Түүхий эдийн цэгүүд “тэжээгч”-гүй болжээ

БОАЖЯ-наас хамгийн сүүлд гаргасан Монголын байгаль орчны төлөв байдлын тайланд дурдсанаар 

манай улсад жилд хуримтлагддаг хогны 50 хувийг цаас, шил, хөнгөн цагаан, төмөр, хуванцар зэрэг дахин боловсруулахад хамгийн хялбар хаягдал эзэлж буй ч үүнийхээ нэг хувийг нь ч “чулуу” болгож чаддаггүй. 

2016 онд гэхэд нийт хаягдлын 0.31 хувь нь л дахин боловсруулах үйлдвэрүүдэд очжээ. 2030 онд үүнийг 40 хувьд хүргэнэ гэсэн өөдрөг зорилт дэвшүүлж, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Ногоон хөгжлийн бодлого” зэрэг томоохон баримт бичигт ч энэ тухай тусгажээ. Үүнийг биелүүлснээр орчны бохирдол багасаж, хүн амын эрүүл мэнд, эдийн засагт ч эерэг өөрчлөлт гарна гэж үздэг. Энэ зорилтод хүрэхийн тулд хаягдлыг мөнгө болгох механизмыг бүхэлд нь буюу ангилан ялгах, нийлүүлэх, боловсруулах, хувиргах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх шат дамжлагыг одоогийнхоос илүү боловсронгуй, хялбар болгох шаардлагатай гэж мэргэжилтнүүд дүгнэж буй. Гэвч энэ механизмын хамгийн чухал хоёр нэгжийн үйл ажиллагаа доголдож эхэлснийг салбарынхан хэлэх боллоо.

Энэ талаар дэлгэрүүлье. Монголд хаягдал дахин боловсруулах чиглэлээр ажилладаг 23 үйлдвэр бий. Долоо нь улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг бол хоёр нь алдаг оног ажилладаг. Тэд нийслэлийн өрх, аж ахуйн нэгжүүдээс жилд гардаг 1.4 сая тонн хаягдлын 24 хувийг дахин боловсруулдаг. Бүрэн хүчин чадлаараа огт ажиллаж чаддаггүй тэдгээр үйлдвэрийн төлөөлөл өнгөрсөн зун БОАЖ-ын сайдтай уулзахдаа “Түүхий эдийн нийлүүлэлт зогсонги, импортын ижил төрлийн бүтээгдэхүүнд шахагддаг, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, урамшуулах бодлого дутагддаг, ажиллах хүчин хомс” зэрэг олон зовлон тоочоод “Төр, засаг энэ чиглэлд анхаарч, ямар нэг алхам хийхгүй бол алдаг оног үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүд ч мөдхөн хаалгаа барина” гэж “айлгаж” байсан. Төрийн “хайр халамж”, олон жилийн настай “Эко парк” төслийн үр шимийг удтал хүлээсэн дахин боловсруулах үйлдвэрүүд хүнд нөхцөлд байна. Үйлдвэрүүдийг дайрсан хямралын сүүдэрт хоёрдогч түүхий эдийн цэгүүд ч нэрвэгдэж, захаасаа дампуурч эхэлжээ.

ХБНГУ-д хатуу хог хаягдал боловсруулах чиглэлээр судалгаа хийж, магистр хамгаалсан Б.Чинзориг хэмээх залуу саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монголд хог боловсруулах технологи огт нутагшаагүй. Түүхий эдийн цэгүүд л дориун ажиллаж иржээ” гэсэн утга бүхий зүйл ярьсан байв. Үүний мөрөөр интернэт “ухаж” мэдээлэл цуглуулав. БОАЖЯ, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос гаргасан энэ чиглэлийн тайлан, судалгаатай танилцлаа.

Хаягдлыг баялаг болгон хувиргадаг гэдэг утгаараа дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд бид ач холбогдол өгдөг. Төр, засаг “харахгүй”, дэмжихгүй байна гэж байнга шүүмжилдэг. Харин хоёрдогч түүхий эд худалдан авдаг цэгүүдийн тухай ярихаараа суурьшлын бүстэй хэт ойрхон, байгаль орчин бохирдуулдаг, нүүлгэж шилжүүлэх шаардлагатай гэсэн асуудал хөнддөг. Бодит байдалд Улаанбаатарын хогийг дундлахад тэд хог хаягдлын асуудал хариуцсан төрийн захиргааны аль нэг байгууллага, дахин боловсруулах үйлдвэрүүдээс ч илүү нэмэртэй аж. Баримт дурдъя.

...Түүхий эд нийлүүлэгчдээс зөвхөн хуванцар авдаг хятадын дөрөв, Монголын найман үйлдвэр 2017 онд нийслэлд үйл ажиллагаа явуулж байв. Гэвч өмнөд хөрш 2017 оны сүүлчээр “Ирэх онд 25 төрлийн хаягдал импортлохыг хориглоно” гэж мэдэгдсэн. Ингээд тэд 2018 оноос хуванцар хүлээж авахаа больсон. Хуванцар хаягдлынхаа зонхилох буюу 90 орчим хувийг Хятад руу экспортолдог манай улсын бизнес эрхлэгчдийн хувьд энэ нь тун эмзэг шийдвэр байсан юм. Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан, манайдаа томоохонд тооцогддог “Жин Хун Руй” үйлдвэр гэхэд нийслэл, орон нутгаас түүхий эд нийлүүлдэг 12 цэгтэй түнш байжээ. Бусад үйлдвэрийн “ард” ч багадаа түүхий эдийн 5-7 цэг бий аж...

