Түүхэн тогтоолын түүхий хэрэгжилт

...“Энэ зун бороо их орох төлөвтэйг цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Гадаа асгаад хуччихсан түлш бороонд норвол чанар нь алдагдах уу гэж асуухад мэргэжилтнүүд “Тэгнэ” гэж хариулж байна. Өчнөөн зардал гаргаад үйлдвэрлэтэл хэрэггүй болчихвол яах вэ. Агуулах барих тендер зарлах тухай одоо ярих нь оройтсон” гэж нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва саяхны нэг хурал дээр нэлээд бухимдангуй мэдэгдсэн. Учир нь Улаанбаатарт сайжруулсан түлшний найман агуулах барьж, түлш нөөцлөхөөр төлөвлөсөн ч ажил урагшгүй байгаа юм. Ирэх өвөл гэр хорооллын бүх айлд нийлүүлэх түлшийг өдгөө үйлдвэрлэж буй ч нөөцлөн хадгалах агуулах нь алга...

Утаа бууруулахын тулд Улаанбаатарт түүхий нүүрс түлэхийг хориглосон. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг албан тушаалд очоод удаагүй байхдаа “Улаанбаатар луу түүхий нүүрс оруулахгүй” гэж мэдэгдсэнийг уншигч та бүхэн санаж буй нь лавтай. Энэ мэдэгдэл нь нийслэлд түүхий нүүрс түлэхийг хориглох тухай, Засгийн газрын 62 дугаар тогтоол болон гарсан. Утаатай тэмцэх ажил урьд нь цаг аргацаасан, мөнгө үрсэн, явцуу хүрээнд, хэдхэн хүний эрх ашиг төдийхнөөр өрнөж ирсэн нь тодорхой болоод байгаа билээ. Харин 62 дугаар тогтоол нэлээд шийдэмгий, түүхэн шийдвэр байсан гэдэгтэй маргах хүн үгүй биз. Харамсалтай нь, шийдвэр гарснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн ч тогтоолын хэрэгжилт түүхий хэвээр байна.

САЙЖРУУЛСАН ЗУУХТАЙГАА ДАХИН ЗУУРАЛДАНА

Түүхэн тогтоолыг хэрэгжүүлэх явцад төвөгтэй нэг асуудал босож иржээ. “Утаагүй” зуух гэж урьд нь улиг болтол яриад залхсан, сүйдтэй үр дүнд хүрээгүй тул цаашид зөвхөн түлшин дээр төвлөрөн ажиллах нь гэж олон нийт ойлгосон. Гэтэл алдарт “утаагүй” зуух “моодноос гарах” болоогүй байж. Сайжруулсан түлш түлж эхэлсэнтэй холбоотойгоор зарим иргэн борлуулагч нарт “Үүнийг түлэхээр гэр дулаацахгүй байна. Цогшихоос өөр ид шидгүй юм” гэж гомдол мэдүүлэх болсон аж. Хариуд нь борлуулагчид “Заавал зориулалтын зууханд түлэх ёстой. Зуухаа соль” хэмээн зөвлөх болсон аж. Борлуулагч нарын хэлснээр зориулалтын зууханд түлж байж л Улаанбаатарыг утаанаас салгах түлшний “ид шид” мэдэгдэх юм байх. Тэгэхээр сайжруулсан түлш түлээд л болчихно гэж бодсон иргэд зуухны эрэлд гарч, энэ төрлийн “бизнес” дахин “цэцэглэх” нөхцөл бүрдэх бололтой.

Түүхээс дурдвал, нийслэлчүүд 2002 оноос сайжруулсан зуухтай танилцжээ. Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 15 мянган өрхөд тухайн үед 44 700 төгрөгийн үнэтэй зуух тараасан. Уг ажил 2011 оноос эрчимжиж “Цэвэр агаар” төслийн хүрээнд “Өлзий”, “Хас”, “Голомт”, “Дөл” зуухыг айлуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 29 000-36 000 төгрөгөөр худалдсан. Үр дүнд нь нийслэлийн гэр хорооллын айлууд бүгдээрээ сайжруулсан зуухтай болсон гэж холбогдох албаныхан сайрхан мэдээлсэн юм даг.

Сайжруулсан түлш түлэхийн тулд айлууд яагаад зуухаа солих ёстой талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхноос тодруулахад “Уг нь өчнөөн ажил болж, гэр хорооллын бүх айлд зуух тараасан. Гэсэн ч өдгөө тэдний 30 хувь нь л сайжруулсан зуухаа ашиглаж байна. Бүгд зуух авсан хэрнээ зарчихаж. Хөдөөгийн малчид аваад тавьчихсан байх жишээтэй. ОХУ-ын Буриад болон урд хөршийн, манайхтай хил залгаа нутгууд руу ч нэлээд хэд гарсан нь судалгаагаар нотлогдсон. 40 000 төгрөгөөр авсан зуухаа иргэд 80 000-120 000 төгрөгөөр борлуулсан. Хэдхэн төгрөгийн төлөө эрүүл мэндээ золиослох хэмжээний л сэтгэхүйтэй байна шүү дээ, монголчууд” хэмээн халагласан. Мэдээж эцэст нь сайжруулсан түлш түлэх айлууд зайлшгүй “утаагүй” зуухтай болохыг сануулсан билээ. Ингэхдээ “Сүүлийн үед техник, технологи хөгжөөд янз бүрийн сайн зуух өчнөөнийг үйлдвэрлэдэг болсон. Тэдгээрээс сонгох боломжтой” гэсэн юм.

