил болсон ч “үймээн шуурганы” хөлөөс дайжин Монголын радиогийн өндөр босгыг сайн нөхдийн татаас дэмжлэгээр дөнгөж алхаад байсан юм. Гэхдээ ногоотой газар мал тогтдоггүйн үлгэрээр олон үеийн шилдэг уран бүтээлчийн ээлтэй өлгий болсон энэ буянтай газрын хоолонд идээшихгүй, илжиг модон хударгандаа гэгчээр сониноо үгүйлээд, Радиогийн залуучуудын нэвтрүүлгийн редакцын сурвалжлагчийн ажлыг хийх ч биш, үгүй ч биш юм салгалж явсан хэрэг. Тэгээд талийгаач А.Авирмэдийн ивээлээр Радиод хэдэн сар ёстой л толгой хоргодож байтал аз болоход “Ардын эрх” гээч шинэ цагийн хэвлэлийн шанг татсан сонин бий болсныг дуулж, түүний хүчирхэг, чадварлаг, насны хувьд ч, үзэл бодлын хувьд ч өнгө алагласан хамт олны эгнээнд багтаж нар минь гарч билээ. Энэ чинь 1991 оны эх. Т.Ганди, Ж.Мягмарсүрэн бид гурав нэг өдөр ажилд орсон санагдана.

Намайг “Залуучуудын үнэн” сонинд сурвалжлагч байхад эрхлэгч маань байсан нэрт яруу найрагч Долгорын Нямаа гуай “АЭ” сонинд утга зохиолын ажилтан болчихоод байсан нь “Би чинь чухам юу руу ороод ирчихэв, миний байх газар мөн үү биш үү, ажил төрлийн шугамаар гэмгүй сайн нөхрийн харилцаатай явдаг Ц.Балдоржийн саналыг хүлээж авсан минь зөвдөв үү, буруудав уу” гэж эргэлзэх бодол төрөхөд эрхгүй хүргэж билээ. Дарга, цэрэг явсан улс нэг дор ажиллах болж, уншигчдынхаа тоогоор толгой цохиж явсан, Монголын нэг томоохон сонины эрхлэгч байсан хүнтэй нэг зиндаанд ороод ирсэн нь надад тийм ч таатай бус санагдсаныг нуух юун. Нэгэн цагт би Нямаа гуайд “загнуулж” явсан бол одоо хоёул нэг хүнд “загнуулаад” зогсож байх нь гэж бодохоос үнэмшимгүй ч юм шиг. Д.Нямаа “АЭ” сонины эхний дугааруудаас борлуулалцаж, Сүхбаатарын талбай дээр, Төв шуудангийн үүдэнд зогсож байсан гэж өөрөө ярьсныг бодоход Төрийн энэ төв хэвлэлийн анхдагчдын нэг байж таарна.

Намайг энд ирэхэд одоогийн төрийн шагналт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол, бас ясны сэтгүүлч гэж хэрэв байдаг бол тэдний нэг нь яах аргагүй мөн Өсөхбаярын Тогоо, Гэндэнгийн Бямбажал гэх мэт аваргууд хэдийнэ байраа эзэлж, тухалсан байв. “АЭ” сонины анхны эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Батмөнхийн Лигдэн дурсамждаа “Үнэн” сонинд хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Балдоржийг урьж, хамт ажиллахаар шийдэж, Л.Түдэвт хэлсэнд шинэ бүхнийг дэмждэг ухаант хүн учраас шууд зөвшөөрсөн болно гэж бичсэн байдаг. Төрийн төв хэвлэл гэсэн статустай байсан “АЭ” сониныг монголчууд эрвийх дэрвийхээрээ дэмжиж байсныг Д.Цоодолыг Зохиолчдын хороо, Г.Бямбажал, Ө.Тогоо нарыг “Үнэн” сонин, Т.Гандийг “Тусгаар тогтнол” сонины удирдлага харамнаагүй явдал харуулсан гэж хэлж болно. МАХН-ын Төв хороо ч Б.Пүрэвдашаа “АЭ”-эд өгсөн л юм.

