“Түүх мартахгүй” буюу уран бүтээлч түүхийн бодит үнэнийг гуйвуулах ёсгүй

Монгол Улсыг олон жил удирдсан, миний өвөө Юмжаагийн Цэдэнбалын амьдралын тухай, удаан хүлээсэн “Түүх мартахгүй” кино энэ сард гарав. Киноны агуулгын талаар миний аавтай болон надтай урьдаар зөвшилцөөгүй, зохиолыг нь ч үзүүлээгүй болохыг энд тэмдэглэмээр байна. Өвөө минь ямар хүн байсныг ташаа харуулсан, баримтын ноцтой алдаатай бүтээл болсныг зохиогчид хэлэх нь миний үүрэг гэж бодож байна. Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулах гэснийхээ төлөө маршал Чойбалсан залуу Цэдэнбалыг зодож буй хэсэгт түүхийг гуйвуулжээ. Эх орноо хөгжлийн бие даасан зам мөртэй байх ёстой гэж өвөө минь үздэг байсан. Тэрбээр хойд хөршийнхөө хөгжин цэцэглэсэн амжилт, Зөвлөлтийн удирдагчид, юуны түрүүнд И.В.Сталинаар бахархахын сацуу коммунизмын үзэл суртлыг тууштай баримтлагч байсан юм.

Ю.Цэдэнбалын хүчин чармайлтын ачаар Монгол орон 1945 онд тусгаар тогтнож, олон улсын хамтын нийгэмлэгт бие даасан улсаар хүлээн зөвшөөрөгдөн, 1961 онд НҮБ-д элссэн. 1946-1961 оны хооронд тус улс НҮБ-д элсэх хүсэлтээ удаа дараа гаргасан боловч Өрнөдийн орнууд болон ЗХУ хоорондын улс төр, үзэл суртлын сөргөлдөөн уг асуудлыг шийдэх нааштай боломж олгохгүй байв. Харин 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 16 дугаар чуулганы шийдвэрээр Монгол бүрэн эрхт гишүүн нь болсон юм. БНМАУ-тай дипломат харилцаа тогтоосон Өрнөдийн анхны улс нь Британи (1963) байв. БНМАУ-ыг АНУ 1987 онд хүлээн зөвшөөрсөн. Одоо Монгол Улс 177 оронтой дипломат харилцаатай. “Сонгуулийн хууль ба практик” сэтгүүлд бичсэн нийтлэлдээ (2018, №3) би Монгол орон тусгаар тогтнохоор туулсан зам, 1946 оны бүх нийтийн санал хураалтын тухай олон эх сурвалжаас эш татан тодорхой бичсэн.

1970-аад онд Монголыг улсдаа нэгтгэх тухай санаа ЗХУ-д үнэхээр гарч байсныг хэлэх хэрэгтэй байх. Л.И.Брежнев ийм саналаа өвөөд тавьсан бөгөөд Зөвлөлтийн удирдагч татгалзсан тодорхой хариулт авчээ. Болгарын тэргүүн Т.Х.Живков ЗХУ-ын удирдлагад тийм хүсэлт тавьсны улмаас дээрх санал гарсан аж. Киноны эргэлзээ төрүүлсэн өөр нэг хэсэгт Ю.Цэдэнбал анх Вера гэдэг орос бүсгүйтэй дотно харилцаатай байсан (тухайлбал, нүцгэн зураг. Үүнийг үзэгчдийн анхаарал татах гэж кино зохиогчид оруулсныг ойлгож байна) тухай үзүүлжээ. Ийм мэдээлэл хаанаас авсан нь тодорхойгүй.

Өвөөгийн амьдралын талаар, тэр дундаа гэр бүлтэй болохоос өмнөх амьдралын арай илүү баттай мэдээллийг Леонид Шинкаревын “Цэдэнбал ба Филатова: Хайр дурлал. Эрх мэдэл. Эмгэнэл” номоос уншиж болно. Тэрбээр сэтгүүлч бөгөөд Улаанбаатар дахь “Известия” сонины сурвалжлагчаар ажиллаж байхдаа 1977 онд эмээ, өвөөтэй танилцжээ. Амьдралын сүүлийн жилүүддээ эмээ Л.Шинкаревтай их дотно байсан бөгөөд түүнтэй дурсамжаа хуваалцаж, захидал, баримт бичиг зэрэг архивын олон мэдээлэл дэлгэсэн байдаг.

Улс орныхоо хөгжлийн социалист үеийн талаар ном гаргаж, эрдэм шинжилгээний хурал хийн, кино бүтээж буй нь сайн хэрэг. Гэхдээ энэ бүхэн бодитой, зөвхөн баримтад тулгуурласан байх ёстой. Бүтээлч хандлага чухал боловч түүхэн хүн, эсвэл ямар нэг түүхэн үзэгдэл байхаас үл хамааран судалгааны объект ташаа ойлголт төрүүлэх ёсгүй. Тиймээс уран бүтээлчид түүхэн өвд болгоомжтой хандаж, арилжааны, эсвэл өөр бусад ашгийн төлөө болсон явдлыг мушгин гуйвуулахаас зайлсхийгээсэй.

...Улаанбаатарын төвд, Төрийн ордноос 500 орчим метрийн зайд, одоогийн Ерөнхийлөгчийн өргөөний хажууд өвөөгийн хөшөөг босгосон. Тус хотод миний очих дуртай газруудын нэг нь энэ. Жил бүрийн есдүгээр сарын 17-нд өвөөгийн төрсөн өдөр эл хөшөөнд Монголын эрх баригчид, намуудын төлөөлөгчид цэцэг өргөж, цэргийн оркестр тоглож, хүндэт харуул жагсдаг. Хөшөөний дэргэдэх талбайд хүүхдүүд өдөр бүр тоглон саатаж, залуус хажуугаар нь яаран өнгөрдөг. Амьдрал үргэлжилж байна. Харин түүх хэзээ ч мартагдахгүй гэж Ю.Цэдэнбалын ач охин Анатасия фэйсбүүк хуудсандаа бичжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)