ЗУУН ЗАДГАЙ ЖАРАН ХАГАРХАЙ

Засгийн газрын 62 дугаар тогтоолд дээрхийн адил “цоорхой” олон байна. Нийслэлийн ИТХ-ын зарим төлөөлөгч өнгөрсөн баасан гарагт Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол дүүрэгт ажиллаж, иргэдтэй уулзжээ. Энэ үеэр иргэдийн тавьсан гол асуудал нь сайжруулсан түлштэй холбоотой байв. “Сайжруулсан түлш олдохгүй байна. Ойрхон зарж байгаагаар нь нүүрс л авлаа”, “Хориглосон гэсэн ч түүхий нүүрс зарсаар байна. Тэгсэн хэрнээ нүүрс түлсэн иргэнийг 300 000 төгрөгөөр торгоно гэх юм. Зарах цэгээ олшруулчихаад, их хэмжээгээр нөөцөлсний дараа торгох талаар ярья”, “Түүхий нүүрснээс татгалзах шийдвэрийг дэмжиж байна. Гэхдээ уг ажлыг хэрэгжүүлэхдээ сайтар бэлдэх ёстой. Ямар ч төлөвлөгөөгүй хэрэгжүүлж эхэлсний горыг иргэд л амсаж байна” гэх зэргээр хүмүүс шүүмжилжээ.

Одоогоор 10 цэгт сайжруулсан түлш борлуулж буй бөгөөд 25 кг-ын савлагаатайг нь 3750, нэг тонныг нь 150 000 төгрөгөөр борлуулж байгаа хэмээн албаныхан мэдээлсэн юм. Гэсэн ч түлш борлуулах 10 цэг хаанаа ч хүрэлцэхгүй байгаа аж. Тухайлбал, Баянхошуунд гэхэд ганцхан цэг л байх бөгөөд залхуурсан хүмүүс ганц, хоёр шуудай нүүрсний төлөө хол явахаасаа төвөгшөөж, гэрийнхээ ойролцоох түүхий нүүрснээс худалдан авч байгаа гэнэ. Түүнчлэн сайжруулсан түлш борлуулах цэгт ирэнгүүт ченжүүд юу ч үлдээлгүй худалдан авчихаад, үнийг нь 500-1000 төгрөг нэмж зарсан зөрчил ч илэрчээ. Үүнээс гадна нийт 13 аж ахуйн нэгж түлш үйлдвэрлэнэ гэж амласан ч “Тавантолгой түлш”-ээс бусад нь хойш суужээ.

“Энэ зун бороо их орох төлөвтэйг цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Гадаа асгаад хуччихсан түлш бороонд норвол чанар нь алдагдах уу гэж асуухад мэргэжилтнүүд “Тэгнэ” л гэж хариулж байна. Өчнөөн зардал гаргаад үйлдвэрлэтэл хэрэггүй болчихвол яах вэ. Агуулах барих тендер зарлах тухай одоо ярих нь оройтсон” гэж нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва саяхны нэг хурал дээр нэлээд бухимдангуй мэдэгдсэн. Учир нь Улаанбаатарт сайжруулсан түлшний найман агуулах барьж, түлш нөөцлөхөөр төлөвлөсөн ч ажил урагшгүй байгаа юм. Ирэх өвөл гэр хорооллын бүх айлд нийлүүлэх түлшийг өдгөө үйлдвэрлэж буй ч нөөцлөн хадгалах агуулах нь алга. Найман агуулахын тавыг нь өдгөө барьж байгаа, үлдсэнийг нь хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй аж.

Үүнээс гадна бөөний 107 төв буюу худалдах цэг байгуулж, жижиглэн худалдаа эрхлэгч 533 иргэнтэй гэрээ байгуулж, борлуулахаар төлөвлөжээ. Одоогоор борлуулагчдын 50 хувьтай нь л гэрээ байгуулсан аж. Албаныхан гэр хорооллоор явж уг тогтоолын хэрэгжилтийг шалгахад ихэнх цэгт нь багадаа 30-50 тонн нүүрс нөөцөлчихсөн, тэр байтугай зарим айлын хашаанд ч энэ хэмжээний нүүрс байжээ. Амин хувиа хичээж, ашиг харсан зарим хүн дээрх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээс өмнө бөөнөөр нь хотод оруулаад ирчихэж л дээ. Тэднийг одоо хэрхэх нь хотын удирдлагын толгойны өвчин болж, мөнгийг нь өгөөд худалдаж авдаг ч юм бил үү гэж сууна.

62 дугаар тогтоолыг хэрэгжүүлж эхэлснээс хойших дүр зураг нэг иймэрхүү. Сайжруулсан түлшээр ханган, утааг 50-60 хувиар бууруулах Засгийн газрын томоохон зорилт дээрх шалтгаануудаас үүдэн бүтэлгүйтвэл ирэх өвөл дахиад л түүхий нүүрсээ түлж, гаргасан шийдвэрээсээ ухрахад хүрэх вий.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)