Дан ланжгарууд дунд ороод ирж дээ би хэмээн өөрийгөө “чамлаж” байтал биерхүү нэг шар хүү гүйгээд байсан нь МУИС-ийн оюутан Ш.Сүхбаатар гээч гэнэ. Оюутан байж энэ аваргуудтай мөр зэрэгцэж явахыг бодоход их эд байх нь гэж бодовч хэдэн жил сонинд ажиллачихсан өөрийгөө түүнээс дор орно гэж үзэж яаж болох билээ, дотор жаахан уужрах ч шиг. Тэгсэн хэрнээ “Х.Дашзэгвэтэй хамт туршилтын дугаар хийлц” гэсэн үүргийг Б.Лигдэн, Ц.Балдорж нараас энэ залуу авч байсан гээд бодохоор “АЭ” сонины ажилтныхаа хувьд миний өмнө гишгэчихсэн байгаа юм. Д.Нямаа гуайн л адил “ахмад”-ын нэг гэсэн үг. Эргээд бодоход Б.Лигдэн, Ц.Балдорж нартан хамт олноо бүрдүүлэхдээ өнөө цагт хүмүүсийн аманд моод болоод байгаа шиг “стандарт” бусаар хандсан юм шиг санагддаг. Энд сонины туршлагатай удирдах ажилтан, ахмад сэтгүүлч, нэртэй зохиолч, яруу найрагч, багш, эдийн засагч, амьтан судлаач, оюутан хүртэл ажиллаж байсан юм. Тэдний насны дээд, доод хязгаар ч их хол зөрүүтэй, нэг үеийн наана цаана бол юу ч биш.

Гэлээ ч тэд өөд өөдөөсөө биш, нэг зүг рүү харж, шинэ соргог гэсэн болгон руу ухасхийж, нэгэн цул хамт олныг бий болгосон. Монгол Улсдаа шинэ цаг үед нь нийцсэн, урьд өмнө нь байгаагүй энэрэнгүй мөртлөө хатуу, шударга, бодитой, зусарч нүүр тал зассан биш, хоосон магтдаггүй сэтгүүл зүйг бий болгох чин сэтгэл, дэврүүн тэмүүлэлтэй ажиллаж, нас ахисан нь өөрийгөө өөрчлөх гэж, залуус нь суралцах гэж зүтгэж байлаа. Социализмын үеийн цагаан магтаал, хий дэвэргэсэн сэтгүүлчийн гэхээсээ нам, засгийн үгээр хулдсан, амьдралд муу муухай юм байхгүй мэт харуулахыг хичээсэн бичлэгээс уйдсан уншигчдад олон талаас нь нягталсан бодит мэдээлэл хүргэх, бас давс хужир амтлуулах гэж бид их хичээдэг байсан юм. Сайн юман дотор ч муу юм байдгийг, муу юман дунд ч сайн юм байдгийг олоод харчих, сөхөөд үзчих гэж чадлаараа мэрийнэ. Хүмүүс, хөдөө орон нутагтай ч хэлхээ холбоо сайтай. Тэр үед факс, гар утас гэж байгаагүй болохоор тусгай суурин утастай, түүн дээр хүн байнга сууж, хөдөө, хотоос хүсэлт, мэдээлэл авдаг байсан. Энэ утсыг сахиж суудаг нэг хүний маань талаар явган шог гарсан удаа бий.

Хөдөө гадаанаас хүмүүс зогсоо чөлөөгүй ярьдаг болохоор мэдээлэл хүлээж авдаг хүн маань элдэв илүү дутуу юм хэлэх зав муутай тул ярьж байгаа хүндээ хоёрхон янзаар дуу гаргаж хариу өгдөг байж л дээ. Сайн юманд хн гэж, муу мэдээ хэлбэл гасалдаг байсан аж. Энэ хоёр авиагаа ямар ч юман дээр ээлжилж гаргаад байдаг хүн чинь “тэр аймагт машин онхолджээ” гэхэд нь “хн” гэчихээд цаад хүнийхээ хэлснийг тэмдэглэж байх зуурт өнөө хүн нь “аз болоход хүний амь осолдсонгүй” гэхэд нь гасалчихсан гэж байгаа. Хүмүүс манай сонинтой их холбоотой байсан. Ер нь олон түмэн “АЭ”-ийг тэр дороо хүрээлж, хаа газар нэг арга хэмжээ болоход “АЭ”-ээс хүн ирсэн үү гэж асуудаг байсан юм. Сонины газар маань Төрийн ордонд байрлаж, тэр бүр хүн орж ирж юм яриад байх боломж хомс байх үед ч манайхны өрөөний хаалга байнга онголзоно. Сэтгүүлчдийн ширээний өмнөх сандал үргэлж эзэнтэй.