Дахин боловсруулах боломжтой хог хаягдлын 60-70 хувь нь хоёрдогч түүхий эдийн цэгээр дамжиж, баялаг болох шат дамжлага руу шилждэг гэж БОАЖЯ-ны Байгаль орчны төлөв байдлын тайланд дурджээ. Боловсруулах үйлдвэрүүдийн мэдэлд очдог (нийт хаягдлын 24 хувь) хогны 15 хувь нь ч түүгээр дамждаг гэнэ. Энэ бол манай улс дахь түүхий эд худалдан авах цэгүүд хэр үр дүнтэй ажилладгийн нотолгоо. Гэхдээ энэ 2016 оны үзүүлэлт. Одоо нөхцөл байдал эрс өөр болсон гэнэ.

Түүхий эд худалдан авч төвлөрүүлдэг цэгийн тоо ч багассан, үйл ажиллагаа нь ч хумигджээ. Тэр хэрээр тэдний гүйцэтгэх үүрэг багассан гэсэн үг. 2010, 2011 оны үед хотын удирдлага нийслэлийн хогийг багасгаж, энэ төрлийн бизнес эрхлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорилгоор хоёрдогч түүхий эдийн цэгийг олшруулах бодлого баримталж байж. Үүний үр дүн ч дорхноо гарч, 2014 онд зөвхөн нийслэлд энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй цэг бий болжээ. Үүнээс хойш нийслэлийн хүн амын тоо 300 орчим мянгаар өсөж, жилд “үйлдвэрлэдэг” хаягдлын хэмжээ ч 500 тонноор нэмэгджээ. Зах зээлийн энэ зүй тогтлоор бол хоёрдогч түүхий эдийн цэг улам олон, завгүй болсон байх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд ашигтай ажиллах боломж бүрдсэн. Гэвч ачир дээрээ эсрэгээрээ байна.

2018 оны эхний улиралд нийслэлд 200 хүрэхтэй үгүйтэй цэг ажиллаж байсныг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тайланд дурджээ. Үүнээс хойш хэд нь хаалгаа барьж, үйл ажиллагаагаа зогсоосон нь тодорхойгүй.

Хоёрдогч түүхий эд худалдан авч төвлөрүүлдэг цэгүүдийн үйл ажиллагаа юунаас болж хумигдаж, яагаад олноороо хаалгаа барихад хүрэв. Хамгийн гол шалтгаан нь дахин боловсруулах үйлдвэрүүд хямарч, дампуурсантай холбоотой. Хоёрдугаарт, өмнөд хөршийн бодлого ч тодорхой хэмжээнд нөлөөлжээ.

Хоёрдогч түүхий эд нийлүүлдэг цэгүүд хуванцар, төмөр, шил голчлон авдаг. Ялангуяа хуванцар хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн нь. Түүхий эд нийлүүлэгчдээс зөвхөн хуванцар авдаг хятадын дөрөв, Монголын найман үйлдвэр 2017 онд нийслэлд үйл ажиллагаа явуулж байв. Гэвч өмнөд хөрш 2017 оны сүүлчээр “Ирэх онд 25 төрлийн хаягдал импортлохыг хориглоно” гэж мэдэгдсэн. Ингээд тэд 2018 оноос хуванцар хүлээж авахаа больсон. Хуванцар хаягдлынхаа зонхилох буюу 90 орчим хувийг Хятад руу экспортолдог манай улсын бизнес эрхлэгчдийн хувьд энэ нь тун эмзэг шийдвэр байсан юм. Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан, манайдаа томоохонд тооцогддог “Жин Хун Руй” үйлдвэр гэхэд нийслэл, орон нутгаас түүхий эд нийлүүлдэг 12 цэгтэй түнш байжээ. Бусад үйлдвэрийн “ард” ч багадаа түүхий эдийн 5-7 цэг бий аж. Гэтэл дээрх шийдвэртэй холбоотойгоор хятадын дөрвөн үйлдвэр бүгд үйл ажиллагаагаа зогсоосон аж. Тэднийг дагаад түүхий эдийн олон олон цэг ажилгүй болсон нь гарцаагүй. Манай үйлдвэрүүдийн үйл ажиллагаа ч зогсонги байдалд орсныг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гүйцэтгэх захирал П.Цэндмаа хэллээ.

Ингээд бусад төрлийн хог хаягдалтай харьцуулахад зах зээлийн эргэлт сайтай, дахин боловсруулахад хялбар, эрэлттэй гэдэг хуванцар ашиггүй бараа болон хувирчээ. Түүхий эдийн цэгүүд “тэжээгч”-ээ алдсан аятай хямралтай байна. Уг нь тэд нийслэлийг хогноос ангижруулах хамаг гол ажлыг нь нугалдаг, тэр дундаа хуванцрын аюулаас биднийг бага ч болтугай холдуулдаг байв.

Бэлтгэсэн: Ж.Сувд


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)