Хэний ч өрөөнд ороход хэн нэгэн зовлон жаргалаа яриад л сууж байдагсан. Ер нь хүмүүс их яриа болж эхэлж байсан үе л дээ. Том албаны хүмүүс хөдөө орон нутгаар явахдаа дөрөө мулталсан газар болгондоо уулзалт хийж, төр, засгийн бодлогоо ярьж, иргэд, хөдөлмөрчдийн асуултад хариулна. Шөнийн хоёр цагт уулзалт тарах нь ердийн явдал. Ийм үед аймаг, сумдын Соёлын ордон, Клубийн гэрэл унтрах нь ч элбэг. Тэгээд аль аль нь ярих, сонсох хүсэл ихтэй болохоор дуу чангаруулагч нь ажиллахаа больсон ч яриа хөөрөө үргэлжилж л байх. Түрүүчийн нийгмийн ихэмсэг ярвагар, хөшүүн, муйхар удирдагчдаас шинэ цагийн дарга нар өөр байх гэж их хичээдэг байв. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайг Дарханд ч гэлүү очоод уулзалт хийж байхад хаа газар л байдаг хөөрүү эрчүүдийн нэг нь бараг л “Зайл” гэсэн юм байх. Тэр хүн аймтгай нэгэн байсан юм уу дургүйцлээ бичгээр илэрхийлээд нэрээ тавиагүй байсан бололтой. П.Очирбат гуай тэр бичгийг нь уншиж үзчихээд “Зайл” гэсэн үгийг нь “Дайл” болгож “уншаад”, энд нэг хүн намайг дайлна гэсэн байна, тэгээ хөгшөөн, би буцахаасаа өмнө танайхаар ороод гаръя гэсэн гэнэ гэх яриа дуулдаж байсан билээ. Энгийн юм шиг хэрнээ уран хурц нүүдэл хийж эвгүй байдлаас аятайхан гарах чадвар аль ч шатны удирдагч хүнд хэрэгтэй байдгийн жишээ энэ мөн. Энэ мэт юмыг шүүрч аваад, донжийг нь тааруулж, байрыг нь зөв олж сурвалжлага, тэмдэглэлдээ оруулбал бүр ч амттай. Ийм “аар саар юм” сэтгүүлч хүнд олз байх нь бий.

Н.Багабанди УИХ-ын дарга байхдаа нэг удаа Дундговийн хойд, Өвөрхангайн зүүн талаар явсан юм. Анхны тухалсан газар нь Дундговийн Дэлгэрцогт сум. Түүнийг дагалдаж явсан хүмүүс, сурвалжлагч, жолооч, хамгаалалтын албаныхныг юутай хээтэй нь дунд сургуулийнхаа дотуур байранд хонуулсан аж. УИХ-ын гишүүдээс лав л одоогийн ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, академич С.Нарангэрэл нар явж. Тэд өрөөндөө жаахан хөгжилдсөн чинь аймгийн Засаг дарга орж ирж арай аяархан дуугарцгаахгүй юү, дарга амрах гээд байна гэсэн байна. Б.Лхагвасүрэн гуай тэгэхэд “Багабанди даргыг оруулаад ирэх юмсан. Юундаа амрах гэхэв, бид нар шиг байхсан гэж бодож л байгаа даа, эр хүн юм чинь. Дарга гэдэг ингээд нэг онцгүй ажил шүү” гэж суусан гэдэг. Энэ мэт яриа олон түмний нүд, чихнээс холуур өнгөрдөг тул гэм хоргүй юмыг сурвалжлагадаа оруулахад ёлкны модны гялалзсан чимэглэл шиг л өнгө оруулаад ирдэгсэн.

Социализмын үеийн хөшүүн, хямсгар дарга нарын дүрийг халахад шинэ цагийн удирдлагын түрүүч байсан П.Очирбат, Н.Багабанди хоёр их үүрэг гүйцэтгэсэн гэж бодогдоно. Бүх шатны албархуу дарга нараасаа дандаа цэрвэж явсан олон түмний өмнө хээгүй налгар эр хөөрөг бариад зогсож байх нь, хийгүй чамбай дарга нухацтай үгээ хэлж байх нь хачирхалтай хэрнээ, дотно байсан гэдэгт би эргэлздэггүй.

Тэр үеийн манай сонины удирдах хүмүүс аливаа юмыг бичихдээ тухайн үеийн уур амьсгалыг дүрсэлж буулгахыг, үйл явдлыг орчинтой нь холбохыг их шаарддаг байсан юм. Тухайлбал, хуулийн нэг заалт гэхэд л чуулганаар хэлэлцэх явцдаа ямар зам туулав, хэн тэр заалтыг хуульд үлдээх гэж зүтгэв, хэн хасах гэж тэмцэв, хэн хэн нь ямар үндэслэл хэлж өөрийн байр суурийг хамгаалав гэдгийг тодорхой гаргахыг чухал гэж үздэг байсан.

УБХ-ын чуулган, Үндсэн хууль баталсан АИХ-ын чуулган Монголын сэтгүүл зүйд, сэтгүүлчдийн бичлэгт, “Парламентын сэтгүүлч” төрүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн, байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагааг мэдээлэх, сурвалжлан бичих дэг жаягийг бий болгох суурийг тавьсан гэж хэлж болно. Түүнээс өмнө манайд Парламент нь байсан ч байнгын ажиллагаагүй, түүнийг бичдэг сэтгүүлч ч байсангүй.

“АЭ” ер нь олон юмны анхдагч, түүчээ байсан. Хэвлэлийн эхээ “АЭ” компьютерээр бэлдэж, гаднаас хэвлэлийн шинэ үйлдвэр оруулж ирж байхад бусад сонин нөгөө л тугалгатайгаа зууралдсаар. “Улсын хэвлэлийн комбинат” дээрээ овоорсоор байсан. “За Бат-Эрдэнэ ээ, Солонгосоос сонины офсет машин авахаар болсон, тийшээ явж тэр машиныг ачуулж ирнэ ээ” гэж Эрээн ч орж үзээгүй “нусгай хүүхдэд” итгэл хүлээлгээд Бал эрхлэгч явуулж байж билээ. Тэгээд л найман нүүртэй сонин анх удаа гаргасан гэж Д.Бат-Эрдэнэ ярьдаг юм. Реклам гээч юмыг “АЭ” л анх сонинд бий болгож, байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүний үйл ажиллагааг сурталчилсан материалыг төлбөртэй нийтэлж эхэлсэн. Энэ үйлсэд зүтгэж явсан Т.Дашням одоо заяасан мэт ажлаа эрхэлсээр, хэвлэлийн рекламны “загалмайлсан эцэг” гэгдэж явна. Монголын сэтгүүл зүй цаашид замнах зам мөрийг гаргах гэгээн үүрэг өөрсдөд нь оногдсоныг “АЭ”-ийнхэн сайн ойлгож, ахархан хугацаанд тэр үүргийг гялалзтал биелүүлсэн. Үүнийг 1990-ээд оны дунд үеэс өнөөг хүртэлх Монголын хэвлэлийн амьдралд харуулж буй. Улсдаа одоо шилдэгт тооцогдох сонинуудыг тухайн үедээ “АЭ”-д ажиллаж байсан хүмүүс одоо авч явна.

“АЭ” мэндлээд гурван жил ч болоогүй байхад тэнд ажиллагсдаас төр маань үнэлж эхэлсэн юм. Хамгийн түрүүнд Д.Нямаа гуай 1993 онд Төрийн шагнал хүртэв. 1995 онд энэ шагналыг Д.Цоодол гуай авлаа. Ингээд л араас нь цуварсан. Одоо эргээд бодоход Ардын уран зохиолч нэг, Төрийн шагналт хоёр, гавьяат цолтон бидний дундаас 10 шахам төрсөн байдаг юм.

И.РЭНЧИНХАНД


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)